УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэхэд хуулиа өөрчлөх шаардлагатай

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтийг сонслоо.

Халдашгүй байдлын дэд хороо нь Ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас ирүүлсэн УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал, УИХ-ын гишүүн Д.Гантулгаас ирүүлсэн бүрэн эрхээ түдгэлзүүлэх хүсэлтийн дагуу дөрөв хоногийн өмнө хуралдсан байна. Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг судалж үзэхэд одоогийн байдлаар хууль эрх зүйн хүрээнд асуудлыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн аж. Иймд УИХ-ын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалтай холбогдуулж хууль, эрх зүйн орчныг нэн даруй тодорхой болгох саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон болохыг Ц.Нямдорж сайд хэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг бол УИХ-ын танхимд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, үндэс язгуураа хамгаалах эрх юм. Түүнээс биш гэмт хэрэг үйлдсэнээ халдашгүй эрхэн дор халхавчил гэсэн үг биш. Энэ бол хоёр талтай. Улс үндэстнийхээ төлөө эр зоригтой бай гэж УИХ-ын гишүүнд халдашгүй эрхийг нь өгдөг юм” гэсэн байр суурьтай байлаа.

/МОНЦАМЭ/.

сэтгэгдэл үлдээх