Хөрөнгийн биржийн арилжааны дүн нэг их наяд төгрөгт хүрэх магадлал өндөр байна

Хөрөнгийн бирж давхар бүртгэлийн анхны компанийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээд байна. Компаниуд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зарлан хуралдуулах хугацаа энэ сараар дуусгавар болох юм.

Тодруулбал нэгж хувьцаанд хичнээн төгрөгийн ногдол ашиг тараахаа компаниуд олон нийтэд мэдээлж, 2017 оны санхүүгийн  жил отголж байна.  Хөрөнгийн зах зээлд  2018 он гарсаар шинэ бүтээгдэхүүний нэр, төрөл нэмэгдэж, нааштай эерэг өөрчлөлт цөөнгүй гарч байна. Тухайлбал, хэд хэдэн компани хувьцаагаа хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах бэлтгэл ажилдаа орж, хөрөнгө  оруулагчдад санал болгохоор зэхэж буй аж.

Тухайлбал, “Ард санхүүгийн нэгдэл” болон түүний бүрэлдэхүүн компани болох “Ард даатгал”, “Ард Кредит” хувьцаагаа хөрөнгийн бирж дээр бүртгүүлэх буюу IPO хийхээр төлөвлөж байгаа аж. Энэ талаар тус компаниас тодруулахад уг мэдээллийг үгүйсгэсэнгүй. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн нэгж хувьцааны үнэ өнгөрсөн онд 2900 төгрөгт хүрч, үнэлгээ нь эрс нэмэгдсэн. Он гарсаар  өсөлттэй хэвээр байгаа.  Компанийн үнэлгээ өсөх хэрээр хувьцаа эзэмшигчид хожиж байдаг. Энэ утгаараа богино хугацаанд хувьцааны өгөөж нэмэгдэж буй юм. Монголын Хөрөнгийн бирж дээр оны өмнө “Хөрөнгө оруулагч үндэстэн” компани хувьцаагаа нээлттэй гаргасан. Арилжааны цан цохих тэр мөчөөс эхлэн “Хөрөнгө оруулагч үндэстэн” гэсэн шинэ бүтээгдэхүүн биржийн “лангуу”-г эзэлж, хөрөнгө оруулагчдын хараанд илүү өртөж эхэлсэн. Тэгвэл “Ард санхүүгийн нэгдэл” болон “Хөрөнгө оруулагч үндэстэн” нэгдэх байдлаар хувьцаа гаргахаар төлөвлөж буйг эх сурвалж өгүүлж байна. Өөрөөр хэлбэл “Ард даатгал” компани энэ онд хувьцаа гаргаж, IPO хийвэл даатгалын компани хөрөнгийн зах зээлд гарсан анхны тохиолдол болно.

“Ард даатгал” компанийн ТУЗ өнгөрсөн сард хуралдаж, 2017 оны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилахаа мэдэгдсэн. Тус компани өнгөрсөн онд 1.12 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд үүнээс 50 хувийг нь буюу 536 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр хуваарилах аж. Ингэснээр нэгж хувьцаанд 367.5 төгрөгийн өгөөж ногдож байна. 

Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан 2017 оны тайлангаас харахад, даатгалын салбарын хөрөнгийн хэмжээ 23.8 хувиар өсч, 43.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Ердийн даатгалын компаниудын нийт хөрөнгө салбарын нийт хөрөнгийн 79.1 хувийг эзэлж байгаа аж.

Сүүлийн 27 жилийн хугацаанд 20 гаруйхан компани IPO хийсэн байдаг. Тэгвэл энэ онд нэлээн хэдэн компани хувьцаагаа олон нийтэд арилжаалах нь. Эхний түүчээг "Ард"-ын бүтээгдэхүүнүүд эхлүүлэхээр эрэмбэлэгдэж байна. Монголын Хөрөнгийн бирж өнгөрсөн онд буюу 26 жилийн түүхэндээ анх удаа 859.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн. Харин энэ онд биржийн арилжааны дүн нэг их наяд төгрөгт хүрэх магадлал өндөр байна. 

Б.Заяа

сэтгэгдэл үлдээх