ТЕРРОРИСТУУДАД ХИМИЙН ЗЭВСЭГ НИЙЛҮҮЛЖ БАЙНА ГЭЖ МЭДЭГДЖЭЭ

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ, Их Британи, Франц улс хожим нь Сирийн эрх баригчдын хийсэн үйлдэл хэмээн буруутгах үүднээс террористуудад зориуд химийн зэвсэг нийлүүлж байна гэж НҮБ-д суугаа Сирийн байнгын төлөөлөгч Башар Жаафари даваа гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Сирийн нөхцөл байдлыг хэлэлцэх хуралдаан дээр мэдэгджээ.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, "Нэгдсэн вант улс болон Францын эрх баригчид Сирийн засгийн газар ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэж байна хэмээн гүтгэн харлуулах мэдээлэл түгээх кампанит ажиллагаа явуулж байгаа тухай албан захидлыг бид зургаан жилийн өмнө НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд танилцуулсан билээ. Ингэснээрээ тэд террорист бүлэглэлүүдэд химийн зэвсэг өгөх нүх сүв үүсгэж, дараа нь Сирийн засгийн газар ийм зэвсэг хэрэглэсэн хэмээн мэдэгдэх боломж бүрдүүлсэн” гэж Сирийн төлөөлөгч тэмдэглэсэн байна.
 
Түүний хэлснээр, янз бүрийн цаг үед Гута, Хан-Шейхун болон Дума хотод өрнөсөн хэрэг явдал нь ийм хандлагыг хэрэгжүүлсэн жишээ болох ажээ.
 
“АНУ, Их Британи, Франц нь Сирийн эрх баригчид химийн зэвсэг хэрэглэсэн тухай хуурамч баримтуудыг үндэслэл болгон Аюулгүйн Зөвлөлийг удаа дараа хуралдуулж байсан нь тохиолдлын зүйл биш юм. Чухамхүү эдгээр улс л энэ хямралд аль болох олон улсыг татан оролцуулахыг чармайж байна” гэж Башар Жаафари онцлон тэмдэглэв.

Лу.Батбаяр

сэтгэгдэл үлдээх