Ц.ГЭРЭЛМАА: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ЭНЭ ЖИЛ ТОМОГРАФФ АППАРАТТАЙ БОЛНО

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаатай 2018 оны эрүүл мэндийн салбарын бодлого чиглэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийнх нь талаар ярилцлаа.

-Юуны өмнө танд саяхан болж өнгөрсөн Дэлхийн эмч нарын баярын өдрийн мэндийг хүргэе. Манай аймгийн хувьд энэ өдрийг хэрхэн тэмдэглэв?
-Баярлалаа. Манай салбарын хувьд энэ өдрийг хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг оюун, авъяас чадвар, хүч хөдөлмөр, бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа нийт эмч мэргэжилтэн, ажилтан ажиллагсаддаа чиглэсэн болоод тэдний ажил үүргийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах олон үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг. Энэ ч утгаараа “Хишиг өдөр” арга хэмжээг энэ жил хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Мөн сувилагч, тусгай мэргэжилтнүүд маань урлагийн тоглолтоор эмч нартаа бэлэг барьсан байгаа.

-Таны хувьд ажлаа хүлээж аваад даруй хоёр жилийг ардаа үдсэн байна. Энэ хугацаанд хийсэн томоохон ажлуудаасаа дурдвал?  

-2016 онд ажлаа хүлээж авсанаас хойш аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт “Эрүүл мэнд-Хөдөлгөөн хөгжил” гэсэн дэд хөтөлбөрийг батлуулж, энэ хүрээндээ “Бие эрүүл Хэнтийчүүд”, “Элэг бүтэн Хэнтийчүүд” хөдөлгөөний өрнүүлсэн. Тус хөдөлгөөн 2017 оны Эмч нарын баярын өдөр нээлтээ хийж байлаа. Бид нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүний нөөц, тоног төхөөрөмж, санхүү зэрэг найман үндсэн чиглэлээр дунд хугацааны стратегийн хөтөлбөрөө боловсруулж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлээд явж байна.

Төрөөс барих эрүүл мэндийн бодлого, манай салбарын стратегийн хөтөлбөрийн хамгийн тэргүүлэх гол ажил нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ байдаг. Өнгөрсөн онд “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг буюу өвчний хүндрэлээс сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлийг тэргүүлэх чиглэлээ болгож ажилласан. Үүний үр дүнд 2017 онд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг улсын хэмжээнд 73,1 хувьтай хэрэгжүүлж, хоёрдугаар байранд орсон амжилт гаргасан. Мөн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний дүнгээр улсын хэмжээнд 70-аас дээш хувьтай үнэлэгдсэн таван аймгийн нэгээр  шалгарсан. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэснээрээ эмнэлгийн тусламж үйлчилгээний  ачаалал буурах ач холбогдолтой. Тиймээс бид энэ чиглэлд ач холбогдол өгч ажиллаж байна.

-Сумдын Эрүүл мэндийн төвүүддээ чиглэсэн  ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

-Сумын Эрүүл мэндийн төвүүдийн тэргүүлэх чиглэл нь мөн л нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ байдаг. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хамгийн чухал шаардлагатай техник хэрэгсэл болох түргэн тусламжийн авто машины парк шинэчлэлийн хүрээнд 2017 онд аймгийн хэмжээнд есөн сумыг авто машинаар хангасан. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд улсын төсвөөс 17 сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмжийг аймгийн Засаг дарга, Хэрлэн сумын Засаг дарга болоод Чингис хотын захирагч нар шийдвэрлэж өгөөд байна. Ингэснээр иргэд маань хамгийн ойр эрүүл мэндийн төвөөсөө эмнэлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй авах, үйлчүүлэх боломжоор хангагдаж байгаа юм.

-Хэнтий аймгийн Эрүүл мэндийн салбарт олон дэвшилт гарч байна. Ойрын хугацаанд хийгдэх томоохон ажлууд юу байгаа вэ?

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилга шинээр ашиглалтад орсон. Энэ бол манай салбарын хувьд маш том дэвшилт. Аймгийн төвийн Эрүүл мэндийн байгууллагуудын барилгын 90 хувь нь шинэчлэгдээд байна. Цаашдаа үлдсэн Эрүүл мэндийн төвүүд, сумдын  эмнэлгүүддээ засварын ажлыг хийж гүйцэтгэнэ. Бид иргэдийнхээ тав тухтай үйлчлүүлэх, ажилтнуудынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийг сайжруулах, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах, хөдөлмөрийн үнэлэмжийг нь  дээшлүүлэх, нийгмийн байдалд нь дэмжлэг үзүүлэх ажлуудыг шат дараатайгаар шийдвэрлээд явж байна. Тодорхой хэмжээнд зарим ахиц дэвшлүүд гарсаар байгаа.

Мөн 2018 онд манай Нэгдсэн эмнэлэг Томографф аппараттай болохоор Улсын төсөвт суугдсан. Тиймээс удахгүй иргэд маань Улаанбаатар хотыг зорих шаардлагагүйгээр цаг зав, мөнгө санхүүгээ хэмнэж, орон нутагтаа чирэгдэлгүй үйлчлүүлэх боломж бүрдэх юм. Үүнээс гадна Эрүүл мэндийн тухай хуулиндаа хөдөө орон нутаг болон өрхийн эрүүл мэндийн төвд ажилладаг эмч мэргэжилтнүүд гурван жилд нэг удаа зургаан сарын сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд таван жилд нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах заалттай байдаг. Харин аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын сувиллыг Баян-Овоо сумын Гүрмийн нууранд байгуулахаар заалт орсон. Энэ заалтын дагуу бид  сувилал байгуулах газрын асуудлыг шийдвэрлээд байна. Дараагийн шатанд бид сувиллын барилгын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

сэтгэгдэл үлдээх