Ж.Сандагсүрэн: Сонгинохайрхан дүүргийн хоцрогдлыг арилгахын тулд ЧАДАХ БҮХНЭЭ хийнэ

Дүүргээр сонин сайхан юу байна вэ  ярилцлагын зочноор Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнг урилаа. 1,4 сая хүн амтай метрополитик хотын хамгийн том газар нутаг, хамгийн их хүн амтай, ядуурал, ажилгүйдэл, агаар, хөрсний бохирдол ихтэй гээд энэ дүүргийг бараан мэдээ тодорхойлох нь түгээмэл байдаг. Харин Ж.Сандагсүрэн дарга муу бүхнийг сайн болгох гэж, муухай бүхнийг гоё, сайхан болгох их ажилд ханцуй шамлан орсноос хойш хоёр жил шахам болж байна. Эх орны ирээдүй болсон хүүхэд залуучуудын сайн сайхан амьдралын төлөө, өөрийн ухаан, төрийн бодлогыг хослуулан зүтгэж яваа залуу түшээ гэдгээрээ бусад дүүргийн дарга нараас онцлогтой билээ. Ингээд дүүрэг, хорооны хөгжил, хүн амын бодлогын талаар ярилцсанаа хүргэе.

-Хэдийгээр урин дулаан цаг эхэлж, ичигсэд хөдөлсөн сайхан цагийн эхлэл ч гэсэн хур тунадас орж, салхины ирч чангарсан өдөр тантай ярилцаж байна. Сайхан хаваржиж байна уу. Том дүүргийг удирдаж байгаа хүнд цаг зав тун бага гардаг байх. Малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн гээд Нийслэлийн онцгой комиссын анхаарлын төвд орчихлоо. Яг одоо нөхцөл байдал ямар байна вэ?

Сайхан хаваржиж байна. Ойрдоо цаг агаар жаахан хүйтрэх төлөвтэй байна. Өвөлдөө цас их унасан учраас мал төллөх үеэр хүнд байлаа. Хорогдол нэлээд гарсан.  Гурван сард сайхан дулаарч, цас ханзраад, мал идэх өвстэй болж, малчдын сэтгэл санаа уужирлаа. Одоо орж байгаа цас бол “эм” шүү дээ. Газрын гарцад нөлөөлж, эрт ногоо иднэ гэсэн үг. Сонгинохайрхан дүүрэгт 70 гаруй мянган толгой мал байна. Нийслэлийн хэмжээнд мал, мал бүхий иргэд байх зөвшөөрөлтэй хоёр хороо манай дүүрэгт байдаг. Зүүн болон төвийн аймгуудыг хамарсан малын гоц халдварт шүлхий өвчин нэлээд дэгдсэн. Энэ нь хотын төв рүү хүртэл ирсэн нь харамсалтай. 31 дүгээр хороо орчмын нэг айлын таван үхэрт шүлхий өвчин илэрч, хөл хорио тогтоогоод байна.  Дүүрэг болон нийслэлийн онцгой комиссоос хорио тогтоож, мал оруулахыг таслан зогсоогоод шинжилгээ, дүгнэлт хийсэн. Үүнийг Тагнуулын байгууллага болон шинжилгээний холбогдох байгууллагууд шалгаад эзнийг нь тогтоож, хариуцлага тооцож байгаа. Тэр бүс нутагт 100 гаруй хүн, 4000 гаруй мал амьтан байгаа идэвхтэй бүсэд дэглэм тогтоогоод ажиллаж байна.

-Буруутай этгээдийг олж тогтоосон уу. Ийм зөрчил гаргасан иргэнд ямар хариуцлага тооцдог юм бэ?

Хэлж, сануулсаар байтал нууцаар мал оруулж ирээд шүлхий тараасан. Үүнээс нь үүдэн  улсад их хэмжээний хохирол учруулж, зардал гаргасан. Гэтэл өөрсдөө 100-хан мянган төгрөгөөр торгуулаад л болчихдог. Төр төмөр нүүрээ харуулаад, харуулаад 100 мянган төгрөг. Гэтэл 40 гаруй сая төгрөгийн хохирол учирч байна. Дахин малын вакцин хийгдээгүйгээс үүдсэн хэрэг гарсан тохиолдолд тухайн малчин бүх зардлыг гаргах хууль батлагдсан. Энэ оны зургаан сараас эхлэн мөрдөгдөж эхэлнэ. Тэр болтол сая дурдсан зөрчилтэй иргэнд холбогдох хариуцлага хүлээлгэнэ.

-Малын шүлхий, вакцинжуулалттай холбоотой улсын онцгой комисс хуралдаад “улсын баруун болон зүүн аймгуудаас малыг амьдаар нь худалдаалах, хөлөөр нь оруулахгүй байх” тал дээр түлхүү ажиллаж байгаа?

Хотын даргын захирамжаар түүхий эд худалдаалах, малын дайвар бүтээгдэхүүн борлуулах, нядлах цэгүүдийг хотын төвд байлгахгүй гэсэн чиглэл өгч байгаа. “Хархорин”, “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хүчит шонхор” гээд бүхий л худалдааны захууд түүхий мах худалдаалж байгаа. Тэдгээрийг хаана. Үнэндээ хот болон нийтийн эзэмшлийн бүсэд мал тууварлаад явж байна гэдэг байж болохгүй ойлголт. Тэгэхээр энэ бүсийг малгүй болгоно гэдэг нь маш зөв шийдвэр. Зөвхөн фермийн, эрчимжсэн мал аж ахуйг буюу бэлчээрлэж явдаг мал аж ахуйг хотын аль ч хэсэгт байлгахгүй гэж үзэж байгаа. Фермийн гэдэг нь зориулалтын хашаанд байрласан, зориулалтын өвс тэжээлээр хангасан малын сүү болон дайвар бүтээгдэхүүн, хүнсний хэрэглээндээ хэрэглэдэг болно гэсэн үг.

-Сонгинохайрхан дүүрэгт 70 гаруй мянган мал байдаг гэж дээр дурдсан. Тэгэхээр эдгээр малыг ч нийслэлээс нүүлгэнэ гэж ойлгож болох уу?

Гэр хороолол шигүү байрласан нэг үгээр алслагдсан хороодын иргэд нэг айл, хоёр үхэртэй байх тохиолдол байдаг. Тийм өрхүүд байхгүй болно гэсэн үг. Хувийн мал аж ахуйгаа фермийн мал аж ахуй болгохыг санал болгоно гэсэн үг. Манайд фермийн журмаар мал өсгөж байгаа айл өрхүүд бий. Үүний л нэгэн жишээгээр бусад өрхүүдийг ч энэ аргад суралцуулна. Ингэснээр малын гаралтай бүтээгдэхүүний чанар өсөж, эрүүл аюулгүй байдалд ч эерэг нөлөөтэй гэж үзсэн учраас бид ийм шийдвэрт хүрсэн.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ БУСАД ДҮҮРГЭЭСЭЭ 25 ЖИЛЭЭР ХӨГЖЛИЙН ХОЦРОГДОЛД ОРСОН

-Хамгийн их хүн ам, газар нутагтай дүүрэг. Хүн амын өсөлтөө дагаад ажилгүйдэл ядуурал гэдэг том асуудал байна. Танай дүүрэг хичнээн мянган хүнтэй, ажилгүйдлийн түвшин ямар байна вэ? Мэдээж дарга бүрийн хариуцлага нь иргэдээ ажилтай болгох. Та ажил авснаасаа хойш хичнээн иргэнийг ажилтай болгосон вэ?

Манай дүүрэг 322 мянган хүн амтай. 205 мянга орчим ажил хөдөлмөр эрхлэх насны идэвхтэй хүн байдаг. 3000 гаруй хүн албан ёсоор ажилгүй гэдгээ бүртгүүлсэн. Ажил аваад хоёр жил орчим болж байхад 4500 орчим хүн ажилтай болсон байна. Гэтэл нөгөө ажил хайж байгаа иргэдийн тоо 3000-аас хэтрэхгүй, яг л нэг түвшинд байна. Ийм байж болохгүй. Бид зөвхөн ажил хайж байгаа хүнийг л ажилгүй гэсэн буруу ойлголттой явсаар л байна. Гэтэл цаана нь яаж ажилтай болох вэ, ажил олдвол хийчих юмсан гэсэн сэтгэлтэй иргэд олон бий. Нөгөө талд нь хэнээс ч ажил гуйлгүйгээр өөрийнхөө амьдралыг аваад явдаг таксины жолооч, тэрэгчин гээд янз бүрийн хүмүүс байгаа. Ингээд бодохоор манай улс ажилгүй иргэдийнхээ тоог яг цав гаргаж чадахгүй байнауу даа гэж харж байгаа. Бид өөрсдөө судалгаа явуулж байгаа. Хэдэн хүн НДШ төлөлгүйгээр ажил хийж мөнгө олж байна. Хэдэн хүн ажилгүй гээд сууж байна. Хэд нь хөдөлмөр эрхлэлтийн газартаа бүртгүүлсэн байна вэ гэдгийг нь нарийн гаргана.

-Таны зөв. Танайд чинь жижиг дунд бизнес эрхлэгч хэр идэвхтэй вэ? Одоо гэрээрээ юм хийж өрхийн орлогоо нэмэгдүүлдэг өрхийн тоо олон болоод байгаа...

-Бид өрхийн бизнесийг дэмжиж байгаа. Зээл олгох болон старт апп хэлбэрээр дэмжлэг үзүүлж байна. Мөн дүүргийн бренд бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж байна.  Өнгөрсөн жил 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Энэ жил мөн 10 газрыг дэмжинэ. Нэг хүн юм хийхэд цаана нь дөрвөн хүн ажилтай болж байгаа гэхээр дэмжихээс өөр аргагүй.

Сонгинохайрхан дүүрэг улсаас татаас авдаг. УИХ-д олон гишүүн суудаг учраас улсын төсвийн хөрөнгөөр овоо юм хийгдсэн байх. Дүүрэг хорооны хөгжил цэцэглэлт ямар байна вэ?

Татаас авна гэдэг чинь муу үзүүлэлт. Сүхбаатар, Баянгол дүүргүүд улсаас татаас авалгүйгээр бие даасан санхүүгээр өөрийгөө аваад явдаг бол манайх тийм биш.Гэтэл олон нийтийн дунд Сонгинохайрханыхан залхуу, Сүхбаатар, Баянголынхон хөдөлмөрч гэж ойлгоод байх шиг. Яг үнэндээ  1992 онд Сонгинохайрхан дүүргийг байгуулахдаа хөгжил цэцэглэлт багатай, гэр хороолол хөгжих боломжтой байхаар хуваачихсан юм. Манайд “ӨНӨР ХОРООЛОЛ”, нэгдүгээр хорооллоос өөр дэд бүтэц байхгүй. Замын урд талын захыг тэр чигт нь Баянгол дүүрэгт шилжүүлсэн. Таван шарын үйлдвэржсэн бүс ч өөр дүүргийнх. Ний нуугүй хэлэхэд ямар ч хөгжилгүй, задгай газар. Ядаж л том худалдааны төв захуудаас авах татвар, төрийн байгууллагуудаас авдаг тэмдэгтийн хураамж байхгүй учраас улсаас мөнгө өгөхөөр болсон. Тэр нь төрийн албан хаагчдын цалин, хог, тог цахилгааны мөнгөнд таардаг. Эдийн засаг нь ийм хязгаарлагдмал учраас дүүргээс дур мэдэж, замаа шинэчлэх, шинэ сургууль цэцэрлэг барих, халамж олгох ямар ч боломжгүй.  Энэ хэлбэрээр 26 жил амьдарчихсан учраас бусад дүүргээс хөгжил муу байх нь ойлгомжтой. Бусад дүүргийн захиргааны барилгыг харьцуулаад үз. Өндөр өндөр барилгууд сүндэрлэж байхад, манайх гурван давхар хуучны байшиндаа л байна. Энэ байдлаас гаръя гэсэн санаачлага гаргаад эдийн засгийн форум ч зохион байгууллаа. Гишүүдэд, хотын удирдлагуудад ч хэлсэн. Нэг үеэ бодвол анхаарч байна. Шахаж шаардаж, нэхсэний дүнд энэ жил өмнөхөө бодвол арай гайгүй төсөв батлуулсан. Гэхдээ 26 жилийн хоцрогдлыг нөхөх хэмжээний, хангалттай төсөвтэй болоход цаг хугацаа хэрэгтэй.

-Энэ байдлыг засахгүй бол Монгол улс цаашдаа хөгжлөөрөө хоцрогдсон дүүрэгтэй болж, дэлхийд гайхагдаж магадгүй. 25 жилийн хоцрогдлыг нөхөхийн тулд төрөөс юун дээр анхаарвал зохилтой гэж та боддог вэ?

Даруйхан энэ дүүргийг хөгжүүлэхгүй бол таны ярьдаг шиг хоцрогдсон, хөгжилгүй хэвээр үлдэнэ. Дүүрэгт заавал их хэмжээний мөнгө өгөх шаардлагагүй. Гэр хорооллыг нь бүсчилж аваад тохижуулчихад л хангалттай. Сургууль цэцэрлэг, хорооны шинэ барилга барьж дэд бүтцэд холбоход асуудал шийдэгдэнэ. Нийслэлийн хэмжээний дүүргүүдээ адилхан хөгжилтэй болоход нь анхаарах хэрэгтэй.

УИХ-ын гишүүдийн дэмжлэг оролцоотойгоор нэлээд бүтээн байгуулалтын ажил хийгдэх нь ээ?

Өнгөрсөн жил төсөв хүнд байсан учраас бүтээн байгуулалт бараг хийгдээгүй. Энэ жил гурван өргөтгөл, зургаан сургууль, 9 цэцэрлэгийн барилга баригдана. Гэхдээ он дамжина. Эрүүл мэндийн төв, хүүхдийн эмнэлгийн барилга, Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 7 сая еврогийн гэрэлтүүлгийн ажил хийгдэнэ.  Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудыг хоёр ээлжтэй болгох зорилттой ажиллаж байгаа. Энэ хүрээнд манайд найман сургууль гурван ээлжтэй байсныг долоо болгосон. Гурван ээлжээр хичээллэж байгаа нь ч гэсэн байх ёстой хязгаараа давчихсан, хүнд нөхцөлд байгаа. Цэцэрлэгийн хангамж 85 хувь байх ёстойгоос одоо 65 хувьтай байна.

Дүүргээс сонгогдсон гишүүд, НИТХ-ын төлөөлөгч нар хувийн хөрөнгөөрөө цэцэрлэг барьсан. Гэртээ цоожлогддог байсан жаалууд цэцэрлэгтэй болсон нь сайн жишиг шүү?

Дүүрэгт ашиглагдахгүй байгаа зарим барилгууд, жишээлбэл халуун усны байрууд бий. Эдгээрийг мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулаад ашиглах боломжтойг нь цэцэрлэг болгож байна. 10 цэцэрлэг барилаа гэхэд 2000 хүүхэд хамрагдана. Цаана нь 10000 хүүхэд цэцэрлэггүй, гэртээ цоожлуулж байна. Хойтон ахиад 10 баригдана гэхэд 2000 нь хамрагдаад 8000 нь үлдэнэ. Энэ маш харамсалтай тоо. Зарим нь хүүхдүүдийн тоог 300 хүртэл болгож өргөтгөж байгаа ч бүгдийг нь цэцэрлэгт хамруулж чадахгүй байна. Ийм учраас хувийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг барих аян өрнүүлсэн. Энэ саналыг УИХ-ын гишүүд маань дэмжиж, Ц.Гарамжав, Д.Сумъяабазар, Х.Нямбаатар, Н.Учрал нарын гишүүд хувийн хөрөнгөөрөө цэцэрлэг барьсан. Н.Учрал гишүүний бариулсан цэцэрлэгт дандаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулдгаараа онцлогтой байх жишээний. Би Засаг даргын хувьд нэг цэцэрлэгийн өргөтгөлийг бариуллаа. 240 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 130 гаруй хүүхдийн цэцэрлэг 30 дугаар хороонд барьсан. Ингэж л хувийн байгууллагуудыг дэмжихгүй бол улсын хөрөнгө оруулалтаар олон цэцэрлэг барих боломжгүй юм.Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүд гэртээ цоожлогдож үлдээд байна. Маш олон эрсдэл дунд амьдарч байна. Бид хүүхдийн сайн сайхны төлөө маргаашаа зориулах ёстой

-Утаа, агаарын бохирдлын асуудал бол хэзээ ч мартагдах ёсгүй сэдэв. Өнгөрсөн онд танай дүүрэгт хичнээн мянган айл яндангаасаа салав. Энэ асуудалд дүүргийн зүгээс ямар санаачлага гарган ажиллав?

2016 оны наймдугаар сард ажлаа хүлээж аваад хамгийн түрүүнд анхаарсан зүйл бол жирэмсэн эх, бага насны хүүхдүүдийг агаар, орчны бохирдлоос хамгаалах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрч амны хаалт зүүх, эмнэлэг болон, сургууль цэцэрлэгийн орчинд дотоод орчны агаар цэвэршүүлэгчтэй болгох гэсэн санаачилгыг эдийн засгийн хямралтай байсан ч гэсэн өөрийн боломжоо ашиглан эхлүүлсэн. Санаж байгаа бол намайг хүүхдээ өргөөд яв, битгий газар гишгүүл гэлээ гээд сошилоор баахан шуугисан. Дүүргийн хэмжээнд утаа гаргадаггүй түлш түлдэг гэр хорооллын жишиг гудамж бий болгохоор зорьж байна. Яндан бууруулах чиглэлээр бол томоохон аж ахуй нэгжүүдийгээ дулааны шугамд холбох ажлыг эхлүүлсэн. Иргэд өөрсдөө санаачлаад янз бүрийн арга хэрэглэж байгаа ч нийтээрээ хамрагдчихмаар тийм оновчтой сонголт одоохондоо алга. Агаарын бохирдолд ганц дүүрэг анхаарлаа хандуулснаар буурчих зүйл биш. Улс даяар нүүрлэсэн энэ гамшигт иргэн бүр идэвхийлэн оролцох нь чухал. Томоохон аймгийн төвүүд ч  бас Улаанбаатараас дутахааргүй утаатай болчихож. Ингээд бодохоор  аюул газар авчээ гэж ойлгохоос өөр аргагүй байна.

Өвөлжин анхаарлын төвд байсан нэг асуулт байна. Танай дүүргийн 32-р хороо, Эмээлт орчимд Хятад иргэд олон тоогоор оршин сууж, малчдаас мал авч хэрцгийгээр хядаж, цусыг нь урсгасан зүйл болсон. Үүнд та дүүрэг удирдаж байгаа хүний хувьд ямар арга хэмжээ авч ажилласан бэ?

Засгийн газраас малын махыг экспортлох арга хэмжээ авч, энэ хүрээнд БНХАУ-руу дулааны аргаар боловсруулсан мах л гаргаж байгаа. Ийм хэлбэрээр мах гаргах зөвшөөрөл бүхий компани бол ЭМЭЭЛТ захад байгаа. Адууг маш хэрцгий аргаар нядалж, цусыг нь урсгасан хэрэг удаа дараа гарсан. Иргэд ч их бухимдалтай байсан. Дүүргийн мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаас хамтарсан баг гаргаж тэнд ажиллуулсан. Үнэхээр цус урссан нь үнэн. Гарсан зөрчлийг арилгууллаа гэсэн дүгнэлт надад өгсөн. Зөвшөөрөгдсөн хэмжээнд малаа нядалдаг л байх ёстой. Сая хотын даргын шийдвэрээр ерөнхийд нь байхгүй болгох санал гарлаа. Дараа жил Эмээлтэд ахиж малын цус урсахгүй байх.

-Хэд орчим хятад иргэн 32-р хороонд амьдарч, махны ченж хийдэг юм бэ?

Манайхны бизнесийн нэг нийтлэг жишиг нь ОХУ юм уу, БНХАУ-ын мөнгөтэй хүнтэй хамтрах. Сүүлийн үед Япон, Солонгос гэх болж. Монголчууд өөрсдөө гар дээрээ бэлэн мөнгөтэй хүн ховор байна. Монгол талтай хамтарсан Хятад хөрөнгө оруулагчид байхыг үгүйсгэхгүй. Амьдарч байна гэдэг нь худлаа. Тэнд гадны нэг ч иргэн амьдрах зөвшөөрөл өгөөгүй. Гадны иргэнд газар өгөхгүй шүү дээ. Дүүргийн ИТХ-ын -тогтоолоор аж ахуй нэгжид газрыг түрээслүүлж болдог хуультай.

-Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт энэ оны таван сард дуусгавар болно. Сонгинохайрхан дүүргийн хувьд иргэдэд өмчлүүлэх газар нь хэд орчим мянга байдаг вэ. Газар өмчлөх хүсэлтэй иргэд олон байх шиг байна. Дүүргийн газрын албаны үүдэнд дугаарлан зогсоо харагдсан?

Жил болгон ДИТХ-аар иргэнд газар өмчлүүлэх, ашиглуулах төлөвлөгөө батлуулдаг. Тэрнээс биш газар нутгийнхаа тэдэн хувийг иргэнд эзэмшүүлнэ, өмчлүүлнэ гэсэн нарийн тоо байхгүй. Дүүргийн хувьд 1200 км квадрат газар нутагтай. Хуулийн хугацаа дуусахаас өмнө иргэд гэр бүлийн зориулалттай 0,07 га газраа өмчилж авахаар хүсэлтээ ирүүлсэн байгаа. Түүнийг нь хуулийн дагуу шийдэж байна.

Манай дүүргийн хүүхдүүд маш эрсдэлтэй нөхцөлд амьдардаг. Гэртээ цоожлогдоно гэдэг бол аюул

-Дүүргийг хоёр хуваах тухай нэлээд яригдсан. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг явагдаж байна. Үүнд та ямар бодолтой явдаг вэ. Сонгинохайрхан дүүргийг хоёр хуваах шаардлага бий юу?  

Яг тэгье гэсэн зүйл одоохондоо алга. Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэе гэсэн санаа.  Дүүрэг хуваах, хороо хуваах, дагуул хот болгох гээд янз бүрийн л хувилбар яригдаж байгаа. Би бол иргэдэд төрийн үйлчилгээг яаралтай хүргэх нь эхний чухал асуудал гэсэн байр суурьтай байгаа. Ингэхийн тулд хороог хуваах саналыг дэмжиж байгаа. Алсдаа хол явах шийдвэр нь дагуул хот байх уу, дүүрэг хуваах уу гэдэг л байна. Мэдээж иргэд алийг нь дэмжих нь вэ, түүнийг л сонгох ёстой.

-Дүүрэг, бүтээн байгуулалттай холбоотой ийм байр суурьтай байгаа юм байна. Сонгинохайрхан дүүрэгт маш олон хүүхэд сургууль цэцэрлэггүйн улмаас гэртээ цоожлогдож үлддэг. Үүнээсээ болоод  эрсдэл дунд амьдардаг гэлээ. Сүүлийн үед бага насны хүүхдийн хүчирхийлэл нэлээд ноцтой илэрч, нийгмийг түгшээгээд байна. Та аав хүний хувьд, дүүргийн Засаг даргын хувьд, хүүхдийн элч хүний хувьд ямар бодол, байр суурьтай явдаг вэ? Хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд цаазын ял төлөвлөх тухай төрийн тэргүүн ч байр сууриа илэрхийллээ шүү дээ?

Тухайн хүүхдийг юу хийж байгаа, яаж байгааг хайхрахгүй, санаа бодлыг нь сонсохгүй, халамжлахгүй байх нэг хэлбэр нь үл анзаарах хэлбэр юм. Энэ бол маш хүчтэй нөлөөтэй зүйл. Хоёрдугаарт,  ядуурал. Ядуурлыг таслан зогсоож гэмээ нь хүүхэд бүхэн инээж, аз жаргалтай болно. Ядууралтай байгаа тохиолдолд л хүүхэд сургуульгүй, цэцэрлэггүй байгаа, хүчээр ажил хөдөлмөр эрхэлж байна. Гуравдугаарт, архидалт. Архи ууж байгаа хүний дэргэд хүүхэд байнга айдастай байна. Сүүлийн үед мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр хүүхдийн хүчирхийллийн тухай мэдээ гарч байгаа нь сайн зүйл. Иргэд  ч мэдээлэлтэй болж, хэрэв миний хүүхдэд, дүүд, ахын хүүхдэд ийм зүйл тохиолдвол яах вэ гэдгийг дотроо ухамсарлаж, хүүхдийг хамгаалах, хайрлах, анхаарах сэтгэл зүйгээ өндөржүүлж байна. Ядаж л цагдаа дууддаг болчихсон. Нөгөөтэйгөөр далд байсан зүйлийг ил болгож байна. Одоо бол хүүхэд аав ээжийн анхаарлын төвд орж байна. Бид эцэг эхчүүд, насанд хүрэгчдийг мэдээллээр хангахаас гадна хүчирхийлэлд өртсөн болон, өртөх эрсдэлтэй хүүхдүүдийг хамгаалах байрыг нээж байгаа. Мөн сургууль түшиглэсэн сэтгэл зүйчдийг маш олноор бэлтгэж байна. Сэтгэл зүйчид бол хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох хамгийн сайн үр дүнтэй арга юм. Энэ хүрээнд зөрчил их гарч байна. Үүнийгээ дагасан илрүүлэлт ч бас сайн байгаа.

-Нэлээд хүнд сэдвээр ярилцлаа. Төгсгөлийг нь зөөлрүүлье. Хүн бүхэнд мөрөөдөл бий. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө амьдардаг. Таны хувьд МОНГОЛ МӨРӨӨДӨЛ гэж юуг хэлэх вэ?

Бид хөгжлөөс ухраад байна. Нэг хэсэг Солонгос руу явах визэнд дугаарлахаа больчихсон байсан. Одоо ахиад дугаарлаж байна. Энэ бол ухралт шүү дээ. Хэрэггүй гээд хаясан л бол түүнийг дахиж хэрэглэлгүй, цаашаа хөгжих л ёстой. Монгол хүн эх орондоо ажил хөдөлмөр хийж, хангалуун сайхан амьдрах ёстой. Агаар, хөрсний бохирдолтой ч гэсэн ЭХ ОРОНДОО амьдрах чинь сайхан шүү дээ. Солонгост очоод сайхан амьдрахгүй. Хар ажил хийнэ, яахав мөнгө их олох байх. Гэхдээ хүний нутаг бол хүний л нутаг. Эх орон биднээр дутна шүү дээ. МОНГОЛ МӨРӨӨДӨЛ бол эх орондоо амьдрахыг л хэлнэ.  

ЭХ СУРВАЛЖ:  ULSTURCH.MN

сэтгэгдэл үлдээх