ГЭНЭН ХОНГОРУУД

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсээс Оюу толгойн төсөлтэй холбогдуулж Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газар, Тагнуулын газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан нарыг баривчилж хорьсон. Мөн Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан нарыг гадаадаас дуудан авчирч мэдүүлэг аван байцааж байна. Одоо Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт дуудах хуудас хүргүүлчихээд хүлээгээд сууж байгаа. Эдгээр баривчилгаануудыг өнгөцхөн харахад АТГ болоод хууль шүүхийнхэн Монгол Улсад шударга ёсыг тогтоон ажиллаж байгаа мэт.

Гэвч үнэн хэрэгтээ Оюу толгойн асуудлаар голлож Эрдэнэтийн 49, 51 хувийг саармагжуулах, барууны хөрөнгө оруулалтынхны эсрэг хонзонгоо авах гэж баруунд боловсрол эзэмшсэн сэхээтнүүдийг шоронд тарчилгах гэсэн эрх баригчдын бодлого. Маш ойлгомжтойгоор хэлбэл Эрдэнэтийг дүйвээн болгож өнгөрөөх, Оюу толгойгоос өмнө нь хоосон хоцорсон хүмүүс дахин хувь хүртэх гэсэн ийм л зүйл болж байна.

Гадаадаас дуудагдан ирж шоронд хоригдоод байгаа нөхөд бол 1990 оноос хойш Монголын нийгмийг бүтээн байгуулалцсан, төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс. Үндсэндээ өнөөгийн эрх баригчдаас алд дэлэм илүү амжилттай явсан эрхмүүд. Сүүлийн үеийн эдгээр баривчилгаанууд Монголын нийгэм, улс төрийн хүрээнд нэгэнт тогтсон механизмын дагуу явагдсан. Манай хууль шүүх, хүчний байгууллагууд үеийн үед эрх баригчдын өрсөлдөгчөө барьж, хорьж, дарж авах занга байсаар ирсэн. Аливаа асуудалд үнэн шударга хандаж байсан тохиолдол хууль хүчнийхэнд бараг л үгүй. Зөвхөн эрх баригч бүлэглэлүүдийн дохио зангаагаар явж гол өрсөлдөгчийг нь намнан буулгаж өгдөг. Үүнийг Монголын улс төрийн хүрээнд тогтсон механизм гээд байгаа. Шоронд хоригдоод байгаа, дуудагдаж байцаагдаад байгаа хүмүүс бүгд төр засгийн эрхэнд байсан. Тиймээс өрсөлдөгчөө намнаж шоронд хатаах гэсэн эрх баригчдын ажиллагааг тэд сайн мэдмээр юм. Гэвч яасан гэнэн хонгор юм бэ. Зангиагаа зүүгээд, онгоцоор нисч ирээд, шалгуулаад үнэн зөвөө шууд тэр дор нь олчихно гэсэн гэнэн бодолтой байх юм.

Хууль зүйн сайдаар ажиллаж байсан С.Батчулуун агсны хэлсэн үг бий. “Би ч энэ савнаас амьд гарахгүй дээ. Бид энэ савандаа үнэн зөвийг нь олох гэж хийдэггүй юм шүү дээ. Нийгмээс арилгах гэсэн хүмүүсээ хийдэг сав. Би хууль шүүхэд ажиллаж байсан хүнийхээ хувьд сайн мэдэж байна” гэж хэлсэн байдаг. Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдаар ажиллаж байсан, одоо Элчин сайдын албыг хашиж буй М.Энхсайханы ерөнхий прокурорт хандсан захидлыг уншаад өөрийн эрхгүй өрөвдлөө.

“Бүх асуудлаар хариултыг өгсөн тул урьдчилан төлөвлөсний дагуу Швед улс руу гуравдугаар сарын 29-ний өдөр нисэх гэж буйгаа мэдэгдэж, байцаагч нартай ойлголцсон. Гэтэл нийслэлийн прокурор Ширэндэв нь буцах нислэгтэй өдөр давхцуулан АТГ дээр дахин гэрчийн байцаалт авах мэдэгдэл ирүүлэв. Нислэгээ гурав хоногоор хойшлуулж дурдсан цагт нь АТГ дээр ирсэн боловч уулзах учрах хүн гарсангүй...”. Яалаа гэж уулзах билээ дээ, Энхсайхан минь. Та ийм гэнэн.

Хууль шүүхийнхэн эрх баригчдын хонзонг авч сонгууль хүртэл шоронд нь хатаана гэсэн бодолтой л байгаа. Түүнээс тухайн асуудлын үнэн зөвийг олохдоо биш байх аа. Төрийн өндөрлөгт ажиллаж байсан Н.Алтанхуяг шударга бусын хонгил буюу коридор гэж яриад байгаа. Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж энэ хонгилоор бүгдийг шийтгэдэг хэмээн ярьж хэлээд байгаа. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр өөрсдийнхөө хонгилыг байгуулъя гэж хэлээд байгаа юм биш үү.

Одоо төрийн өндөрлөгт байгаа гурван эрхэм гурван хонгил бий болгочихсон шиг байна. Шүүх, цагдаа, АТГ гэх гурван хонгилоор өөрсдөдөө таарамжгүй, өрсөлдөгч гэж үзэж байгаа хүмүүсээ гүйлгэж амийг нь чангааж байна. Хууль шүүхийнхний хуучин дарга нар нь хэвээрээ, солигдоогүй байхад төрийн гурван өндөрлөг өөрсдийн хонгилыг бий болгоно гэж үү гэх асуулт гарна. Тэгвэл баривчилгаатай холбоотой улс төрийн асуудлыг доод талын албан тушаалтнууд даргадаа хүргэлгүйгээр зохицуулчихаж байгаа байлгүй. Жишээлбэл, АТГ-ын даргаар Ганболдыг байхад дэд даргаар нь Хурц байдаг шиг. АТГ-ын даргаар одоо Энхжаргал байгаа. Түүний хувьд бараг л мэдэлгүй болчихсон байгаа даа. М.Энхболдынхоо жаран тэрбумыг л хариуцаад байж байгаа байх.

Улс төрийн өнгө аясаар дуудагдаад буйгаа Энхсайхан, Баярцогт, Сайханбилэг аль аль нь мэдэхгүй байгаа нь харамсалтай. Өнөөдөр АТГ-аас дуудаж асууна, маргааш нь яг тэр асуултыг прокуророос асууна. Сонгууль хүртэл ийм занганд байна гэдгээ тэд огтоос гадарлахгүй байна. Улс төрийн хэлмэгдүүлэлт, залхаан цээрлүүлэлт гэдэг нарийн технолиготой. Н.Энхбаярыг байцаагдаж байхад өлсгөлөнтэй нь холбоотой үнэн худал нь эс мэдэгдэх янз бүрийн зүйл шар хэвлэлээр бичигдсэн.

Улс төрийн залхаан цээрлүүлэлтийн эсрэг хэрхэн яаж тэмцдэгийн бэлээхэн багш нь яах аргагүй Н.Энхбаяр мөн. Оймсоо гозолзуулаад ачигдах хүртлээ тэр эрх баригчидтай хатуу тэмцсэн. Ийм ийм нэр бүхий хүмүүс намайг шоронд хийж байна гэдгийг ачигдахынхаа өмнөхөн зурагтаар мэдэгдсэн. Шоронд ороод ганц хором ч чимээ аниргүй байгаагүй. Өмгөөлөгч, ар гэрийнхэн нь зай чөлөөгүй хэвлэлийн хурал зарлан мэдэгдэл хийж, бараг л үхэж байна хэмээн уйлан майлаан болон хэлж байсан. “Хэрвээ миний хань, миний аав амиа алдах юм бол Монголын төрөөс бид амийг нь нэхнэ” гээд л шүдээ зуугаад үзэж байсан. Ерөнхийлөгч Х.Баттулгын жишээ байна. Хууль хүчнийхэн Баянголд очин нэгжлэг хийж, баривчлах гэхэд нь баахан жүдочдыг цуглуулаад, хэвлэл мэдээллийнхнийг дуудаад нийгэмд цочрол өгч дуулиан шуугиан болгож байсан.

Улс төрийн хэрэгт унасан хүн улс төрийн акцыг ингэж зогсоо зайгүй хийдэг болохоос энэ хэдэн нөхөд шиг дуудахаар нь сүрхий зангиа занаа болон гүйж очин байцаалт өгөөд хоригдчихдог юм биш л дээ. Тэгээд дараа нь уйлагнасан нэг муу захиа бичих төдийхнөөр аргална гэвэл том эндүүрэл. Ч.Сайханбилэг “Би удахгүй Монголд очно. Үнэн зөвөө шалгуулна” гэж хэлсэн байна лээ. Түүнийг уншаад мөн ч гэнэн байна даа гэж бодсон. Адаглаад тэр жил Гүндалайг онгоцны буудал дээрээс баривчилахад юу болсныг бид мэднэ. Олон улсын хуралд явахаар нисэх гэж байхад нь баривчилж бөөн дуулиан болсон биз дээ. Намаас нь хэвлэлийн хурал зарлаж юу юу ч болсон билээ. Улс төрийн хонгилоос ийм замаар л амьд мэнд гарч ирнэ, тэсч үлдэнэ. Үнэн зөвөө шийдүүлнэ хэмээн ном журмаар нь явбал тэр хүн тэгээд л улс төрийн золиос болоод дууслаа гэсэн үг.

Сүүлийн бодит жишээ Гантулга байна. Их хурлын гишүүнээсээ түдгэлзэн гэнэнтэж балардгийн даваан дээр намын архагууд нь арайхийн авч үлдэх шиг боллоо. Намынх нь бүлэг хүртэл шийдэж чадалгүй мухардалд ороход парламентад насаараа суусан архагууд нь авч үлдэж байна. Тэд ингэж зоримог шийдээгүй бол Гантулга гэсэн энэ залуу улс төрөөс бүрмөсөн арчигдаж, тэр чигээрээ дуусна. Улс төр л орчихсон болохоос уул нь залуу хүний явдал шүү дээ.

Эцэст нь хэлэхэд, Монголын нийгмийг бүтээсэн, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг бий болгосон хүмүүс өөрсдөө зангандаа унаж байна. Монголын нийгэм, улс төрийн бодит хөрс ийм гэдгийг тэд өдий хүртэл мэдээгүй явж ирсэн нь гунигтай гэхээс өөр аргагүй. Амьдралаас дэндүү хол хөндий явж, дандаа дарга сайд хийж хэрвээ идэж уудаг юм бол идэж уугаад, бодит хөрсөндөө огтоос сууж өгөөгүйнх нь гор гарч байна.

Н.ГАНТУЛГА

ЭХ СУРВАЛЖ: dnn.mn

сэтгэгдэл үлдээх