С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 30 хоног баривчлахаар боллоо

Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг  30 хоногийн хугацаатайгаар баривчлах шийдвэрийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэлээ. 

Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров:

"Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх манай үйлчлүүлэгч Ч.Сайханбилэгийг баривчилсан асуудал хууль ёсны дагуу байсан эсэх, цаашид сэжигтнээр цагдан хорих үндэслэлтэй эсэх асуудыг хэлэлцлээ.  Харамсалтай нь энэ шийдвэр хуулийн дагуу гарсангүй гэж үзэж байна. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудыг зөрчлөө. Энэ асуудлаар бид дараа дараагийн шатны шүүхэд хандана." гэлээ.

Төрийн тусгай хамгаалалт нь буугаагүй байхад хууль зөрчиж Ч.Сайханбилэгийг баривчиллаа

Тэрбээр цааш нь:

"2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Ч.Сайханбилэгийг гэрчээр асууна гэж АТГ-аас 15 цагт дуудахад нь  цагтаа очсон.

Гэрчээр гурван цаг байцаагаад дараа нь прокурорын баталсан шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тогтоол танилцуулаад шууд авч явсан. 

Монгол Улсын төрийн жолоог атгаж байсан хоёр Ерөнхий сайдыг хоёр цаг зэрэгцүүлж суулгаж байгаад бараг зэрэг ачаад аваад явлаа.

Манай үйлчлүүлэгч Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу төрийн тусгай хамгаалалт буугаагүй байхад баривчиллаа.Төрийн тусгай хамгаалалтад байгаа хүнийг зөвхөн шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд  баривчлах хуультай.

Гэтэл энэ хуулийг зөрчөөд шууд баривчлахаар аваад явсан. Энэ хууль бус шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд  өөрийнх нь хамгаалалтад байсан комиссар буюу төрийн тусгай хамгаалалтын чиг үүргээ хэрэгжүүлж байгаа ажилтныг хамт хорьчихсон. Одоо ч хамт хоригдож байна.

Улс төрийн зохиомол хэрэг үүсгэж хилсээр гүтгэдэг, үүндээ зарим хууль хяналтын байгууллагуудыг татан оролцуулдаг асуудал хавтгайрлаа.

Ч.Сайханбилэг гадаадад онцгой хүндэтгэх шалтгаантай байж байгаад зорьж ирээд энэ ажиллагаанд оролцсон юм. Прокурор, АТГ-аас дуудсан мэдэгдлүүд ирэхэд нь энэ мэдэгдлүүдэд дандаа албан ёсоор хариулт өгч байлаа.

Хуулийн дагуу хамгийн хүнд төрөл буюу цагдан хорих арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь олон улсын гэрээ конвенц болон бусад Монгол Улсын хуулиар энэ арга хэмжээг эцсийн хэмжээнд хэрэгжүүлнэ гэж заасан байдаг.

Энэ асуудлаар манай үйлчлүүлэгч Ч.Сайханбилэг тодорхой байр суурьтай байна. Өмнөх Засгийн газрынхаа кабинетаараа шийдсэн шийдвэрийг дараагийн эрх баригчид үндэслэлгүйгээр үгүйсгэдэг, улс төрийн зохиомол хэрэг үүсгэж хилсээр гүтгэдэг, үүндээ зарим хууль хяналтын байгууллагуудыг татан оролцуулдаг асуудал хавтгайрлаа. Энэ асуудалд онцгой анхаарах шаардлагатай болжээ гэдгийг илэрхийлж энэ буруутгалыг бүгдийг нь эрс няцааж байна.

Хэрвээ энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу үргэлжилвэл үнэн шударгаар шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна." гэв.

ЭХ СУРВАЛЖ: GOGO.MN

сэтгэгдэл үлдээх