Ч.УЛААН: ”ЭРДЭНЭТ”-ИЙН ӨРИЙГ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТӨЛБӨЛ ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРЭГ БОЛНО

УИХын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.


-“Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд та байр сууриа илэрхийлэхгүй юу. “Стандарт” банкнаас авсан өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлнө гэх юм?

-Татвар төлөгчдийн мөнгөөр “Эрдэнэт” дээр яригдаж байгаа өр авлагыг барагдуулах ёсгүй. Ер нь Монгол Улс хариуцлага хүлээх ёсгүй байсан. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой ийм өр авлагын асуудал үүслээ гэж үзэж байна. Яг адилхан хоёр тохиолдол байгаа. Нэг нь “Улаанбаатар төмөр зам”, нөгөө нь “Эрдэнэт” үйлдвэр. “Улаанбаатар төмөр зам” хуулийн дагуу ажиллаад, баталгаа нотолгоогоо гаргаад бүх юм нь хуурамч хэрнээ хариуцлага хүлээхгүй мултраад гараад ирж чадаж байна. “Эрдэнэт” үйлдвэр дээр болохоор материалаа өгөөгүй. Хамтарч ажиллахгүй, хуулийн дагуу олгогдсон эрхээ эдлэхгүй, давж заалдахгүй дарсаар байгаад “Эрдэнэт”-ийг өрөнд унагаачихаж байна. Тэгвэл зөвхөн энэ хоёроос харахад аль үйл ажиллагаа нь Монголын эрх ашигт нийцээд байгаа юм бэ. Тэр өрийг “Эрдэнэт” үйлдвэрээс төлсөн ч бай, төсвийн мөнгөөр төлсөн ч бай энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Үүн дээр ямар ч төлбөр тооцоо хийх ёсгүй. Үйл ажиллагааны ноцтой алдаанаас болж ийм байдал үүссэн. Тэр улсуудтай хариуцлага ярих ёстой. Олон улсын эрх зүйн зохицуулалтаас харахад бид Арбитрийн шүүхийн шийдвэрийг хүлээж авахгүй байх дархлаа Монгол Улсад бий. Тэр дархлаагаа бид ашиглах ёстой. Гэтэл Арбитрийн шүүхийн шийдвэрийг яаран дааран хүлээж авч, тэр төлбөрийг татвар төлөгчдийн нуруун дээр авчирна гэж байгаа бол энэ нь эдийн засгийн гэмт хэрэг болно.

-“Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаалсан гарын үсэг нь хуурамч гэгдэж байгаа шүү дээ?

-Зээл авсан баримт бичигт хуурамчаар гарын үсэг үйлдэгдэж явсан гэдэг нь манай дотоодын болон Арбитрийн шүүхийн шинжээчдээр тогтоогдсон. Ганцхан манай тал жинхэнэ гарын үсэгтэй гэрээгээ үзүүлээгүй дарчихсан. Материал байхгүй юм чинь Арбитрийн шүүх тийм шийдвэр гаргасан байх. Тиймээс бид өөрсдийгөө хамгаалах ёстой.

-Яаж тэр вэ?

-Арбитрийн шүүхийн шийдвэрийг хүлээн авч болохгүй байхыг зохицуулсан олон улсын конвенц гэж байна. Тэр конвенцэд манай улс элсээд орчихсон. Энэ дагуу ажиллах юм бол олон улсын дэмжлэг хүлээж авах бүрэн боломжтой.

-Та татварын шинэчлэлийн асуудлаар бие даасан, хараат бус ажлын хэсгийг ахалж ажилласан гэл үү. Монголын татварын орчныг сайжруулахын тулд юу хийх шаардлагатай вэ?

-ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс татварын тогтолцоогоо шинэчлэх үүрэг амлалт авсан шүү дээ. Энэ хүрэээнд татварын хараат бус бие даасан ажлын хэсгийг байгуулан хөндлөнгийн санал дүгнэлт бүхий зөвлөмж гаргуулахаар тохиролцсон юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд гадны зөвлөхүүд, татвар төлөгчдийн болон бизнесийн, эрдэмтдийн гээд олон төлөөлөл оролцсон юм. Ажлын хэсэг бол хуулийн төсөл дээр ажиллах зорилго байхгүй. Харин Монголын татварын системийг боловсронгуй болгоход тулгамдсан асуудлуудад зөвлөмж гаргаж ажилласан байгаа. Жишээлбэл, татвараа төлж чадаагүй аж ахуйн нэгжүүдийн дансыг хаачихдаг. Дансаа хаалгасан аж ахуйн нэгж орлого олох ямар ч боломжгүй. Ийм байхад яаж татвараа төлөх вэ дээ. Давхар татварын байгууллага хохирно. Тиймээс энэ данс хаадаг байдлыг болих хэрэгтэй. Дансанд нь орсон орлогын зарцуулалтын эрмбэ дарааллыг тохирчих ёстой. Орлогынхоо тэдэн хувийг татвартаа төлж, тэдэн хувийг үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад зориулах маягаар шинэ журманд орох нь зүйтэй гэж судлаачид үзэж байгаа юм. Энэ мэтчилэн энгийнээс эхлээд онолын том асуудлуудыг хамруулж дүгнэлт гаргасан юм. Ажлын хэсэг ажиллаж байхад Монгол Улсыг Европын холбооны татварын хар дансанд оруулчихсан. Тэгвэл энэ асуудлыг ажлын хэсэг зориуд анхааран судалж, Засгийн газарт зөвлөмж өгсөн. Манай улс дахиж ийм хар жагсаалтад орохгүйн тулд ямар арга хэмжээ авч, хэрхэн ажиллахыг зөвлөсөн л дөө. Тэр дагуу Засгийн газар ажиллаад манай улс хар жагсаалтаас гарсан.

-Татварын багц хуулийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Эдийн засгийн чуулган дээр энэ төслийг танилцуулж байхад аж ахуйн нэгжүүдэд ээлтэй хууль гарах нь гэж тодотгож байсан. Гишүүнийхээ хувьд татварын реформд хэрхэн анхаарлаа хандуулж байна вэ?

-УИХ-аар хэлэлцэх явцад нь татварын зүйл заалтуудыг зайлшгүй нарийвчилж үзэх хэрэгтэй болно. Энд хэд хэдэн анхаарах асуудал байгаа. Жишээлбэл, Монголд ажиллаж байсан гадаадын хөрөнгө оруулагч орлогоо аваад гарахад нь оногдуулдаг татварыг бууруулна гэдэг саналыг Засгийн газар оруулж ирж байгаа. Үүнийг бууруулах нь зөв үү, буруу юу гэдэг тал дээр тодорхой судалгаа хийж байна. Ер нь одоо байгаа хувь хэмжээг бууруулах шаардлага байхгүй л дээ.

-Яагаад?

-Бид заавал гадны хөрөнгө оруулагчдад давуутай эрх өгч, дандаа хөнгөлөлт үзүүлж байх учиртай гэж. Бид олон улсын жишгээр санхүүгийнхээ зохицуулалтыг хийгээд явж болно шүү дээ. Хамтарч ажиллаж байгаа юм бол харилцан ашигтай байх ёстой.Баялаг нь манайд байна. Мөнгө нь танайд байна. Энэ хоёрыг нийлүүлээд тэнцүү ашиг хүртье л дээ.

-Манайд хөрөнгө оруулагчид орж ирэхгүй болохоор буулт хийгээд байх шиг...

-Яг тийм болчихоод байна. “Муу махаа гуриланд боодог. Муухай хүүхнээ торгонд боодог” гэсэн ардын үг бий шүү дээ. Ингэж хүчлээд хэрэг байна уу. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын хаврын чуулганд хэлсэн үгэндээ “Монгол хүний эрх ашгийг хохироож, гадныханд давуу эрх олгосон хууль эрх зүйн зохицуулалтуудаа эргэж харах шаардлагатай” гэсэн. Энэ бол шударга зарчмын чиглэл өгөгдсөн гэж би хувьдаа ойлгож байгаа. Өнөөдөр яах аргагүй Монгол оронд анхаарал татсан асуудал болчихоод байна шүү дээ. Уулын буга хараад унасан морио мартана гэгчээр гадны хөрөнгө оруулагчид ирээд бүхнийг сайхан болгоно гэж ард түмнээ дорд үзэж болохгүй. Сүүлдээ улсаа өрөнд оруулна. Газрын доорх их баялгийг нь ухаж авчихаад хоосон нүх, ирээдүй хойчдоо дааж давахгүй их өр үлдээнэ шүү дээ. Ийм байж болохгүй.

-Том төслүүдийг явуулж байж эдийн засаг сайжрах юм биш үү. Таван толгойн багц төслийг ойрын хугацаанд хөдөлгөх шаардлагатай гэж байна?

-Оюу толгойн төслийг эхлүүлж байхад Монгол Улс хөгжлөөрөө дэлхийд цойлно гэж байсан шүү дээ. Гэтэл арван жилийн дараа бид эрсдэлтэй байдалд ирчихээд байна. Оюу толгойгоо ашиглуулчихаад өрөнд орж болзошгүй байна. Тиймээс механикаар асуудалд бэлэнчилж хандах нь учир дутагдалтай. Тиймээс орд газруудаа эдийн засгийн хувьд үр ашигтай эргэлтэд оруулах ёстой. Оюу толгойн алдааг давтахгүйгээр бид Таван толгойг ашиглах ёстой.

-Оюу толгойн гэрээний алдааг нь засаад төслийг цааш явуулах ёстой биз дээ?

-Тэгэлгүй яахав. Ер нь бол Оюу толгойн гэрээг хянаж сайжруулах зүйл байгаа. Анх гэрээ байгуулагдахдаа төрийн бодлого, УИХ-аас өгсөн чиглэлүүдийг тусгалгүйгээр байгуулагдсан. УИХ-аар хэлэлцээгүйгээр гэрээг ёсчилсон гэдгээс эхлээд асуудал үүснэ. Оюу толгой дээр Төрийн гурван өндөрлөгийн байр суурийг маш тодорхой харж байна. “Улс нь баялагтай байхад ард иргэд нь өртэй байж болох юм уу. Уул уурхайг ашиглах хэрэг юунд байна” гэж Төрийн тэргүүн Засгийн газраас асуусан. Ингээд Үндсэн хууль нийцээгүй, хууль тогтоомжид нийцээгүй, монгол хүний эрх ашгийг хохироосон, гадны хүнд давуу эрх олгосон хууль эрх зүйн зохицуулалтуудаа эргэж хар гэсэн. Тэгэхээр Төрийн тэргүүн энэ байдлаар цааш явж болохгүй гэдэг байр сууриа тодорхой хэлж байна. Тэгвэл Ерөнхий сайдын байр суурь ч тодорхой байгаа. Мөн л УИХ-ын индэр дээрээс хэлэхдээ “Газрын доорх баялаг ардтүмний өмч.Газрын доорх баялгийг газрын дээрх баялаг болгохын төлөө ажиллана” гэсэн. Ингээд “Рио Тинтогийн захиралыг дуудаж уулзаад Монголын талд өгөөжтэй ажилла.

Төслийнхөө үр ашгийг дээшлүүл. Зардал чирэгдлээ бууруул” гэдэг чиглэл өгсөн. Ерөнхий сайд бол энэ гэрээг сайжруулах ёстой гэдэг дээр байр суурь нэг байна. УИХ-ын байр суурь маш тодорхой байна. Ажлын хэсэг байгуулж, гурван чиглэлээр үүрэг өгсөн. Оюутолгой Монголын ард түмний эрх ашигт нийцэж байна уу гэдэгт хариулт өгнө. Монголын талд оногдож байгаа өгөөжийг нэмэгдүүл гэсэн. Гуравдугаарт, хөрөнгө оруулалтын зарцуулалтад хяналт тавь гэсэн.

-Хэрэв төслийг зогсоовол Арбитрийн шүүхэд хандана. Ингээд бүтээн байгуулалтад зарцуулсан тэр олон тэрбум ам.долларыг Монголын талаас нэхэмжилж таарах байх?

-Тэрний 34 хувийг бид төлөх болно. Гэхдээ бид мөнгөөр төлөхгүй. Эхний ээлжинд Монголын баялгийг шууд ачаад явна.

Монголын тал 2033 он хүртэл өгөөж хүртэхгүй. Ногдол ашиг авахгүй. Тэгэхээр үлдсэн хугацаанд юм үлдэх үү. Энэ байдлаас дүгнэлт хийгээд төрийн бодлого гараад яригдаад байгаа асуудлуудын хүрээнд гэрээнд өөрчлөлт оруулах ёстой.

-Сүүлийн үед баялгийн засаглал гэж их ярих болжээ. Бас Баялгийн сангийн тухай хуулийг оруулж ирэх бололтой. Хэрэв манай улс баялгийн сантай болчихвол ирээдүй хойч үедээ үлдээх хөрөнгөтэй болно гээд гэгээтэй зураглалууд яриад байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Баялгийн сантай болчихвол сайхан л даа. Энэ бол ирээдүйд зорих зүйл мөн. Гэхдээ өнөөгийнхөө нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж үзэх хэрэгтэй. Манайх баялгийн санг хэд хэдэн удаа байгуулж байсан. Жишээлбэл, зэсэн дээр гэнэтийн үнийн албан татвар тавиад л түүнээс орж ирсэн орлогын нэг хэсгийг зарцуулалгүйгээр тусад нь хуримтлуулаад “Монгол Улсыг хөгжүүлэх сан” гэж байгуулсан. Цаанаа гурав, дөрвөн зуун тэрбум төгрөгийн эх үүсвэртэй болоод ирсэн. Тэр хөрөнгөөрөө эрчим хүчний шугам бариад дуусгачихсан. Дараа нь Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлаад хуримтлалын сан байгуулсан. Энэ сандаа хэдэн төгрөг хуримтлуулаад нөөцтэй болж байтал 2016 оны үед төсвийн нөхцөл байдал хүндэрлээ гээд хуваагаад идчихсэн шүү дээ. Тэгэхээр бид санг бол хөрөнгө цуглуулаад зарцуулдаг байдлаар ойлгож ирсэн байна. Бас байгалийн баялгаасаа ашиглана гээд Хүний хөгжил санг байгуулсан.

Сүүлдээ энэ сан өөрийн орлогогүй болоод өрөнд орсон. Эх үүсвэр нь бүрдээгүй сангаас ард түмэнд мөнгө тараагаад “өрийн сан” болоод хувирчихсан. Тиймээс бид санг байгуулж чадахгүй байна. Ирээдүйд үр өгөөжөө өгдөг сантай болох нь бидний зорилго мөн. Тиймээс өнгөрсөн парламентын хугацаанд Ерөнхийлөгч санаачлаад, Засгийн газар хамтарч ажиллаад Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталсан.

Тэр сангаар байгалийн баялгаас олж байгаа орлогыг хуримтлуулаад ирээдүйдээ ашиглах энэ хууль хэрэгжиж эхэлж байна. Энэ сангийн онцлог нь өмнөх шигээ сангийн хөрөнгөө идэхгүй. Сандаа оновчтой хөрөнгө оруулалт хийгээд, оновчтой байршуулаад тэрнээс олсон ашиг орлогоосоо ард түмэндээ хувь хишиг хүртээнэ. Яриад байгаа Сингапурын сан, Норвегийн сан, Кувейтийн сантай адил гэсэн үг. Тэгвэл одоо дахиад баялгийн сан байгуулна гээд яриад эхэлээ. Сангууд байгуулж болно. Гэхдээ эдгээрийгээ хооронд нь уялдаатай авч үзэх хэрэгтэй. Сан байгуулчихаад тэндээ мөнгө хийгээд байдаг. Тэгсэн хэрнээ гаднаас өндөр хүүтэй зээл аваад байвал энэ сан үр өгөөжөө өгөх үү. Энэ мэтчилэн тал талаас нь судлах ёстой.

сэтгэгдэл үлдээх