М.Даваажаргал "Аавтай минь салах ёс хийхээр хоёр Мөнхийн нэг Их аварга Баянмөнх хүрэлцэн ирсэнд сэтгэл маш их хөдөлж байна"

Mонгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний бөхийн дархан аварга Жигжидийн Мөнхбатыг сүүлчийн замд нь өнөөдөр өглөө үдлээ. Монгол түмний бахархал болсон Их аваргаа үдэх ёслолд Талийгаачийн гэр бүл болон Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, А.Сүбат, Г.Өсөхбаяр, Улсын аварга О.Балжинням, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат зэрэг олон хүмүүс хүрэлцэн ирсэн байлаа. Түүний шарилыг Алтан-Өлгийд залсан бөгөөд Ж.Мөнхбатын хүү, Японы сүмо бөхийн их аварга М.Даваажаргал, УИХ-ын гишүүн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар гашуудлын үг хэлсэн байна. 

Мөн М.Даваажаргал "Аавтай минь салах ёс хийхээр хоёр Мөнхийн нэг Их аварга Баянмөнх хүрэлцэн ирсэнд сэтгэл маш их хөдөлж байна. “Хоёр Мөнх” 20 дугаар зууны Монголын үндэсний бөхөд шинэ уур амьсгал оруулж, их спортод ч хамтдаа амжилт үзүүлж эх орон ард түмнээ баясган цэнгүүлсэн билээ. 

Төрийн наадамдаа бие биенээ даван ялахын төлөө үнэн шударгаар барилдаж, дэлхийн дэвжээнд дэлхийн суутнуудыг хэрхэн ялах ухааныг хамтдаа сийлсэн хоёр мөнхийн маань үе түүх болон үлдэж байна. Х.Баянмөнх аваргадаа урт насалж удаан жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе." хэмээжээ.

Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ: 'Таны тооцоотой нягт барилдаан, хөдөлмөрч тууштай зан чанар, аатай омголон дүр төрх бидний зүрх сэтгэлд хоногшин үлдлээ. Та эх орныхоо алтан хөрс шороонд амгалан нойрс доо' хэмээжээ.

Жигжидийн МӨНХБАТ

(1941-2018)

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга, төр, нийгмийн зүтгэлтэн, Жигжидийн Мөнхбат 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр таалал төгсөж, Монголын ард түмэнд хүнд гарз тохиолоо.

Ж.Мөнхбат 1941 онд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрж, 1958 оноос үндэсний бөхийн барилдаанаар спортын гараагаа эхлүүлсэн юм.

Тэрбээр 1961 онд МБАТ-ний спартакиадад түрүүлж улсын заан, 1963 оны улсын наадамд 9 даван түрүүлж улсын арслан, 1963-1967 онуудад Улсын баяр наадамд завсаргүй 5 удаа, 1974 оны Улсын баяр наадамд 6 дахь удаагаа түрүүлж, даяардуурсагдах, далайдаян, дарханаваргацолыг хүртжээ.

Мөн 1972, 1975, 1978, 1980 онд Улсын баяр наадамд үзүүрлэн, 1961, 1971-1975, 1977, 1979, 1980, 1981, 1983-1985,1994 онуудад таваас дээш давж нийт 22 удаа шөвгөрсөн эгэлгүй үнэн хүчтэн байлаа.

Ж.Мөнхбат нь 30 гаруй жил баяр наадмыг манлайлан барилдахдаа улам нэмэх, олныг баясуулагч, батнягт, баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, улс даяар гайхамшигт, өнөд баясгалант, бүхнээ дуурсгалт, манлайн баясгалант, үлэмж бадрах, тод сонин үзэсгэлэнт, бат нягт итгэлт, өнөд түвшин, хотлоор баясгагч, далай дайчин, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга цол, чимгүүдийг хүртсэн юм.

Тэрбээр чөлөөт бөхийн спортоор хичээллэж, Улсын шигшээ багийн анхны гишүүн, “Токио-1964”, “Мехико-1968”, “Монреал-1972” зуны олимпийн наадамд оролцож, “Дели-1967” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медаль, “Мехико-1968” зуны олимпийн XIX наадмаас анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан бөгөөд 1972 онд Улаанбаатар хотноо зохиогдсон Ази тивийн аваргаас алтан медаль, “Тегеран-1974” Азийн наадмаас сонгомол бөхөөр хүрэл, “Дан Колов”, “Вахтанг Балавадзе”, “Зеелинбендир”, Найрамдалт армиудын олон улсын тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль, 1965, 1966, 1967, 1969, 1973, 1974 оны Монгол Улсын аваргын алтан медалийг тус тусхүртэж, чөлөөт бөхийн төрлөөр эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсган Монгол түмэндээ хүндлэгдсэн аугаа нэгэн байлаа.Дэлхийн бөхийн хөгжилд оруулсан түүний хувь нэмрийг Олон Улсын Олимпийн Хороо өндрөөр үнэлж, “IOC TROPHY”цомын шагналаа олгосон юм.

Ж.Мөнхбат нь1990-1992 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцсан төр нийгмийн зүтгэлтэн юм.

Ж.Мөнхбат нь үндэсний болон чөлөөт бөхийн залгамж халааг бэлтгэх, үндэсний ёс заншлыг дээдлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан сурган хүмүүжүүлэгч төдийгүй түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн, ард түмний хайртай хүү байлаа.

Тэрбээр Монгол Улсын шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч, Биеийн тамир, спортын улсын хорооны Санхүү, хангамжийн хэлтсийн дарга, “Их шавь” биеийн тамирын дээд сургуулийг үүсгэн байгуулж, захирлаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, залуу хойч үеийн шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг бэлтгэн, эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан ажилсаг, хөдөлмөрч нэгэн байв.

Түүний гавьяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин цол хүртээж, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиуд, “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнажээ.

Талийгаачийн эхорноо гэсэн халуун сэтгэл, хөдөлмөрч, уйгагүй, бардам, нөхөрсөг зан чанар, үндэсний бөх болон их спортод үзүүлсэн агуу амжилт монгол хүн бүрийн сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай.

сэтгэгдэл үлдээх