Сири хүчирхэг гүрнүүдийн хооронд дайн эхлэх шалтаг болох уу

Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр буюу баасан гарагийн шөнө АНУ  өөрийн холбоотнуудтайгаа хамтран Сирид пуужингийн цохилт өглөө.  Байлдааны энэ ажиллагаанд АНУ-ын холбоотнууд болох Их Британи, Франц улс оролцжээ. 

Пуужингийн цохилтод Сирийн иргэний болон цэргийн байгууламж өртсөн гэсэн мэдээлэл байна.  Холбоотнууд Сирид цэргийн цохилт өгөх болсон нь  энэ сарын 8-нд Сирийн Доума хотод  Башар Асадын зэвсэгт хүчнийхэн иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн буруутгаж байгаатай холбоотой юм.  Ямартай ч  Сирийн армийнхан  эх орон нэгтнүүдийнхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэж, энэ талаар тогтоосон хэм хэмжээ, улаан шугамын гадна гишгэлээ хэмээн АНУ тэргүүтэй барууны орнууд буруутгаж, үүний хариу болгож пуужингийн довтолгоо эхлүүлсэн нь энэ. Харин ОХУ-ын БХЯ тухайн хотод химийн зэвсэг хэрэглэсэн гэх мэдээллийг  няцааж байгаа.  

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Сирид  пуужингийн довтолгоо  эхэлсэн талаар мэдээлэл хийх үеэрээ “2013 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, түүний Засгийн газрынхан Сирид химийн зэвсэг устгах ажиллагааг батлан нотолж байсан билээ” гээд тэд энэ үүргээ биелүүлсэнгүй хэмээн буруутгажээ.

АНУ агаар газар ангиллын Томогавка пуужин харваж байгаа нь

 Энэ сарын 14-ны шөнө Сирийн нутаг дэвсгэр рүү АНУ болон холбоотнууд нийтдээ 100 пуужин харвасан бөгөөд зарим эх сурвалжийн мэдээллээр Сирийн нутаг дахь ОХУ-ын пуужин амдан устгах  төхөөрөмж  хаанаас хэдэн пуужин харваж байгааг тооцоолж харж байсан гэжээ. ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын ерөнхий оперативын газрын дарга хурандаа генерал Сергей Рудскойн мэдээлснээр   Сирийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем Сири рүү Өрнөдийн орнуудын харавсан 71 далавчит пуужинг амдан сөнөөсөн байна. АНУ –агаар газар” ангиллын “Томогавка” пуужингаа харваж байгаа бичлэгээ ил болгожээ.

Ямартай ч холбоотнууд энэ ажиллагааны гол зорилго нь үй олноор хөнөөх зэвсгийг дахин ашиглах оролдлогыг таслан зогсоох явдал  бөгөөд Ерөнхийлөгч Д.Трамп Америкийн цэргийн хүчин Сирид удаан хугацаагаар байрлах зорилгогүй болохыг онцолсон байна.

Дэлхийн хүчирхэг гүрнүүдийн хооронд болзошгүй дайны эхлэл энэ болох уу

ОХУ-ын эсэргүүцлийг үл тоон АНУ,  Их Британи, Франц зэрэг холбоотон орнууд цохилт өгч эхэлсэн нь дэлхийн хүчирхэг гүрнүүдийн хооронд болзошгүй дайны аюулыг зөгнөж байна хэмээн гадаадын агентлагууд  онцолж байгаа бол энэ хэрэг явдал даамжирвал дэлхийн гуравдугаар дайны эхлэл болж мэдэх юм гэсэн болгоомжлол ч байна.

Сирид цохилт өгсөн талаар хэн ямар байр суурь илэрхийлэв

Сирид цохилт өгсний дэлхийн улс орнууд энэ талаар ямар байр суурь баримталж байгаа нь анхаарал татах асуудал.   Башар Ас адын дэглэмийг тууштай дэмжигч ОХУ-ын хувьд  барууны орнууд Сирид цохилт өгснийг эрс эсэргүүцэж байгаа.  Үүнийг Оросын эрх ашгийн эсрэг хийж байгаа дарамт шахалт  гэсэн өнцгөөр хүлээж авч байх шиг байна.

Сирид цохилт өгснийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин: “ АНУ өөрийн холбоотнуудынхаа дэмжлэгтэйгээр Сирийн иргэний болон цэргийн байгууламж, дэд бүтцэд цохилт өглөө. Энэ нь Аюулгүйн зөвлөлийн хориггүйгээр НҮБ-ын  дүрэм, олон улсын хэм хэмжээ болон  терроризмомтай тэмцэж байгаа  тусгаар улсын  бие даасан байдлын эсрэг хийж буй балмад үйлдэл боллоо” хэмээн  мэдэгджээ.

Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хуа Чуньин хэлэхдээ “БНХАУ нь олон улсын харилцаанд хүч хэрэглэхийн эсрэг ямагт байсаар ирсэн  бөгөөд  аливаа улсын тусгаар тогтнол бие даасан бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг  хүндэтгэн үзэх ёстой гэсэн хатуу байр суурин дээр байна” хэмээн мэдэгдлээ.

Гэтэл үүний нөгөө талд ОХУ-ын гол холбоотон Турк улсын хувьд Сирид цохилт өгснийг дэмжсэн байр суурь илэрхийлж химийн зэвсэг хэрэглэснийг юугаар ч зөвтгөж болохгүй гэжээ.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Орос улс энэ хар зам мөрөөр цааш явах уу, эсвэл энх тайван, тогтвортой байдлын төлөө иргэншсэн улс үндэстнүүдтэй нэгдэх үү гэдгээ шийдэх ёстой. Дэлхийн улс орнуудыг хэнтэй нөхөрлөж байгаагаар нь дүгнэж болно. Харгис дэглэм, цуст дарангуйлагчийг дэмжиж байгаа ямар ч улс урт хугацаандаа амжилт олохгүй”  гэжээ.

Бэлтгэсэн М.Нэргүй

сэтгэгдэл үлдээх