БАЯН ГИШҮҮНИЙГ ДУУРАЙЖ ЖИРИЙН ИРГЭД СУРГУУЛЬ БАГШ НАРАА БУРУУШААХ ХЭРЭГГҮЙ

                  УИХ-ын Нийгмийн бодлого , боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан дээр зарим УИХ-ын гишүүд хэлд орж харагдав. Тухайлбал зүс царайгаа л өөд татахаас өөрийг хийхгүй байна гэж тойргийнхоо сонгогчдоос хатуу зэмлэл хүртсэн Г.Мөнхцэцэг гишүүн сурах бичгийн талаар шурган асууж байв. Боловсролын сайд "Кэмбриджийн гэх тодотголтой сургуулиудын төлбөр асар өндөр бөгөөд хүрэлцээ муутай. Нэг ангид 20 хүүхэд сурдаг эдгээр сургуулиудад төсвөөс асар их зардал гардаг. Ард иргэд гадны стандарттай сургуулиудыг эсэргүүцдэг" гэж хэлчихсэн нь М.Оюунчимэг гишүүний дургүйг хүргэлээ. Боловсролын сайд маань одоо дэд сайдаар ажиллаж байгаа Ё.Отгонбаярын үед "орж ирсэн" Кэмбридж тогтолцоог зориудаар шүүмжлэв үү, эсхүл түүний мэдлэг боловсролын хэмжээ тиймхэн байгаа нь илрэв үү. УИХ-ын гишүүд нөгөө л сургууль, багш нарыг үзэн яддаг, тэдний эсрэг эцэг эхчүүдийг турхиран оноо цуглуулах гэдэг чавганц зангаасаа салаагүй бололтой.

           УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Сургууль цэцэрлэгүүд захирлынхаа хувийн эзэмшил болчихоод байна. Зарим тохиолдолд бүр өв залгамжилж байгааг анхаарах ёстой. Бас сургууль цэцэрлэгүүдийн эцэг эхчүүдээс авч байгаа мөнгөн татаас хэрээс хэтэрлээ. Энэ салбарт хариуцлага, хяналт, үр дүнгийн тогтолцоог заавал бий  болгох шаардлагатай байна.Нийгмийн ийм чухал захиалгыг биелүүлэх нь бидний үүрэг юм" гэжээ. Тэрбумтан гишүүний хүүхэд хэдэн саяын төлбөртэй, ямар сургуульд сурдаг болоод тэр сургууль нь хэнийх байж хэнд өв залгамжлагдсан өвлөгдсөн, татаас нэмэгдээд хэрээс хэтэрлээ гэдэг нь хэдэн саяд хүрсэн талаар хэлснийг мэдэхгүй юм. Нийгмийг бүхэлд нь ийм баячууд л турхирдаг. Жирийн эцэг эхчүүд дэлхий даахгүй баячуулыг дуурайж сургууль, багш нараа хараах нь сүүлийн үед ихсэв. Хотын төвийн нэг сургуульд ач нь сурдаг эмээ ачийнхаа ангийн хүүхдүүдэд дандаа л чихэр үзэм аваачиж өгдөг, тэднийг хайрын нүдээр харж сэтгэлээ баясгадаг байж. Хөгшнийг нас барсны дараа ачийнх нь ангийн хүүхдүүд мянга мянган төгрөгөөр нийлж буян үйлдэх болжээ. Гэтэл нэг эцэг "хүүхдээс хууль бус мөнгө татлаа" гээд бөөн зарга хийж, шуугиулсан гэж байгаа. Сургууль гэдэг хүүхдийг хүн болгон хүмүүжүүлэх ёстой газар болохоос багш нартай дайсагналцуулан, хэрүүл дэгдээх хар зах биш. Боловсролын гэгээн сүмд боловсролгүй хүмүүсийн гар бие оролцоод ирэхээрээ эх адагаа алдаж, эмх замбараагүй байдал үүсч байгаа бололтой.

                                                                                                                          Т.Содном

сэтгэгдэл үлдээх