Монгол улсын Ардын багш Ч.Авдай: “ХҮРЭЭ” ДЭЭД СУРГУУЛЬ ӨНДӨР ОНОО АВСАН ОЮУТНЫГ 4 ЖИЛ ҮНЭГҮЙ СУРГАЖ, ТЭТГЭЛЭГ ОЛГОНО

“Хүрээ” мэдээлэл холбоо технологийн дээд сургуулийн дэд захирал Монгол улсын Ардын багш, Академич, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Авдайтай ярилцлаа.

-Сайн байна уу. Ярилцлага өгөхөөр болсон танд баярлалаа. Сайхан хаваржиж байна уу. 

-Сайхан хаваржиж байна. Танай хамт олонд баярлалаа.

-Таны амьдралын хувьд түүхэн гэмээр явдлуудаар яриагаа эхлэх үү?

Би улсад нийт 51 дэх жилдээ ажиллаж байна. Үүний 16 жил 4 сард нь ШУТИС-ийн захирлын албыг хашсан. 50 гаруй ном сурах бичиг 60 гаруй ном орчуулж редакторласан  төдийгүй 200-гаад эрдэм шинжилгээний бүтээл туурвисан байна. Түүнчлэн шинэ бүтээлийн 26 патенттай, тэдгээрийн ихэнх нь үйлдвэрлэлд нэвтэрсэн. 2011 онд чацаргана судлалын ажлаараа дэлхийн шилдэг эрдэмтэн боллоо.

УИХ-д найман жил гишүүнээр сонгогдон ажилласан.

Би тэтгэвэртээ гарсан ч эрдмийн ажлаа орхиогүй ШУТИС-д зөвлөх профессороор ажиллаж байна. Докторантур, магистрантурт лекц уншихын зэрэгцээ “Хүрээ” их сургуульд сургалт, эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирлын албыг хашиж байна.

 

-Удахгүй их дээд сургуулиудын элсэлтийн шалгалт эхлэх гэж байна. “Хүрээ” мэдээлэл холбоо технологийн дээд сургуулийн элсэлт хэрхэн явагдаж байна вэ? Танай сургуульд элсэхийг хүссэн хүүхдүүд хэрхэн бүртгүүлэх вэ?

-Тиймээ. Манай сургуулийн элсэлт эхэлсэн. ЭЕШ-аас өмнө элсэлт эхэлсэнд гайхаж магадгүй байх л даа. Сурагчид шалгалтнаас өмнө манай сургуульд бүртгүүлсэн тохиолдолд нэмэлт тэтгэлэгт хамрагдах боломжийг олгож байгаа юм.

Хүрээ МХТДС гадны улс оронд мэргэжил эзэмшдэг байсан өндөр чадвартай инженерүүдийг Монголдоо бэлдэж эхэлсэн төдийгүй суралцагсдад тэтгэлэг олгож байгаа учраас олон нийтийн зүгээс болон оюутнуудынхаа зүгээс талархлыг хүлээсээр байна. Тиймээс манай сургуулийг сонирхсон эцэг эхчүүд бидэн дээр ирж, хүүхдүүдийнхээ ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь тусалж хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөг авч болно.

-Танай сургууль шинэ элсэгчиддээ ямар ямар хөнгөлөлт үзүүлж байгаа вэ? Бусад сургуулиудад байхгүй олон хөнгөлөлт үзүүлж байгаа гэсэн.

-Их дээд сургуулиудын сургалтын төлбөр жилээс жилд нэмэгдсээр байна. Харин манай сургуулийн төлбөр нэмэгдээгүй, мөн шинэ элсэгчиддээ олгох тэтгэлгийнхээ тоог нэмэгдүүлсэн. Тухайлбал шинэ элсэгчийн ЭЕШ-ын оноо 700-800 бол 4 жил үнэгүй суралцахын дээр сар бүр 100,000 төгрөгийн тэтгэлэг авах бол 620-700 оноотой бол 4 жил 100% -ийн тэтгэлэгт хамрагдана. Мөн 600-620 оноотой бол 4 жил 50%-ийн хөнгөлөлтэй сурах, хөдөө орон нутгийн оюутнууд 1 жил 25% хөнгөлөлттэй сурах гэх мэт 20 гаруй төрлийн хөнгөлөлт, тэтгэлэг бий. Сургуулийн захиргаанаас энэ хичээлийн жилээс эхлэн 200 оюутныг 4 жил 100% тэтгэлэгт хамруулахыг зорьж байгаа.

-Та өөр бусад тэтгэлгүүдийнхээ талаар танилцуулаач?

-Манай сургууль шинэ элсэгчиддээ зориулсан 6 янзын тэтгэлэг, мөн нийгмийн хангамжийн 6 тэтгэлэг, суралцаж байх хугацааны 6 тэтгэлэг, бусад гээд нийт 20 гаруй төрлийн тэтгэлгийг оюутнууддаа олгодог. Тухайлбал дээр дурьдсан тэтгэлгүүдээс гадна нэг гэрийн 2 оюутны, олимпиадын, сурлагын голч онооны, оюутны зөвлөлийн, сургуулийн багш ажилтны хүүхдүүдэд олгох гэх мэт олон тэтгэлэг бий.

-Хүрээ МХТДС нь мэдээлэл холбооны мэргэжлийн сургууль гэдгээрээ олонд танигдсан. Өөр мэргэжлээр элсэлт авдаг уу?

-Тиймээ. Манай сургууль мэдээлэл холбоо, компьютер программ хангамжийн инженерүүдийг бэлтгэхээс гадна электроник, сэргээгдэх эрчим хүч, хүнс био технологи, барилга архитектур, эмнэлгийн тоног төхөөрөмж, англи солонгос хэлний орчуулагч зэрэг мэргэжлүүдээр элсэлт авдаг. Гэхдээ энэ бүх мэргэжлийн оюутнууд маань компьютерийн хэрэглээний програмуудыг заавал эзэмшиж, англи солонгос хэлний зохих мэдлэгтэй болж төгсдгөөрөө бусад сургуулиас давуу талтай. Төгсөгчид бараг 100% ажлын байртай болдог онцлогтой.

-Сургуулийн материаллаг бааз, хичээлийн лабораторийн талаар танилцуулахгүй юу?

-Манайх материаллаг бааз тал дээр нэлээн бэхжиж байгаа. Хичээлийн 3 давхар 3 байртай, Мөн номын сан, хоолны газар, спорт, урлагийн заал, дотуур байртай гээд оюутнуудын тав тухтай сурах бүхий л орчинг бүрдүүлж чадсан. Үүнээс гадна инженерийн чиглэлийн оюутнуудад зориулж суурь сургалтын болон судалгааны лабораторуудыг бий болгосон.

-Танай сургуулийн гадаад харилцаа хэр өргөжиж байна вэ?

-Оюутнууд гадаадын их дээд сургуульд сурч, улс үндэсний хэл соёлтой танилцах хүсэлтэй байдаг. Энэ утгаараа манай сургууль бакалаврын түвшний оюутнуудаа 2, 3-р курст нь оюутан солилцооны хөтөлбөрт хамруулж БНСУ-ын их дээд сургуулиудад илгээн суралцуулдаг. Мөн БНСУ-ын засгийн газрын тэтгэлэг болон 2+2 хөтөлбөрт хамрагдан суралцахаар явдаг. БНСУ, Хятад, АНУ-ын 50-иад их, дээд сургуультай хамтран ажиллагааны гэрээтэй ажилладаг.

-Гадаадад сурах жилүүдийн сургалтын төлбөр өөрчлөгдөх үү?

-Өөрчлөгдөхгүй, Монголд төлж байсан төлбөрөөрөө манай сургууль хамтран ажиллагааны гэрээтэй сургадаг юм.

-Ярилцсанд баярлалаа. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

 

сэтгэгдэл үлдээх