МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ХУУЛИЙГ 10 ЖИЛЭЭР СУНГАХ ШИЙДВЭР ГАРГАВ

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хугацааг 10 жилээр сунгах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Уг шийдвэрийн дагуу хуульд өөрчлөлт оруулж баталбал газар өмчлөл 2028 оны тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. 

Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх талаар зохицуулсан хуулийг 2002 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Улмаар 2008 оноос эхлэн Монгол Улсын иргэн бүрт 0.7 га газрыг үнэ төлбөргүй өмчлүүлэхээр болж өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байгаа юм. Хуульд нийт 7 удаа өөрчлөлт оруулсан бөгөөд хуулийн хүчинтэй хугацаа 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр дуусч байгаа. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр уг хуулийн хэрэгжих хугацааг 10 жилээр сунгах шийдвэр гаргаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Өмчлүүлэх газрын байршлын тухайд, жил бүр Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталдаг. Улсын хэмжээнд өмчлүүлэх газрын төлөвлөгөөг Засгийн газар, нийслэлийг НИТХ, аймаг, сумдын төлөвлөгөөг тухайн орон нутгийн ИТХ батална. Харин нийслэлийн тухайд өмчлүүлэх газрын нөөц байхгүй гэсэн шалтгаанаар газар өмчлүүлэх ажиллагааг түр зогсоогоод байгаа.   

Зуслангийн газрын тухайд, иргэн бүрт 0.7 га газар өмчлүүлнэ гэсэн хуулийн дагуу эзэмшиж буй зуслангийн газраа өмчилж авч болох юм.  



Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханы хэлснээр, өнгөрсөн 16 жилийн хугацаанд нийт иргэдийн 18,7 орчим хувь нь 570 мянган га газар өмчилж авсан. Хуулийн хугацаа дуусах дөхөхөөр иргэд маш ихээр газар өмчилж авдаг. Харин сунгасных нь дараа хөдөө, хээр газар нь таарчихсан байдаг учир гэрчилгээгээ аваагүй удааширдаг. Энэ тохиолдлоор 170 мянган га газрыг өмчилсөн ч гэрчилгээгээ аваагүй байна.

сэтгэгдэл үлдээх