Ц.Магалжав: Бөхчүүдийг хоорондоо маргалдаж байна гэдэг буруу ойлголтыг нийгэмд хүргээд байна

Монголын Үндэсний бөхийн холбоо тойрсон асуудал улам хурцадлаа. Бөхийн холбооны хоёр талын маргаанаас болж Бөхийн өргөөний хаалга хоёр удаа эвдэлж, бөхчүүдийн бие биедээ өгч байгаа хэрүүл улам даамжирч байна. Бөхийн холбооны эргэн тойронд болж буй үйл явдлын талаар Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, Улсын заан Ц.Магалжавтай ярилцлаа.

-Бөхийн холбооны дэд тэргүүний албыг аваад удаагүй байна. Энэ үед холбоонд олон асуудал гарлаа. Эндээс яриагаа эхлэе?

-Монгол бөхийн өв соёл, хөгжил гэдэг зүйлтэй холбогдож байна. Нэгэн үеийн бидний бөхчүүд гуравдугаар сарын 24-д Бөхийн өргөөнд болсон наймдугаар “Их Эе”-д оролцсон. Өнөөдөр бөхчүүдийг хоёр хуваагдлаа гэсэн хандлага нийгэмд гарчихлаа. Үүнийг л цэгцэлье гэж бид тэр хуралд идэвхтэй байр сууринаас оролцсон. Бөхийн холбооны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орж, тэргүүн, дэд тэргүүн, тэргүүлэгчид нь орон тооны бус байна гэж заасан. Манай бөхчүүд ярилцаж байгаад намайг дэд тэргүүнээр ажлаач гэсэн саналыг тавьсан. Энэ талаар ярилцаж байгаад Бөхийн холбооны дэд тэргүүнээр ажиллаж байна. Мөн хурлаас гарсан тэргүүлэгчид ч нэгэн сэтгэлээр бөхийнхөө төлөө зүтгэе гэсэн эрмэлзэлтэйгээр нэгдэж байгаа. Бид нийгэмд бөхчүүд талцаад байгаа юм шиг энэ байдлыг өөрчилье гэдэг үүднээс наймдугаар “ Их Эе” хуралд идэвхтэй оролцсон.

-Холбооны Тэргүүлэгчид шинээр сонгогдсон. Эдгээр тэргүүлэгчид дунд бөхчүүд бий. Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Бөхийн холбооны тэргүүлэгчид 21 аймгаас 5 аймгийн төлөөлөгч сонгогдон ажиллаж байна.Тэргүүлэгчдийн хамгийн гол шийдвэрлэх асуудал бол энэ маргаан, талцаад байгаа байдлыг шийдэх, өөрсдийнхөө үүрэг хариуцлагын үүднээс нэгэн сэтгэлээр хамтран ажиллахаар нэгдсэн. Ямар нэгэн цалин мөнгөгүйгээр бөхийн хөгжилд гар бие оролцож байгаа юм. Тэргүүлэгчдэд Архангай аймгаас Улсын гарьд Д.Рагчаа, Өвөрхангайгаас арслан Д.Ганхуяг, Дорноговиос арслан Д.Азжаргал, Булганаас гарьд И.Доржсамбуу, Завханаас гарьд И.Жаргалсайхан, Хөвсгөл аймгаас харцага Г.Элбэг, Ховдоос заан Ц.Мягмарсүрэн, Сэлэнгээс харцага Т.Өсөх-Ирээдүй, Төв аймгаас харцага М.Бадарч зэрэг бөхчүүдийг дурдаж болж байна. Энд ямар нэгэн хувийн эрх ашиг байхгүй. Мөн Цэцдийн зөвлөл нийт 67 гишүүнтэй.  Цэцдийн зөвлөл бол үндэсний бөхийн барилдааны дүрэм, бөхчүүдэд хариуцлага тооцох зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Даргаар нь дархан аварга Г.Өсөхбаяр сонгогдсон байгаа.

-Бөхийн холбооны дүрмийг зөрчиж хийсэн хурлаас Л.Чинбатыг тэргүүнээр сонгосон гээд байгаа. Үүнд та бүхэн хангалттай тайлбарыг өмнөх мэдээллээр өгсөн. Одоо шүүхийн явц хэр удаан үргэлжлэх вэ?

-Шүүхийн явц хамгийн багадаа одооноос хоёр жилийн хугацаанд үргэжлэх буюу 2020 он хүртэлх хугацаанд явагдах байх гэж бодож байна. Л.Чинбат нь гурван шатны шүүхээр ялсан буюу тэргүүнээр сонгогдсон гэсэн зүйл огт байхгүй бөгөөд гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн нь Улсын Дээд шүүхийн 2003 оны долдугаар сарын 01-ний өдрийн №403 тоот тогтоолоор, 2002 оны сонгогдсон Цэцдийн Зөвлөлд 2003 оны гуравдугаар улиралд багтаан хурлыг хийж 'Тэргүүнийг сонго' гэсэн тогтоол байгаа юм. Үүнээс хойш 'Их-Эе'-ийн хурлыг хийж чадахгүй маргаантай явсаар 2014 оныг хүрсэн. Энэ хугацаанд нөгөө тал болох хүмүүс нь А.Рэнцэндорж, н.Содмандах, н.Чимэд-Юндэн генерал зэрэг хүмүүсийг тэргүүнээр сонгож ирсэн юм билээ. Одоо Л.Чинбат захиралыг сонгосон асуудал үүсээд байна. 2014 оны Цэцдийн Зөвлөлийн хурлаас 2018 оны гуравдугаар сард 'Их-Эе'-ийг хийхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу 2018 оны гуравдугаар сарын 24-нд 'Их-Эе'-ийн ээлжит их хурлыг дүрмийн дагуу хийсэн.

Бөхийн өргөөнд үймээн гарна гэдгийг өнгөрөгч лхагва гаригт (2018.04.11)  мэдэж, маргааш нь хэвлэлийн хурлыг хийж холбогдох хууль, цагдаагийн байгууллагуудад хандсан. Нээлттэй хэвлэлийн хурал хийсэн нь ийм учиртай юм. Би энд нэг зүйлийг онцгойлон хэлмээр байна. Бөхчүүд хоорондоо маргалдсан зүйл огт байхгүй. Бид хэзээд ах, дүүс байдаг. Барилдааны талбарт тэмцэлдэж байдаг ч эргээд уулзахдаа ах, дүүс шиг явдаг. Түүнээс бөхчүүдийг хоорондоо маргалдаж байна гэдэг буруу ойлголтыг нийгэмд түгээгээд байна. Хууль, шүүхээр явах асуудал  шат дараагаар явна.

УВС АЙМГИЙН БӨХЧҮҮДЭЭС НЭГ НЬ Ч ҮЙМЭЭН ГАРГАЖ, ӨРГӨӨНИЙ ХААЛГЫГ ЭВДЭЭГҮЙ

-Бөхчүүдийн маргаан, тэмцлээс болж Бөхийн өргөөний хаалгыг хоёр удаа эвдлээ. Үүнийг болиулж болдоггүй юм уу. Увс аймгийн бөхчүүдийг гадуурхаад байна гэх юм?

-Тийм зүйл огт байхгүй. Увс аймгийн бөхчүүд гээд онцгойлон хэлж байгаад харамсч байна. Миний  эргэн тойронд Увс аймгийн бөхчүүд, ураг садан байна шүү дээ. Энэ маргаан хоёр  хүнээс л болж байна. Аль нэг аймгаараа нутгархаад талцсан зүйл байхгүй. Бид бөхчүүдийнхээ үгийг сонсч байна. Дархан аварга Х.Баянмөнхийн үгийг бол хамгийн түрүүнд сонсч, ярилцана. Улсын гарьд Б.Гантогтох, улсын заан Д.Бумбаяр, Улсын харцага Ч.Чулуунбаатар, начин Н.Мөнхжаргал  ах зэрэг дотно байдаг нөхдүүдийнхээ үгийг хамгийн түрүүнд сонсоно.  Н.Батсуурь арслан, Ө.Бат-Орших гарьдын үгийг ч сонслоо. Эдгээр бөхчүүдийн зарим нь  санаа зовж ярилаа. Бид ярилцах ёстой гэдгээ сайн мэдэрч байна. Харин үүнд үнэн зөв хариулт өгөхийн тулд бодитой баримтан дээр тулгуурлаж яримаар байна. Үүнд ердөө хоёр хүн л буруутай байна.

-Та тэднийг нэрлэж болно биздээ. Үүнд л хариулт авмаар байна?

-Болно. Дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат, өмгөөлөгч Ц.Баасандорж  гэх хүн байна.  Бодит жишээн дээр тулгуурлан хэлж байна. Өнгөрөгч бямба гаригийн шөнө Бөхийн өргөөний хурлын танхимд бөхчүүдийн төлөөлөл болсон хүмүүс хуралтай байсан. Гэтэл цагдаагийн бие бүрэлдэхүүн болон бөхчүүдийн төлөөлөл болоод сууж байгаа хүмүүсийн дэргэд өмгөөлөгч Ц.Баасандорж Л.Чинбат захирал руу яриад “200 хүнээ явуулаарай гэж хэлсэн байгаа.

Дараагийн хүн бол өөрөө өөрийнхөө хоолойг боогоод байгаа УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат юм. Бид хоёр ах, дүүгийн сайхан харилцаатай байдаг. Хувийн ямар нэгэн асуудал байхгүй. Гэхдээ энэ хүний үйлдэл хэтэрхий уйвайгүй болж эхэллээ. А.Сүхбат гишүүн өнгөрөгч бямба гаригийн 17.00 цагийн үед Бөхийн өргөөний хаалгыг эвд гээд хэлж байгааг харахад бодох зүйл байгаа юм. Би эндээс нэг зүйлийг харахад А.Сүхбат, өмгөөлөгч Ц.Баасандорж  нар Л.Чинбат захирлыг турхирч, толгойг нь маш сайн угаасны улмаас ийм зүйл хийж байна гэж харлаа. Ийм л асуудал гараад байгаа юм. Тиймээс Увс аймгийн бөхчүүдээс нэг нь ч үймээн гаргаж, өргөөний хаалгыг эвдээгүй. Тиймээс өөрийнхөө хоолойг боогоод байгаа А.Сүхбат аваргын үгийг бодож байж сонсоно. Энэ бол баримттай зүйл.

-Гэтэл Б.Одхүү начинг А.Сүхбатыг зодож гэмтээсэн гээд байдаг. Тухайн үед та бүхэн хамт байсан байх аа?

-Өнгөрөгч бямба гариг буюу дөрөвдүгээр сарын 14-ний орой Бөхийн өргөөний хурлын танхимд бөхчүүд ярилцаж суусан. Энэ хурал шөнө дөл болтол үргэлжилсэн. Ямарч шийдэлд хүрч чадаагүй. Б.Одхүү начин наймдугаар “Их Эе” хурлаар Цэцдийн зөвлөлд шинээр сонгогдсон. Түүний тавьсан асуулт зөв байсан. Б.Одхүү А.Сүхбат аварга, өмгөөлөгч Ц.Баасандорж хоёрт “Шөнийн харанхуйгаар ямар асуудал шийдэх вэ? Ярих гэж байгаа зүйлээ өдрийн цагаар ярьж болдоггүй юм уу”  гэж хэлээд Б.Одхүү начин бид хоёр уулзалтыг орхиод гарсан. Би А.Сүхбат аваргатай маргаашийн өглөөний 08.00 цагт уулзана гэж тохирсон. Бөхчүүд мөн гэртээ харихаар гарсан. Харин А.Сүхбат аварга тэр өрөөнд хононо гээд үлдсэн. Ийм л зүйл болсон. Үүрээр зургаан цагийн үед Бөхийн өргөөний хамгаалагч нар обьектыг шалгах явцдаа А.Сүхбат гишүүний байсан өрөөнд чимээ гарахад очиж хаалга тогшиход онгойлгоогүй юм билээ. Хамгаалагч нар хаалгыг түлхээд ороход гишүүн сандал дээр хэвтэж байхыг хараад “ Бүгд явчихлаа. Та хариарай.” гэж хэлсэн юм билээ. Энэ үед Б.Одхүү гурван хамгаалагч дээр очсон байсан. Б.Одхүү рүү их том хараад гутлаа үдээд үг хэлэлгүй гарсан. Ямар нэгэн бие биенийхээ гар хөлөөс татаж чангаасан зүйл болоогүй.  А.Сүхбат гишүүн Бөхийн өргөөний зүүн хаалга буюу билет тасалдаг хаалгаар гарсан. Гараад үүдэнд байсан хоёр цагдаатай уулзаж Бөхийн өргөөний хойд хаалган дээр зогсч байгаад явсан. Бичлэг нь ч байгаа.  Миний утас унтарсан учраас Б.Одхүү намайг байгаа эсэхийг лавлахаар орох үед энэ явдал болсон.  

А.СҮХБАТ АВАРГЫН ҮГИЙГ БОДОЖ БАЙЖ СОНСООРОЙ ГЭЖ БӨХЧҮҮДДЭЭ ХЭЛМЭЭР БАЙНА

-А.Сүхбат гишүүн өөрийгөө зодуулсан гэх зургаа хүртэл олон нийтэд гаргасан байсан. Мөн цагдаагийн газарт гомдол гаргасан байсан?

-2018 оны дөрөвдүгээр 14-ний өдрийн 14:00 цагт  Дархан аварга Х.Баянмөнхтэй  Г.Өсөхбаяр аварга уулзсан. Тэр үеэр А.Сүхбат аварга шууд бичлэгээр ярьж байсныг олон нийт харсан. Тэр үед хүзүү улайсан зүйл огт байхгүй өөрөө ч тийм зүйл яриагүй. Удалгүй 18.00 цагт намайг Бөхийн өргөөний гадаа байхад бас ирж уулзсан. Мөн л хүзүү нь зүгээр байсан. Эдгээр бичлэгүүд бүгд байгаа. Хүзүүг гэмтээсэн гэсэн зүйлийг огт яриагүй. Харин 20:00 цагийн үед Д.Рагчаа, Д.Азжаргал, Ш.Жаргалсайхан нарт “намайг ингэсэн гэж” хүзүүгээ үзүүлсэн байсан. А.Сүхбат аваргын энэ хийж байгаа үйлдэл үнэхээр зүй зохисгүй үйлдэл болж байна Тэгэхээр Л.Чинбат захирлыг хамгийн их уруу татаж байгаа хүн бол дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат, өмгөөлөгч Ц.Баасандорж нар байгаа юм. Би мөнгө авч хамгаалалт хийсэн хамгаалагч нарыг, мөн хэвлэл мэдээллээр төлбөртэй мэдээлэл гаргаж байгаа ажилтнуудыг буруутгасангүй. Монголын өнөөгийн амьдрал ийм л байна. Хүн мөнгө олохын тулд буруу ч бай зөв ч бай үйлдэл хийж байна. Хэд хэдэн сайтад төлбөртэй мэдээллийг гаргаж байгааг харлаа. УИХ-ын гишүүн хүн Цагдаагийн удирдлагын дэргэд хаалга эвдсэн хүмүүсийг би авчирсан юм. Дахиад авчирна, та нарыг ална гэж олон хүний дэргэд хашгирах ёс зүйтэй үйлдэл үү. Өмнө нь бөхчүүд бид нар сонсч байсан. Нэр бүхий ахмад 2-3 бөхийг ална гэж байсан.  Одоогоор ах маань хүн алсан гэж сонсогдоогүй л байна.  Ийм үйлдэл гаргаад байгаад нь Харамсалтай байна.

-Бөхийн өргөөний үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоочихлоо. Мөн бөхчүүдийн нэр хүнд маш их унаж байна. Одоо та бүхэн бөхчүүдтэй ярилцах л үлдлээ гэж харж байна. Хэзээ бөхчүүдийн уулзалт болох вэ?

-Прокурорын газраас хугацаагүйгээр Бөхийн өргөөний үйл ажиллагааг зогсоосон байгаа. Өргөөнд болох байсан бөхийн барилдаан, урлаг соёлын тоглолт зогслоо. Энэ байдлаас болж бөхчүүдийн нэр хүнд унаж байна. Үүнд нэг зүйлийг дахин хэлэхэд бөхчүүд хоорондоо маргалдсан зүйл огт байхгүй шүү. Одоо бөхчүүд уулзаж ярилцах эрэл хайгуулыг хайж байна. Бөх биш хүмүүс нь түр хол байгаач. Монгол Улсад намаараа хөрөнгө чинээгээрээ, спортын холбоодууд нь  хоёр хуваагдсаар байгааг бид харсаар байна. Харин Үндэсний Бөх маань хэзээ ч хуваагдахгүй  ийм зүйл байдаггүй юм гэдгийг бөхчүүд бид одоо ард түмэндээ харуулах ёстой. Үүнд бөхчүүд л оролцох ёстой. Бөхчүүд эв эеээ ололцоод явахад асуудалгүй гэж бодож байна. Бид сайн ярилцаж чадна гэж найдаж байгаа. Тиймээс бөхчүүдийн уулзалтыг хийхийг хүсч байгаа юм.

Бас хоолойгоо өөрөө боогоод, намайг бэртээчихлээ гэж байгаа дархан аварга А.Сүхбат ахын үгийг бас бодож байж сонсоорой гэж бөхчүүддээ хэлмээр байна.

-Бөхийн холбоо хоёр хуваагдаад байгаа нь Бөхийн өргөөнд байгаа гэж олонх нь үзэж байна. Зарим бөхчүүд ийм утга бүхий ярилцлага өгчээ. Үнэхээр энд их орлого олоод байдаг уу?

-Би түрүүн хэлсэн. Бөхийн холбооны наймдугаар “Их Эе” хурал дээр бидний үеийн бөхчүүд очихдоо хоёр хуваагдаад байгаа асуудлыг цэгцлэхэд өөрсдийнхөө оролцоог оролцуулъя гэж очсон. Урлагийн тоглолтын нэг оройн үзвэрээс хоёр сая төгрөг олоод тэр хэрээр орлого олдог гэж яриад байна. Одоо энэ бүгдийг аудитын шалгалтаар шалгана. Ийм зүйлийг хянах учраас Гүйцэтгэх захирал болон Цэцдийн зөвлөлөөс тэргүүлэгч нарыг сонгосон. Энэ бүх зүйл ил тод байх болно. Бид их зөв тогтолцоотой явж байгаа гэж бодож байна. Бид өнөөдөр ингэж бөхчүүдийнхээ төлөө дуугарах ёстой гэж хэлээд байгаа юм. Тиймээс холбооны тэргүүн, дэд тэргүүн, тэргүүлэгчид цалингүй ажиллаж байна. Бид тус тусдаа болоод л байна. Бүгд л хувийн зүйлээ хийгээд явж байгаа. Магадгүй бас бус хүмүүс үүнийг сонирхож байж магадгүй. Надад хэлмээр санагдлаа. Д.Ганхуяг арслан “АПУ” компанидаа ажилласаар байна. Д.Рагчаа гарьд Цагдаагийн академийн Биеийн тамирын асуудлыг хариуцаад явж байна. Т.Өсөх-Ирээдүй харцага “Алдар” нийгэмлэгийн бөхчүүдийн асуудал гээд тус тусынхаа юмыг хийгээд явж байна. Миний хувьд ч гэсэн бетон зуурмагаа үйлдвэрлэж, барилгаа бариад хангалттай ажилтай завгүй л явна. Бид Бөхийн өргөө гэдэг асуудал руу огт орохгүй. Бөхийн бодлого чиглэл, залуу үедээ сайн сайхан зүйл үлдээе гэсэн бодолтой сэтгэл санаа нэгдээд ажиллаж байна. Бөхчүүд уулзаж, ярилцах хэрэгтэй байгаа юм. Увс, халх гэж ялгаад байгаа зүйл бөхчүүд дунд байхгүй ээ. Энэ сарын бөхийн барилдааны хуваарьт олон барилдаан байна. Түүний нэг дөрөвдүгээр сарын 24-д Увс аймгийн Малчин сумын харьяат  уран барилдаант Улсын начин Ө.Сумъяа ахын нэрэмжит барилдааныг хийх байлаа. Энэ барилдааныг  хийхийг хүсч байна. Бид аль аль талаасаа Цагдаа, Прокурорын газар хүсэлт гаргаад хэвийн үйл ажиллагаа явуулах хүсэлтээ гаргах нь чухал байгаа юм. Одоо ойлголцохгүй бол их төвөгтэй асуудал үүсчихлээ.

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 3 Сар

Увсынхан бол хамгийн муухай хутгуурууд. Баянмөнх Сүхбатыг турхираад майгаа юм бишүү? Иргэний дайн гарна барина гэж Баянмөнх сүрдүүлсэн байна лээ. Хэрвээ тэгвэл өөрсдөө дуусна гэдгээ бодож байж яриасай билээ Баянмөнх гуай. хэрвээ ти

Bayaraa

  • [192.168.1.1]
  • 3 Сар

Ene Bayanmunkhiin hiij bgaa hor zunuj uheh boloogui gulug yum bhdaa. Olon hunii amidralaar togloson muu durvud