БСШУС-ын дэд сайдыг томиллоо

TV5 телевизээр овоглогдон олонд танигдсан Г.Ганбаяр БСШУС-ын дэд сайдаар томилогдлоо. Тодруулбал Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаярыг томилсонтой холбогдуулан түүнийг оронд нь нөхөн томилсон байна.

Нийслэлийн 84 дүгээр дунд сургуулийг 1996 онд төгссөн Г.Ганбаяр ХБНГУ-ын HUMBOLDT сургуулийн бэлтгэл курсийг төгсөж, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд, Санхүү эдийн засгийн дээд сургуульд магистр зэрэг хамгаалсан юм. Харин ажил албаны тухайд тэрбээр FМ 107.5 радиод ерөнхий менежер , МҮТВ-ийн “Гэрэлтэй цонх” студид редактор, Замын цагдаагийн ОНХА мэдээллийн албанд, УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны мэдээллийн албанд мэргэжилтэн, ТВ-5 телевизийн ерөнхий менежер, “BSP” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ. МАН-ын Бага хурлын гишүүн тэрбээр 2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан юм. Г. Ганбаяр МАН-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байгаад ийн дэд сайд боллоо.

сэтгэгдэл үлдээх