БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ ХИЙМОРИЙН САН ТАВИУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

        Батлан Хамгаалах Яам сүүлийн үед баарагтай байна. Хээрийн сургуулийн үеэр, энх амгалан цагт эр цэргүүд нь эзэмшсэн зэвсэгтээ өртөж амь насаа алдсан. Хариуцлага тооцно, шаардлагатай бүхий л арга хэмжээг авлаа, ослоос болж амь насаа алдсан цэргийн албан хаагч үнэхээр баатар байсан гэх зэрэг эзэн биегүй яриа тарсаар, тараасаар энэ асуудал сарнисан. Цэргүүдийн дунд дэглэлт сэргэж Баярцогт гэх цэрэг хөлийнхөө хуруунаас салсан байсныг тус яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, анги нэгтгэлийн удирдлагууд нь мэдээгүй байсан байдаг. Эх орноо хамгаалах үүрэг хүлээсэн цэргүүд энх цагт нэгнээ дэглэж эрэмдэг зэрэмдэг болгож байгаа нь цэргийн алба биш шоронгийн "хууль" үйлчилдэг газар болсныг харуулж байна. 

       Эх орноо батлан хамгаалах үйлсэд хэзээд бэлэн, хэзээд дайчин шуурхай байх ёстой Зэвсэгт хүчин маань хээрийн сургууль, марш тактикийн тэмцээнээ ч хэл амгүй, хэрэг төвөг, осол авааргүй хийчихэж чадахаа больжээ.Батлан хамгаалахын их сургуулийн удирдах албан тушаалтан офицер Ч, цэргийн ахлагч Б-гийн хамт автомашинтай явж байгаад өнгөрсөн лхагва гарагийн 20:00 цагийн орчимд осолд орсон байна.Тэд мөнөөх л Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах Зэвсэгт хүчний жанжин штабын Тавантолгой хээрийн сургалтын төвд болж буй марш тактикын тэмцээнд оролцож байгаад Төв аймаг руу явах замдаа ийн осолдсон ажээ. Ослын талаар Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, хошууч Ө.Амаржаргал "Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах Зэвсэгт хүчний жанжин штабын Тавантолгой цэргийн хээрийн сургалтын төвийн ойролцоо 69 маркийн автомашин осолдсон хэрэг гарсан. Ослын улмаас нэг хүн хүндэвтэр бэртэж эмнэлэгт хүргэгдээд байна. Одоогоор Алтанбулаг сумаанд Цагдаагийн ажлын хэсэг ажиллаж байгаа. Ослын шалтгааныг бүрэн тогтоогоогүй байгаа учраас энэ талаар өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

         Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа офицерийн биеийн байдлын талаар Цэргийн нэгдсэн эмнэлгийн эмчилгэээрахэлсэн дарга, хурандаа С.Батболдоос тодруулахад "Ослын улмаас гэмтсэн иргэн 5 сарын 10-ны өдрөөс нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Түүний биеийн байдал тогтворжсон. Бэртэл гэмтэл амь насанд нь аюулгүй. эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна." гэсэн юм. Харин цэргийн ахлагчийг эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж үзсэн байна.

                          Т.Номт

сэтгэгдэл үлдээх