Э.Бат-Үүл Ерөнхийлөгч Х.Баттулгын Эсрэг Тэмцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшсэн Халтмаагийн Баттулга ялалт байгуулж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд найман сар илүү хугацаа өнгөрөөд байна.

Энэ хугацаанд түүнийг нэр дэвшүүлсэн Ардчилсан Намынхнаас Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, Хууль Зүйн сайд асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд илтэд шүүмжлэлтэй хандах болжээ. Тэр дундаа Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн шүүмжлэл ихээхэн анхаарал татна.

Э.Бат-Үүл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг популист, дарангуйлал тогтоохыг эрмэлзэгч хэмээн ил цагаан нэрлэсэн бөгөөд : "Ардчилалд аюул учраад байна. Өөр, өөрийн дарангуйллын хувилбарыг санал болгож байгаа талуудын хүч тэнцчихээд байгаа учраас л ардчилал амь голтой байна. Энэ тэнцвэр алдагдахад л ардчилал устана...Би Х.Баттулгад үнэхээр гомдоод, гайхшаа бараад байгаа юм. МАН, ардчиллыг устгаж хэмжээгүй эрхэт засаглалаа сэргээх гэж байгаа энэ эгзэгтэй үед ардчиллаа хамгаалан тэмцэхийн оронд харин ч ардчиллыг устгах цэргийн социализмыг зөрүүлээд санал болгож байна. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход нь маш ихээр баярлаж байгаагаа нуулгүй халуун дотноор тэврэлдэхэд нь би их гайхаж байсан юм. Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг ингэж таалан тэвэрч байсан тохиолдлыг би ерөөсөө урьд нь хараагүй. Ядахдаа хүний нүднээс далд тэгэхгүй...." хэмээсэн юм.

Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн цэргүүдээр бүтээн байгуулалт хийлгэх санал болон цаазаар авах ялыг сэргээх тухай санаачилга, мөн гадаад бодлогыг нь шүүмжилдэг. Үүнийгээ ч тэрээр: "Би Ерөнхийлөгчтэй санал нийлэхгүй бодлогын ноцтой асуудлууд бий. Түүнийгээ ч нуудаггүй.

Тухайлбал, цэргийн хүчээр бүтээн байгуулалт хийхийг маш буруу гэж би хувьдаа үздэг.Учир юу гэвэл чөлөөт эдийн засаг, түүнд суурилах улстөрийн ардчилсан тогтолцооны нэг чухал үндэс нь хөдөлмөрийн чөлөөт зах зээл юм. Бүтээн байгуулалтыг албадлагын хөдөлмөрөөр хийлгэвээс гарцаагүй чөлөөт эдийн засгийг сүйтгэж улмаар дарангуйлалд хүргэдэг. Тийм учраас, барууны ардчилсан улсуудад боолын, хоригдлын, цэргийн, захиргаадалтын зэрэг аль ч хэлбэрийн албадлагын хөдөлмөр эрхлэлтийг хатуу хориглох болсон нь энэрэнгүйн ёсны гэхээсээ илүүтэй ардчилсан эдийн засаг, улс төрийн тогтолцоог хамгаалах шаардлагаас үүдэлтэй билээ.

Бас гадаад бодлогын асуудлаар зөрөлдөж байна.

90 оны ардчилсан хувьсгалын нэг том ололт бол Зөвлөлт гүрнээс тулгасан нэг тулгуурт гадаад харилцаанаас олон тулгуурт,тэр дотроо хоёр хөршийнхөө тухайд тэнцвэртэй харилцаанд шилжсэн явдал юм.Монгол улс Хятадаар айлгасан Зөвлөлт маягийн гадаад бодлогоос татгалзсан.

Гэтэл сүүлийн үед мөнөөх улирч одсон Зөвлөлт маягийн гадаад бодлого Ерөнхийлөгчийн оролцоотой сэргэж байгаа нь санаа зовоож байна.

90 онд бид нэг их гүрнээс хараат байхын эсрэг тэмцэж байсныг ардчилсан хувьсгалын партизан болох Баттулга тун сайн мэднэ.Өөрөө ч энэ азтай завшааны тухай сайхан нийтлэл бичиж байсан юм.

Одоо болохоор Хятадын эсрэг “эдийн засгийн хориг” тавьчих шахуу зүйл ярьж байна.Өнгөц харахад инээдэмтэй мэт боловч алсдаа стратегийн ордуудыг зөвхөн оросын хөрөнгө оруулагчид тавьж өгөхөөс өөр гарцгүй байдалд оруулах аюултай.Тэгвэл эргээд нэг тулгуурт гадаад харилцаатай, гагц Орос гүрнээс хараат улс болно шүү дээ! Ийм хариуцлагагүй гадаад бодлогыг шүүмжлэхээс өөр аргагүй." гэж тайлбарлажээ. Хамгийн сүүлд бичсэн нийтлэлдээ С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг өмөөрч, тэднийг Оюутолгойг идсэн гэдэг нь зүгээр л пиар, уг пиарыг Ерөнхийлөгчийн багийн Р.Батсайхан хийсэн гэж дүгнэсэн байна. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Э.Бат-Үүл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Монголд дарангуйлал тогтоох гэж байна гэж дүгнэж буй бөгөөд үүний эсрэг бүхий л чадлаараа тэмцэнэ гэж намынхандаа ярьсан гэнэ.

 

П.Мандах

сэтгэгдэл үлдээх

Санал

  • [192.168.1.1]
  • 2 Сар

Юу л болоод байна дээ

Jiriin irgen

  • [192.168.1.1]
  • 2 Сар

Naad ardchilaliig chin yarisaar uls oron doroitoj tuildaa. Ehleed bid uls ornoo ulsiin daitai hugjuulcheed ardchilal yarival boditoi baih. Ardchilsan niigem garsanaar uls ornii buteen baiguulaltiig huvichalj tom tom obektuudiig ezemjish bayajlaashdee.