УЧРАХЫН ТАВИЛАН БУЮУ ЖҮЖИГЧИН П.ШҮҮДЭРЦЭЦЭГ ТӨРСӨН АХ, ДҮҮ ХОЁРОО ОЛЛОО

Монгол HD телевизээр “Уулзах тавилан” нэртэй орчуулгын нэвтрүүлэг үе үе цувралаар гардгийг үзэгчид мэдэж байгаа. Тэр нэвтрүүлгээр амьдралын янз бүрийн шалтгаанаар хань ижил, үр хүүхэд , ахан дүүс төөрөн холдож олон арван жилийн дараа баярын нулимстай тэврэлдэн уулзаж учирч байгааг үзээд үзэгчдийн сэтгэл догдлон, хамар шархиран, нулимс нь урсдаг билээ. Дэлхийд алдартай ийм л нэгэн шилдэг нэвтрүүлгийн үйл явдалтай адил тохиолдол мисс, жүжигчин П.Шүүдэрцэцэгт тохиолдлоо.

Шүүдэрээгийн тухай нийтлээгүй сонин, хэвлэл, нэвтрүүлээгүй радио, телевиз үгүй биз ээ. Монголын үзэгч олонд “Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, “Анирлагч”, “Бид гурвын болзоо” зэрэг олон арван киноны гол дүрээр танил болсон Шүүдэрээ хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өөрийгөө би айлын ганц хүүхэд хэмээн ярилцлага өгсөөр ирсэн билээ. Гэтэл саяхан Шүүдэрээ эцэг нэгтэй төрсөн ах, дүү хоёртойгоо мэдэж бөөн баяр болжээ. Хамгийн сонин н ьтэр ах, дүү хоёр нь бас л айлын ганц хүүхдүүд байжээ.

Монголчууд ганц хүүхэдтэй айлыг хүүхэдгүй, хоёр хүүхэдтэй гэр бүлийг нэг хүүхэдтэйд тооц хэмээн ярьдаг. Айлын ганц хүүхэд байна гэдэг амаргүй. Бага, балчирдаа үүнийгээ мэдэхгүй өсөөд, мэдээ орон томорсон хойноо би яагаад ганцаараа гэж! Бусад шиг ах, эгч, дүү яагаад надад байдаггүй юм хэмээн гуниглангуйгаар боддог ажээ. Бусад айлын гэрт олон хүүхдийн жаргалтай инээд, шуугиан цангинаж байхад ганц хүүхэдтэй айлд хүн байхгүй мэт нам жимхэн байдаг билээ.

Ингээд Шүүдэрээгийн ах, дүүтэйгээ учирсан сонирхолтой түүхийг өгүүлье!

Нэг өдөр Шүүдэрээ рүү нэгэн үл таних залуу утас руу нь залгажээ.

- Байна уу?

- Байна. Хэнтэй ярих вэ?

- Шүүдэрээ мөн үү?

- Мөн байна. Та хэн бэ?

- Би Зандан байна.

- Зандан гэж юу билээ хэмээн гайхав.

- Би чиний төрсөн ах чинь байна.

- Юу уу! хэмээн уулга алдан алмайрлаа.

Ийм нэгэн гэнэтийн ярианд хэн хэн нь сандарсан бололтой хэг ёг гэсээр анхны яриа нь өндөрлөжээ. Шүүдэрээ ээжээсээ,

- Би ахтай юм уу хэмээн гайхшран итгэлгүйхэн асуухад ээж нь,

- Тиймээ, миний охин уг нь ах, дүү хоёртой юм шүү дээ гэв. Шүүдэрээд гомдох сэтгэл төрж,

- Тэгээд та яагаад надад энэ тухай хэлээгүй юм бэ? гээд өдий хүртэл юу ч мэдээгүй яваадаа үнэхээр хачин санагдав. Ээж нь,

- Чамайг ухаан орж том хүн болсон хойно тэртээ тэргүй хэлнэ л гэж бодож явлаа.

*      *           *

 

П.Шүүдэрцэцэг аав, ах, дүүгийн хамт

Ах Занданд ээж нь энэ тухай бас л дурдахгүй явсаар өдий хүрчээ. Харин Зандан энэ тухай ээжийнхээ амнаас бус хамаатныхаа амнаас сонсоод мэл гайхжээ. Зандан эхлээд төрсөн эцгээ сэмхэн хайж эхлэхдээ ээждээ ч хэлсэнгүй. Аавынх нь аавын дүү нь ардын жүжигчин Л.Цогзолмаа гэдгийг мэдээд ардын жүжигчин Н.Сувдын хүү Т.Бат-Оргилтой холбогджээ.

- Байна уу? Бат-Оргил уу?

- Тийм байна. Хэн бэ?

- Аан, би танай эмээгийн ахын хүүхэд Пүрэв-Очирын хүү нь байна аа.

- Аа за!

- Би тусдаа амьдарсаар өдий хүрсэн юм. Аавтайгаа уулзах гэсэн юмаа. Надад сургийг нь гаргаж өгч туслаач гэж л залгалаа.

- Өө тэгье тэгье. Би асуугаад эргээд чамд хариу хэлье гэжээ. Ингээд Зандан аавыгаа олон жилийн өмнө Европ руу яваад сураг алдарсныг мэдээд эрэл нь мухардав.

Гэтэл сүүлийн үед П.Шүүдэрцэцэг хэмээх бүсгүй олны танил болоод ирүүт хамаатных нь нэг хүн энэ Шүүдэрээ чиний төрсөн дүү чинь шүү дээ гэжээ. Харин Шүүдэрээг олох шиг амархан юм гэж хаа байхав.

*      *           *

Дүү Анар-Эрдэнэ Европт цэцэрлэгт, дараа нь дунд сургуульд сурч байгаад 2010 онд иржээ. Монголд ирээд монголоор уншиж, бичиж чадахгүй болохоор Германы хөрөнгө оруулалттай “Гёте” дунд сургуульд таван жил суралцаад төгсжээ. Анарааг дөнгөж ой гарантай байхад эгч Шүүдэрээ нь тав зургаахан настайдаа хэсэгхэн хамт байжээ. Түүнээс хойш огт уулзалдаагүй аж. Шүүдэрээ бага байсан болохоор дүүгийнхээ тухай тун бүдэг санадаг ажээ. Харин Шүүдэрээ хоёр жилийн өмнө аав, дүү хоёроо гэртээ урьж сайтар танилцаж эгч дүүсээ мэдэлцэв. Анар өдгөө 21 нас хүрчээ. Айлын ганц хүүхдийн зовлонг ойлгосон Анар “Би гэр бүлтэй болоод олон хүүхэдтэй өнөр өтгөн айлын тэргүүн болно” хэмээн дотроо бодож явдаг аж.

Гуравдугаар сарын 18-ны өдөр ах дүү гурав аавтайгаа уулзалдаж бөөн баяр болцгоосон ч анх удаа учирч байгаадаа тэр үү нэг л итгэмгүй санагдаж, жаахан балмагдан гэрэвшицгээж байснаа хоол идэн хөөрөлдөж удалгүй төрсөн ах дүүс гэсэндээ ихэд дотно бололцож цаашид үргэлж хамт холбоотой байж жаргал зовлонгоо хамт хуваалцаж байхаар болов. Ах Зандан нь “Таван Богд” компанийн лизинг борлуулалт хариуцсан захирал хэмээх хариуцлагатай ажил эрхэлдэг юм байна.

Ийнхүү ах хүний ухаан зангаргаар хоёр дүүгээ хайсаар олж авсан жаргалтай ах дүүсийн уулзалт лав энэ гурваас өөр Монголын хаана ч тохиолдоогүй биз ээ! Ингээд Монголын сайхан бүсгүй жүжигчин Шүүдэрээ гэнэт төрсөн ах, дүү хоёртой боллоо.

Ах дүү гуравтаа ажил амьдралд нь улам их амжилтыг уншигч олныхоо өмнөөс хүсэн ерөөе!

 

сэтгэгдэл үлдээх