ХӨЛ БӨМБӨГИЙН НОГООН ТАЛБАЙ ДАХЬ РОНАЛДУ, МЕССИГИЙН ӨРСӨЛДӨӨН ТӨГСӨХ БОЛООГҮЙ…

Манай бөмбөрцгийн спортын хорхойтнуудын анхаарлын тэргүүн эгнээнд хөлбөмбөг ордог. Тэгээд ч дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийг спорт сонирхогчид анддаггүй. Энэ нь ч нөлөөлж манай гаригийн шилдэг тамирчдын хамгийн их ашиг орлоготой “саятан”-ы жагсаалтыг тэд л тэргүүлдэг. Ялангуяа сүүлийн арван жилд Аргентины Леониль Месси, Португалийн Криштиан Роналду гэдэг хоёр хөлбөмбөгч дэлхийн бөмбөгийн талбайд хоорондоо л өрсөлдөж байна. 2007 онд бөмбөрцгийн хамгийн шилдгээр Кака тэргүүлж Месси, Роналду нар удаалсан бол сүүлийн хоёр жилийг зөвхөн тэр хоёр л хуваан эзлэв. 2009-2012 онд Месси дөрвөн жил завсаргүй бөмбөрцгийн “№1” шилдэг хөлбөмбөгчнөөр  тодорсон.

2008 онд Роналдуг тэргүүлэхэд Месси аман хүзүүдсэн бол 2009 онд Мессийг тэргүүлэхэд Роналду удаалсан. 2011, 2012 онд Месси хоёр жил дараалан дэлхийн шилдгээр тодроход Роналду аман хүзүүдсэн. 2013, 2014 онд Роналдуг дараалан “Алтан бөмбөг” шагнал хүртэхэд Месси удаалсан.

Тэгэхэд тэдний алдрын өрсөлдөөний харьцаа 4:3 болсон ч 2015 онд Месси тав дахь удаагаа “дэлхийн №1”-ээр шалгарч өнөө Роналду ахиад аман хүзүүнд орсон. Харин 2016 онд Месси зургаа дахиа юмуу Роналдуу дөрөв дэх удаагаа манай бөмбөрцгийн шилдгээр тодрох уу гэдэг нь бүхний анхаарлын төвд байсан юм. Сүүлийн арван жилийн туршид олон сайн хөлбөмбөгчид нэмж дуулианы эзэд болоод байсан болохоор шинэ нэр тодрох магадгүй гэсэн таавар байлаа.

Жишээ нь л, Неймар, Погба, Суарес нарын тоглолт олны анхааралд ороод байв. Тэгээд ч арван жилийн хугацаанд Месси, Роналду хоёроос ондоо шилдэг ширэн бөмбөгчин байхгүй боллоо юу гэсэн үгс ч сонсогдож байсан нь аргагүй. 2007 оноос эхлээд Месси дэлхийд тав, Роналду гурав тэргүүлж, Месси, Роналду хоёр хоёулаа дөрвөнтээ аман хүзүүдэж, Роналду нэг удаа гурвалж К.Иньеста нэгэнтээ аман хүзүүдэн, Хави гурван удаа гурвалж, Ф.Торрес, Иньеста, Рибери, Нойер, Неймар нар нэг нэг удаа гуравлаад ерөнхийдөө хөлбөмбөгийн ногоон талбайг найман хүн эзэгнэдэг болсон юмуу гэсэн байдал ч дуулдаж байв.

Энэ оны нэгдүгээр сарын эхээр Швейцарийн Цюрих хотноо Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийг тодруулах ёслолын үйл ажиллагаа болоход Криштиан Роналду 34,54 хувийн саналаар тэргүүлж, Леон Месси 26,42 хувиар удаалж Францын Антуан Гризман 7,51 хувиар гурвалсан.

Ингэснээр Роналду дөрөв дэх алтан бөмбөгөө гардаж, Мессигийн тав хэвээрээ үлдсэн. Нэг үгээр дэлхийн шилдэг хөлбөмбөгчний халз өрсөлдөөн ахиад л Месси, Роналду хоёрын хооронд болсон гэсэн үг. Гэтэл ёслолын ажиллагаанд Месси бүү хэл түүний тоглодог Испанийн “Барселон” багийнхан ирээгүй нь бөөн шуугиан тарьсан. Тэдний талаар “Ёслолын ажилллагаанд оролцоогүй нь үл тоомсорлож, хүндэтгэлгүй хандсан, Месси тэргүүлээгүй гэдгээ мэдээд ёс бус хандав” гэсэн шүүмжлэл өрнөсөн. Үүний хариуд дасгалжуулагч Л.Энрике “Манайханд амралт хэрэгтэй байсан тул оролцож чадаагүй” гэж мэдэгдсэн. Ямартаа л үүний дараа “Мессигийн цаг төгслөө. Одоо түүнд ахин шилдгээр шалгарах боломж алга болсон” гэх вэ. Испанидаа ямагт ширүүн өрсөлдөж байдаг Мессигийн Барселон, Рональдугийн Реал Мадрид хоёрт ямар нэг өширхөл байхгүй. Тэгээд ч Роналдугийн ахалдаг Португалийн шигшээ баг Европын АШТ-д гайхалтай сайхан амжилт үзүүлэн түрүүлсэн  нь Криштиануг дахин ямар гайхамшигтайг бүх дэлхий даяар нотолсон болохоор түүнээс ондоо хэн ч “Алтан цом” гарддаггүй гэдгийг нотолчихоод байсан. Тэгэхдээ байнгын өрсөлдөгч гэдэг утгаараа тэдний хооронд ямар нэг “тааламжгүй” зүйл байдаг нь оргүй биш.

Бусдын нүд, чихнээс далд тэд яаж нэгийгээ зүхэж хараадгийг хэн ч мэдэхгүй. Тамирчдын дунд хор шар байнга гардаг. Зодолдох нь ч бий. Гэхдээ “даруухан” Месси хааяа хачин ааш гаргадаг талтай. Бразилд болсон ДАШТ-нд Германы багт хожигдчихоод Аргентинчууд бараг талбайг орхих шахсан бол Месси уйлж унжаад яасан сул дорой зантайгаа үзүүлсэн билээ.

“Өрх толгойлсон аав” Роналду бол эрэмгий, дайчин рыцарийн шинж бүрдсэн португали залуу бөгөөд бүгдэд таалагддаг. Мессигийн хувьд давжаа бие, царайлаг бус гэдгээрээ бүсгүйчүүдээс оноо авч чаддаггүй. Сонирхолтой нь Роналду дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр хэнийг дэвшүүлэх вэ гэсэн асуулгад “Реал”-ын гурван анд Бейл, Модрич, Рамос гурваа нэрлэсэн аваас Месси бас л багийнхаа хамтрагчид болох Суарес, Неймар, Иньеста гурвыг нэрлэсэн байлаа.

Гэхдээ дэлхийн ширэн бөмбөгийн ертөнц Криштиан Роналдуг дөрөв дэх удаагаа шилдгээр зарлахад уухай хашхирсан нь зүй ёсны ялалтыг нь бахадсаны илрэл байв. Тэгээд ч тэр шагнал гардаж аваад “2016 он миний карьерийн хамгийн оргил жил байлаа” хэмээн мэдэгдсэн билээ. Гэвч энэ хоёр агуу тоглогчийн халз өрсөлдөөнд цэг тавих цаг болоогүй байна. Тэд дахиад таван жил зөвхөн хоорондоо тулалдах буй за.

А.Ширмүүн

 

сэтгэгдэл үлдээх