90 минутын их цэвэрлэгээнд Хан-Уул дүүрэг идэвхтэй оролцлоо

Улаанбаатар хотын өнгийг засах 90 минутын их цэвэрлэгээнд Хан-Уул дүүрэг идэвхтэй оролцож 117 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ. Бүх нийтийн цэвэрлэгээнд Хан-Уул дүүргийн 9600 орчим иргэн, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын 3250 орчим ажилтан, албан хаагч оролцож 314 мянган мкв талбайг цэвэрлэж, хогноос салгалаа. Үүнээс Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх 28 хэлтэс, албад 140 мянган мкв талбайг цэвэрлэсэн байна. ХУД-т үйл ажиллагаа явуулдаг 18 ерөнхий боловсролын сургууль, 29 цэцэрлэг, 178 СӨХ, 1400 аж ахуйн нэгж байгууллагууд тухайн орчнийхоо 50 метр газарт түүвэр цэвэрлэгээ хийжээ.

ХУД-т үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс “Номин Холдинг” ХХК, ТЭЦ-3, “Содном Жамцалин хийд” “Об Пластик”,  “Говь”, “Таван богд групп” зэрэг байгууллагууд идэвх санаачлагатай оролцож 4500 мкв нийтийн эзэмшлийн зам талбай болон байгууллагынхаа орчинд цэвэрлэгээ хийжээ.

Ж.Алдаржавхлан: Өнөөдрийн цэвэрлэгээнд ХУД-ийн 1400 аж ахуйн нэгж оролцож байна

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан: Улаанбаатар хотод хавар бүр хийдэг бүх нийтийн цэвэрлэгээг энэ жил 90 минутын хугацаанд хийхээр болсон. Энэ бол их зөв зүйтэй зүйл. Өдөржин цэвэрлэгээ хийснээс тодорхой хугацаанд ажил, амьдралаа зохицуулаад цэвэрлэгээ хийх нь үр дүнтэй. Хан-Уул дүүргийн хувьд 1400 аж ахуйн нэгж, байгууллагыг цэвэрлэгээнд орохыг даалгасан. Нийт 140 мянган мкв газарт бид цэвэрлэгээ хийнэ. 11:00 цагаас цэвэрлэгээ эхэлж 12:30 минутад бүх нийтийн цэвэрлэгээ маань дуусна.

Ш.Батнасан: Манай хамт олон 90 минутын хугацаанд 4 мянган мкв талбай цэвэрлэлээ

ХУД-ийн “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ-ын захирал  Ш.Батнасан: Хан-Уул дүүргийн Нийтлэг үйлчилгээний албаныхан өнөөдрийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож байна. Манай алба 32 ажилтантай. Ирц 100 хувь бүрдсэн. Бид 90 минутын хугацаанд нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлээд дуусах шатандаа орж байна. Нийт 4 мянган мкв талбай цэвэрлэлээ.

Л.Бямбасайхан: Сэлбэ голын хогийг цэвэрлэхэд тамхины иш, ахуйн хог их гарч ирлээ

Нийслэлийн биеийн тамир спортын хорооны мэргэжилтэн Л.Бямбасайхан: Нийслэлийн биеийн тамир спортын хорооны ажилтнууд Сэлбэ голын хогийг цэвэрлэлээ. 90 минутын хугацаанд цэвэрлэгээ хийхээр хугацаа заасан ч хог их байгаа учир 2 цаг орчим хог цэвэрлэж байна. Сэлбэ голын явган хүн цэвэрлэх боломжтой газруудыг цэвэрлэлээ. Тамхины иш, ахуйн хог хаягдал их гарч байна. Голын хоёр эргээр 50, 50 метр газар цэвэрлэхэд 10 шуудай хог гарлаа.

Ц.Ариунаа: Манай хамт олон өглөө 09:00 цагт цэвэрлэгээгээ эхлүүлсэн

“АПУ” ХК-ийн ажилтан Ц.Ариунаа: Бүх нийтийн цэвэрлэгээнд манай компанийн ажилчид идэвхтэй оролцож байна. Өглөө 09:00 цагт цуглаад нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжийг цэвэрлэж, зэрлэг зулгаалаа.

Г.Сугар

 

сэтгэгдэл үлдээх