С.ЖАВХЛАНГИЙН “ОНОЛООР” С.БАЯР ДАРГАА БИД “ЭС ба ЯР” ГЭЖ ДУУДМУЙ

                                               -ГАНЦ ДУУЧИН ГАНДАН БУУРАХГҮЙ ГЭНЭ ЭЭ-

 

Сүүлийн хэдэн жил хэлний язгуур үндэс утга агуулгыг сайхан гээч мөчилж, хавирга сүврэг, хаа гуяар нь хүчээр цавчин салгаж ямар нэгэн утга санааг илэрхийлүүлэх хообийтой болсон нь С.Жавхланг уйдаахгүй тун ч хөгжилтэй болгосон. Хэлний шинжлэлийн ямар нэгэн зоригдолгүй зүтгээ байдлаар хийсэн ийм “шинэ” үг зүйг гаргаж ирдэг амжилтаараа С.Жавхлан дуучин-гишүүн маань Ардын уран зохиолч Тангадын Галсанг аль хэдийн ардаа хаяжээ. Тангадын Галсан гуай бялларьдыг ёворцог гэж нэрлээд Бавуугийн Лхагвасүрэнгээр бялларьд цохихыг таварцаг гэх үү? хэмээн ам асуулгаж байсан аж. Гэхдээ Галсан гуай микрофоныг дуун цацруул энэ тэр гээд ихээхэн оновчтой нэрлэсэн нь бий дээ. Харин дуучин-гишүүний сүүлийн үеийн үг монголжуулалтанд оффшор гэхийг овт шаар хэмээн зүхсэн нь тэмцлийн замд нэр томъёог ингэж марзагануулбал хүч саарах магадлал байж болох талтайг харуулж л байгаа.

Гэхдээ ганц дайчин гандан буурдаггүйтэй адил ганц дуучин гандан буурахгүй байна. Татвар нэмсэнтэй тэр хэзээ ч эвлэрэхгүйгээ Их хурлын танхимд зарлаад авсан. Та нарын дэргэд хэн ч биш байж болно, 75 хүний өөдөөс би яаж ч чадахгүй, эрх мэдэлгүй харагдаж болно. Харин гадаа гараад монголчуудтайгаа нэгдвэл ёстой хэн болохоо харуулна шүү. Намайг бүү бас гэх ухааны үг хэлсэн С.Жавхланг тэмцэх нь, бууж өгөхгүй нь гэж олон хүн харж байна гэнэ. УИХ-ын танхимд 75 хүнтэй дайсагнаж ганцаараа торойх гэж байгаа нь МАХН-ын ганц болох О.Баасанхүүг их л гомдоосон байна. Бас сөрөг хүчин хэмээн сөрвийх гэж оролдож байгаа экс эрх баригч намын 9 гишүүнийг ч бас л хачин байдалд оруулжээ. Хэдийгээр түүний нас 45-ыг зооглоогүй ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл тасхийтэл гараад ирэхээр судалгаа харагдаж байна гэнэ шүү.

Үүнээс нэг сонин дүгнэлтийг хийж болохоор байгаа юм. Манайхан яасан их хөөрүү, хийсч, ниссэн салхитай ард түмэн болохоо л харуулж байгаа юм. Ядахдаа энэ дуучин хархүүгийнхээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших насанд хүрсэн эсэхийг нь магадлахад ер яана. Ард түмэн чухамдаа нэг иймэрхүү... Эхнэр хүүхдээ далайн хөвөөний зөөлөн элсэн дээр хэвтүүлэхийн тулд ард түмний хөрөнгийг нууж, хулгайлж байгаа нөхдүүдтэй ясаа гартлаа тэмцэнэ гэдгээ Бурхан Халдун хайрханыхаа орой дээр төөрөлгүй очиж андгайлсан Увс нутгийн хүү С.Жавхлангийн зүтгээ хөх удмын тэмцэл мөддөө амирлахгүй нь бололтой. АТОЗ-өөс зохион байгуулсан “хуулиа дээдэлье, оффшорчдыг шалга” цуглаан дээр тэрбээр Ордноос очсон ганц төрийн түшээ байлаа. Уг нь О.Баасанхүү гүйгээд очиж болох байсан ч АН, МАН хоёрын асар басар нохдод ээрүүлээд чадсангүй гэнэ. Учир нь тэдгээр намын нөхдүүд түүнийг орой болгон “Манайд ирээрэй, манайд ирээрэй” гэж даруулгатай хоолны урилга өгөөд, торой шиг шахаж бордоод, нөгөөх нь шартаж бариад амжаагүй бололтой юм билээ. Ингэж УИХ-аас ганцаараа тэмцэгч болон гарч ирсэн С.Жавхлан Ерөнхий сайд асан С.Баярт ч бас таагүй ханддаг.

Эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн шөргөн гал дундуур алхан Лондонд болсон Бизнес хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтанд очсон элчин сайд С.Баяр нэгэн эмэгтэй сар гаруй хугацаанд түүнийг эсэргүүцэн Элчин сайдын яамных нь гадаа жагсаж зогсож байгааг “өндрөөр” үнэлжээ. Түүний энхрийлэн хэлж дуудсанаар Ичко нь гайхамшигтай эмэгтэй болохоо харуулсан. Монгол эмэгтэй хүний зориг тэвчээрийг үзүүлж олон хоног эсэргүүцэл илэрхийлсэн нь Элчин сайдын хүүхэн амбийцийг хөдөлгөж орхисон бололтой. Бас Монгол улс ямар гайхамшигтай ардчилсан улс болохыг Ичинхорлоо буюу С.Баярын өхөөрдөн дуудсанаар Ичко харуулсан байна. Эцэст нь С.Баяр “Би эх орныхоо авлигынх нь эзэн нь” хэмээн ярилцлага авсан сэтгүүлчийг багагүй инээлгэж, тоглоом тохуу хийж яваа эрхэм дуучин-гишүүний дургүйг багагүй хүргэсэн бололтой. Нөгөө овт шааруудын эсрэг тэмцэх мэт нэгэн олиггүй үгээр С.Баярыг нэрлэж кайф авах нь тодорхой. С.Баяр гэдэг чинь “Эс ба Яр” гэсэн үг хэмээн нэрлэх болов уу. Эс хэмээх хүний бие эрхтнийг бүрдүүлэгч эрүүл хэсгээс хэрхэн яр шарх шиг муухай зүйл үүсдгийг харуулсан нэр хэмээн тайлбарлаж, тэгээд болоод явчихлаа гэж алга ташиж магадгүй л юм.

"АЛАГ ХОРВОО" сонин

сэтгэгдэл үлдээх