Korean Air компанийн ерөнхийлөгч хоёр охиноо албан тушаалаас нь огцруулжээ

Өмнөд Солонгосын хамгийн том агаарын тээврийн компани Korean Air-ийн ерөнхийлөгч Чо Ян Хо хоёр охиноо удирдлагын албан тушаалаас огцруулж байгаагаа хэвлэлээр зарлажээ.

Түүний мэдэгдэлд “Таагүй зан авир гаргасан охидынхоо өмнөөс би гүн уучлал гуйж байна. Би өөрийн охид болох Чо Хюн А, Чо Хюн Мин нарыг KAL Hotel компанийн ерөнхийлөгч, Korean Air компанийн дэд захирлын албан тушаалаас тус тус огцруулж байна. Дахин ийм явдал гаргахгүйн тулд би компанийн удирдлагын бүтцийг мэргэжлийн хүмүүст суурилсан хэлбэрт шилжүүлэх болно” гэжээ.

Сүүлийн хэд хоногийн турш Чо Ян Хогийн бага охины гаргасан танхай үйлдэл Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд тасрахгүй бичигдэж байгаа. Чо Хюн Мин ажил хэргийн уулзалтын үеэр зар сурталчилгааны компанийн менежэрийн нүүр рүү ус цацсан гэх дуулиан дэгдсэн юм.

Түүнийг ажлын үр дүнд нь сэтгэл дундуур байгаагаа ингэж илэрхийлсэн гэж мэдээлж байгаа.

 

Бага охин Чо Хюн Мин

Том охин Чо Хюн А нь 2014 онд мөн нислэгийн үеэр Korean Air компанийн ажилтны биед халдаж, үүнийхээ төлөө шийтгүүлж байсан юм.

 

Том охин Чо Хюн А 2014 онд

Өнгөрсөн долоо хоногт цагдаа нар Чо Хюн Минийг хил давахыг хориглож, Korean Air компанийн байранд нэгжлэг хийж дээрх явдалтай холбоотой баримт цуглуулсан байна.

Үүнээс гадна Korean Air компанийг эзэмшдэг Ханжин групптэй холбоотой зарим хууль бус үйлдлүүдийг хуулийнхан шалгаж эхлээд байгаа юм.

 

Эх сурвалж: Korea Times

сэтгэгдэл үлдээх