Бэлэг эрхтэн дотроо нуусан хар тамхийг нь эмч нарын тусламжтай гаргаж авчээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, улсын хилээр хар тамхи мансууруулах төрлийн бодис оруулж худалдан борлуулдаг этгээдүүдийг илрүүлж, таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтын чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран шат дараалсан хяналт шалгалтын арга хэмжээнүүд хэрэгжүүлж байна.

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас сүүлийн нэг сарын хугацаанд улсын хилээр хууль бусаар мансууруулах бодис тээвэрлэн нэвтрүүлж, бусдад зарж борлуулдаг хэд хэдэн бүлэг этгээдийг илрүүлэн баривчилж, холбогдох шалгалтыг хийж байна.

Тэдгээрээс хамгийн ноцтойг нь дурдвал энэ сарын 18-19-нд шилжих шөнө Монгол Улсын иргэн С,А,Э,А нар нь бүлэглэн БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хар тамхи, мансууруулах бодисыг бэлэг эрхтэндээ нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад зарж борлуулах зорилгоор тээвэрлэж явсныг илрүүлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Улмаар Монгол Улсын эрүүгийн хуулийн 23-р зүйлд заасны дагуу мэргэжлийн их эмч, сувилагч нарыг оролцуулан улсын нэгдүгээр амаржих газрын хүлээн авах тасагт дотуур үзлэг хийхэд иргэн С-ийн бэлэг эрхтэн дотроос их хэмжээний мөс гэх нэршилтэй мансууруулах бодис гарч ирсэн байна. Эд мөрийн баримтаар уг хар тамхийг хураан авч холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа юм байна.

-ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДОГЧ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙН ТОО ХОЁР ДАХИН ӨСЧЭЭ-

2018 оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд хар тамхи мансууруулах бодистой холбоотой 61 эрүүгийн хэрэгт 132 хүнийг холбогдуулан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогч насанд хүрээгүй хүүхдийн тоо хоёр дахин, 19-25 насны холбогдогч 37,8 хувиар, 26-35 насны холбогдогч 88 хувиар, 35-аас дээш насны холбогдогч 20 хувиар тус тус өссөн байна.

Хяналт шалгалтын хүрээнд ГЕГ-тай хамтран Буянт-Ухаа дахь гаалийн хяналтын бүс, Шуудан илгээмжийн газарт зорчигч болон ачаа тээш, шуудан илгээмжид хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх хяналт шалгалтын ажиллагааг тогтмол зохион байгуулж МХЕГ-тай хамтран “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг ” НҮБ-ын 1988 оны конвенцийн эсрэг 1,2-р жагсаалтад орсон зарим химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, хадгалах, ашиглах, устгах журам”-ын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор “Бодис-2018” хэсэгчилсэн хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна.

 Б.БУРМАА: МЭДЭЭ.МН

сэтгэгдэл үлдээх