ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИН: - ОЛИГАРХИУД УЛС ТӨРД Л ХУТГАЛДАХГҮЙ БОЛ БУСАД НЬ ПАДЛИЙГҮЙ!...

“Орос орон хаашаа хөгжөөд байгааг Путинээс асуувал өөрөө ч хариулж мэдэхгүй” гэсэн шог үг өрнөдөд тархжээ. Оросын хаадын сүүлийг мушгисан II Николай хаан маш сул дорой бөгөөд зөвхөн гэр бүлээ л Орос орноос илүүд хайрладаг байсан болохоор Цагаан хаант энэ гүрэн мөхсөн гэдэг юм. Харин СССР гэдэг Зөвлөлт Оросын эцсийн эзэн Горбачев зөвхөн эхнэртээ л хайртай хүн байсан учраас тэр коммунист гүрэн задарсан гэлцдэг. Тэгвэл шинэ Оросын хоёр дахь ерөнхийлөгч болоод буй Путинийг эхнэр ч үгүй, Орос орондоо хайртай эр хүн, эзэн хэмээж үздэг бөгөөд түүний захиргаан дор энэ орон дахиад дэлхийн төвшинд цоройж бослоо.

Жирийн нэгэн тагнуулчаас улс гүрнийг эмхлэн захирсан хааны эрх ямбатай болчихоод буй Владимир Путин эхэндээ хөлжиж хөрөнгөжихийг үзэн яддаг комсомол байсан бол дараа нь эд хөрөнгийг үл ойшоосон коммунист болсон ч одоо хязгааргүй шуналтай бирд болсон хэмээн өрнө даяар ярьдаг. Түүний өв хөрөнгийг төсөөлшгүй гэдэг бөгөөд 50 тэрбум ам.долларын хэмжээнд хүрсэн гэх нь нэлээд багцаатай сонсогддог. Уг нь Путиныг олигархиудыг дарж, нухчиж чадна гэж Ельцин итгээд төрийн жолоог түүний гарт атгуулсан гэсэн далд бус ил эх сурвалж ч байдгийг өрнийнхөн нуудаггүй. Ельцин, Путин хоёрын хооронд ямар тохиролцоо явагдсан нь ч маш нууцад хамаардаг гэж үзэг юм.

Шавилхан биетэй, халзарч байгаа намирсан шар халимагтай залуухан тагнуулчийг Ельцин яаж тоосон нь нууцын зэрэглэлд орно. 2000 онд Путин улс орныхоо дүнжгэр аваргуудтай уулзахдаа “Олигархиуд улс төрд оролцохгүй, хутгалдах ч эрхгүй, ерөнхий сайд болон сайдуудыг худалдаж авахгүй, капитал гадаадад гаргаж зөөхгүй, депутатуудтай үгсэн хуйвалдахгүй, оффшороос чөлөөлөгдөх ёстой” гэсэн шаардлагыг тавиад л дайн зарласан байдаг. Тэгэхэд Оросод Березовский, Гусинский, Потанин, Абрамович, Дерипаско, Прохоров, Алекперов, Фридман, Вексельберг, Ходорковский гээд шинэ үеийн тэрбумтнууд тодорчихсон байлаа.

Оросод хилийн чанадын тансаг амьдралын хэвшлийг нэвтрүүлсэн хүн нь цуутай еврей эр Березовский байв. Тэр 1997 онд л Абрамовичийг уруу татан хэлхэлдэж 27 метр урттай “Streem” гэдэг аварга усан хөлгийг 4 сая америк “ногоон”-оор худалдан авчирчээ. Энэ нь тухайн үеийн Оросын хөлгүй баячуудын хувьд төсөөлшгүй үйл явдал байсан төдийгүй Дьяченко, Юмашев хоёр гэхэд л үүнийг сонсоод үнэмшиж ядан их удаан шогширсон гэцгээдэг юм.

Өдгөө тэр бол байдаг л нэг наймаа болчихож. Гэхдээ Абрамович шиг эрсэдлээс айдаггүй, хүчирхэг олигархиудын залуу үе дорхноо л тодорсны тоонд энэ ховрой баян өөрөө багтана. Түүн шиг тансагладаг тэрбумтанг Оросод ч одоо олон гарахгүй. Ямартаа л “Миракс групп”-ын эзэн Сергей Полонский “Тэрбумаар ярихгүй бол тонилог цаашаа” гэх вэ! Путин засаглал эхэлсэн үед Чукотка гэдэг оросын хөлдүү зэлүүд хязгаарын захирагч Абрамович хэмээх залуу ноён долоон усан онгоцноос бүрдсэн хувийн усан флоттой болсон гээд бодогтун. Цаана нь дөрвөн нисэх онгоц, 80 сая долларын үнэтэй хувийн шумбадаг онгоцтой болоод байв. Унах машиныг нь тоолохын аргагүй. Зөвлөлт засаглал сөнөчихөөд байхад ямар гэгчийн бирдийн мангас гэнэт хаанаасаа гарч ирэв ээ хэмээн гайхалцаж байв.  Түүний тансаглал тэгээд зогссонгүй. Абрамович зугаацаж чаддаг хүн байлаа. 2003 онд Английн нийслэл Лондон хотын хамгийн алдартай багийн нэг “Челси” клубийг худалдаж авсан нь Кремльд бөмбөг тэсэлсэн юм шиг л ниргэжээ. Асар их “ногоон” мөнгөний урсгалыг Абрамович яаж хийгээд байгааг өрнөдөд ч ойлгохгүй байлаа. Абрамовичийн араас Алишер Усманов Их Британийн аваргуудын лигийн гүмбэраа матруудын нэгд зүй ёсоор багтдаг “Арсенал” клубийн хувьцааны 25 хувийг худалдан авч Европт алтан торх хагалсан мэт дуулианыг дэгдээлээ.

Өөрөөс нь дутахгүй бэлтэй Владимир Потанин баяныг ардаа унтуулсан Усмановын хойноос Аркадий Гайдамак гэгч хөлтэй эр Израилын “Бейтар” кулбийг худалдан авсан бол хүү нь эцэгтэйгээ уралдан “Портсмут” багийг авсан билээ. Владимир Евтушенков Английн “Шеффильд уэнсдэй”-г авахад Сулейман Керимов хэмээх шаггүй мусулман баян Италийн “Ром”-ыг золтой авангаа алдаж байлаа. Тэр ч бүү хэл, хөлбөмбөгийн “а” ч байхгүй Березовский гэхэд алдарт “Коринтианс” клубийн хувьцаа эзэмшигчийн нэгээр тодорсон.

Эдүгээ ОХУ-ын зээн Владимир Путин дансандаа хэдэн копейктой гэдэг боловч Англи, Итали, Испанийн хөл бөмбөгийн багууд руу баавгайн анчин шиг шунаглан ширтдэг болоод байгаа гэсэн анир дуулддаг. Путин бол өөрөө спортлог агаад загварлаг эр хүн. Зарим өрнөдийн хэвлэл мэдээллээр түүнийг “Маш залуумсаг бөгөөд хөшгрөлтийн ул мөргүй залуу” хэмээн тодорхойлох нь бий. Түүнийг охидоосоо ч орь залуухан үзэсгэлэн төгс бүсгүйг гэргийгээрээ зарлавал бараг алмайрахын хэрэггүй шүү гэж бичдэг нь ортой ч байж болзошгүй.Харьд тансаглах зуршлыг Кремлиэс дэмжсэнээр үл барам дотооддоо тансаглах боломжийг нь нээгээд өгчихсөн. Олигархиудтай тэмцэх хамгийн ашигтай агаад амжилттай сөргөлдөөний нэг шугам нь спорт шоу байжээ.

Тийм учраас л мөнөөх овжин цоглог гэмээргүй дүр төрхтэй Абрамович Оросын хөл бөмбөгийн багуудыг ч ивээн тэтгэж санхүүжүүлээд зогсолгүй “дуулианы эр” Гус Хиддинкийн цалинг хүртэл даасан. Оросод том акул загас гэгддэг “Лук Ойл”-ын дэд ерөнхийлөгч Леонид Федун гэхэд “Спартак”-ийг өмчилсөн бол Потанин “ЦСКА”-г, Газпромм гэхэд “Зенит”-ийг ивээн тэтгэж, Дерипаско аль Красноярскийн “Кубань”-ийн эздийн нэг болов.

Үйлдвэр, брэнд, компани худалдан авахтай адил спортын алдартай аль нэг багийн эзэн юмуу хувьцаа эзэмшигч болох нь зөвхөн “хожоотой наймаа” байдаггүй, түүний цаана хэний ч санаанд оромгүй сая сая “ногоон”-оос дутахааргүй нэр төрийн алтан хур асгадаг том наймаа явагдаж байдаг ажээ. Ажил албаны шугамаар индрийн асарт эвшээгээд суудаг байсан Абрамович яагаад “Сиб Нефть” концерныхоо ивээн тэтгэдэг байсан Омск хотын “Авангард” багийн тоглолтыг эвшээн байж залхтал суудаг байсны нууц ердөө л тэр “алтан хур” яаж асгардгийг мэдсэнтэй холбоотой гэнэ.

Монголын улс төрд сонгууль болохоор л “Би өөрийгөө зассан, гэрээ засчихсан, одоо орон улсаа засалцах сан” гэцгээдэг. Үнэн хэрэгтээ олонх нь өөрийгөө ч засаагүй, орон гэрээ ч засаж амжаагүй л байдаг атал улс орныг засалцах гээд нүдэн балай, чихэн дүлий дайрцгаадаг дэг тогтоод байгаа. Тэднийхээр эрх мэдэл, албан тушаал олсон цагт эд хөрөнгө хурааж, цуглуулах гэсэн ганц л зорилт оршдог гэвэл нэг их зөрөхгүй биз. Өөрөөр хэлбэл XXI зууны өндөрлөгөөс бүх дэлхийг хураахад ч эрх мэдэл, эд хөрөнгө хоёр байхад хангалттай эрхшээж чадна гэх үзэл нэвтрээд байгаа нь нууц биш. Урьд нь аливаа орны төр засгийн тэргүүлэх сэнтийд мэргэшсэн улс төрчид дийлэнхдээ залардаг байсан бол одоо хэчнээн их хөрөнгөлөг байна вэ, тэр хүн цоройх бололцоо нь нэмэгджээ.

Сүүлчийн жишээ нь бол АНУ-ын шинэ ерөнхийлөгч, тэрбумтан Дональд Трамп билээ. Аж ахуй мэдэх бүү хэл тахиа яаж төрдгийг ч бараг мэдэхгүй, бизнесийн “А” үсэг мэдэхгүй Володя Путиныг яагаад архаг наймаачин Дон Трамп тэгтлээ дэвэргэн талархаад байдгийн шалтгаан юу юм бэ? Олигархиудыг устгах гэж олигархиудад мөнгө хийх бүх алтан боломжийг нь олгодог Путинд яагаад наймаанаас ондоо юу ч мэдэхгүй Трамп толгойгоо өргөн дохиж, гараа үсчүүлэн сайшаана вэ? Нэр төр гэдэг нь мөнгөнөөс ч үнэтэй бизнесийн алтан сугалаа гэдгийг Трамп яаж мэдэхгүй дүлий дүмбэд оргих билээ дээ. Ерөөсөө Путин – Трампын айсуй засаглалын жилүүдэд дэлхийн эдийн засаг, үйлдвэржилтэд асар их дэвшил гарч магадгүй. Тэднүүс их мөнгөний үнэр авсан бол гарынхаа сарвуугаар унагаахыг хүсэхгүй. Нэг нь улс төрчидтай, алан хядагчидтай тэмцэхээ зарласан бол нөгөө нь олигархиудтай, салан тусгаарлагчидтай дайтахаа мэдэгдсэнээрээ тэд адилхан.

Дэлхийн хамгийн жижиг тивд оршдог Австралийн дуучин Кайли Миноугийг Оросод авчрахын тулд тэрбумтан Сулейман Каримов 2007 оны шинэ жилээр тэр турьхан дууч бүсгүйг нэг сая ам.доллараар дуудахад Путин садаа хийгээгүй. Нэг цент хүнд зүгээр шидэх дургүй Трамп гэхэд баярлахаараа 100 долларыг нэг ам.доллар шиг тооцдог гэдэг. Оросын нэг баян эрхэм 10 сая ам.долларын тансаг байшин худалдаж авчихаад дор нь нураагаад ормон дээр нь урдахаасаа гоё харш бариулж гайхуулсан гэдэг. Нэг талаар мөнгөөрөө гайхуулсан бардамнал, нөгөө талаар утгагүй мөнгө цацсан хийрхэл гэлтэй. Гэвч эцэстээ бол олигархиудын тэнэглэлийн үр шим хөрсөн дээр цацагдаж л байгаагаас өөр юу ч биш билээ. Путин түүнийг л хүсдэг. Олигархиуд гуталгүй болж уранхай оймстой дэвхцэх тэр цаг л түүнд хэрэгтэй. Тэрэндээ тултлаа өөрөөрөө яаж тоглох нь дурын хэрэг.

Луувангаа идэх үү, лаагаа хазах уу, өөрөө сонгоно. Виктор Вексельберг Италийн Комо нуурын дэргэдэх Бенито Муссолинийн хуучин харшийг хэдэн саяар авах, Новиков авгай домогт загвар зохион бүтээгч Версачийн байшинг хэдээр худалдаж авсан нь Путинд ямар ч сонин биш. Харин Дональд Трампын харшийг 100 сая “ногоон”-оор авсан азтай “бордооны хаан” Дмитрий Рыболовлевт “Чи азтай лүд ээ” гэсэн байж болох юм.

Олигархиуд мөнгөө урсгаж л байвал Путинд хэрэгтэй. Тэр урсгалын дундуур олигархиуд өөрсдөө өөрсдийгөө мөхөөх шинэ цусны урсгалдаа живж байгаа юм гэж түүнд хэн нэгэн заасан байх гэсэн оношийг “Форбс” байтугай “Дейли ньюс” хүртэл хошигноод л авсан байх жишээтэй. Ямар сайндаа Путин, Трамп хоёроос бүр эрт хэн нэгэн,

- Бүх хүн энэ ертөнцөд нүцгэн ирж, нүцгэн эгдэг гэж хэлсэн байгаа юм.

Оросын тэрбумтан Михаил Прохоров Монако дахь Бельгийн Леопольд хааны шилтгээнийг 730 сая еврогоор худалдан авахад Путин шагшаагүй бол нэг лонх нь 300 еврогоор үнэлэгддэг “Кристалл” гээч оргилуун дарс 260 ширхгийг урт хөлтэй загвар өмсөгч хүүхнүүддээ гарын бэлэг болгож мялаахад Путин шогширсон гэх. Тэрбумтан Симон Поваркиныг Норманд дахь Ив Сен-Лораны хуучин муу “Габриэль” шилтгээнийг 9,6 сая еврогоор авахад Путин мушигнажээ. Энэ бол “олигархиуд над падгүй” гэсний тодорхой дохио бололтой.

А.Усгал

 

 

 

сэтгэгдэл үлдээх