Хошууч генерал Ч.Амарболд: Иймэрхүү байна гэж бодож явсангүй

Ерөнхийлөгч Х.Баттулга /2018.4.24./ зарлиг гаргаж, ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал Ч.Амарболд нарын гурван генералын цолыг хассан тухай хэвлэлийн албанааас нь мэдээлсэн. Тэдний цолыг ял шийтгүүлсэн гэсэн шалтгаанаар хассан гэж бичсэн байгаа юм.

Хоёр хоногийн дараа Монгол Улсад генерал цол олгож эхэлсний ойн өдөр тохионо.  Хэвлэлүүд дээрх явдлыг Генералуудын өдөрт барьсан Ерөнхийлөгчийн бэлэг хэмээн бичиж байна.

Тэгвэл хошууч генерал Ч.Амарболд 2016 оны дөрөвдүгээр сарын 28-нд Генерал цол олгосны 72 жилийн ойн өдрөөр хэвлэлд ингэж ярьж байжээ.

Тэрээр “…Генерал цол бол дэлхийн цол. Хаана ч эрхэм хүндтэй цол шүү дээ. Энэ дашрамд Монголын бүх генарал цолтнууд болон тэдний гэр бүлийнхэнд баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. 1974 оноос эхлэн цагдаагийн байгууллагад ажиллаж эхэлсэн. Тэр үедээ би өөрийгөө генерал болно гэж зүүдлээ ч үгүй явлаа. Цэргийн цолтон ард түмэндээ өргөсөн тангарагаа үнэнчээр биелүүлж, идэвхтэй сайн ажиллавал өндөр цолонд хүрнэ гэх уриа байдаг байв.

Гэвч цэргийн сургуулийн оюутны ширээнээс гарч офицерийн мөрдөс зүүгээд явж байхдаа генерал болно гэж бодож байсангүй. Хамт ажиллаж байсан хүмүүсийнхээ дэмжлэгээр би 1996 оны наймдугаар сард Монгол Улсын 112 дахь генерал болж байсан. Цол олгох шөнөө хувцсыг маань оёод өглөө нь өмсгөж байлаа. Тухайн үед учраа олохгүй баярлаж байв. Генералын мөрдөс зүүсэн хэдий сэтгэлийн хувьд генерал болоогүй л байсан юм шиг байгаа юм. Хожим би энэ цол асар их хариуцлага гэдгийг ойлгосон.

Цагдаагийн байгууллага бол хууль сахиулах байгууллага болохоос биш улс төрийн байгууллага огт биш. Сүүлийн 25 жилд цагдаагийн байгууллагыг улс төржүүлэх болсон.

Энийг би биеэрээ мэдэрсэн хүний хувьд хэлж байна. Иймэрхүү байна гэж бодож явсангүй. Юм бүхний түрүүнд цагдаагаа улс төржүүлж ярин, муулдаг. Аль нэг талд авталгүй, хууль сахиулан ажиллаж байлаа ч хардагддаг. Хууль хэрэгжүүлэх манлайлал, хурц хэцүү бүхний түрүүнд явдаг нь цагдаагийн байгууллага. Нэг хүнийг муулж, хардах нь үе үеийн алба хаагчдын сэтгэл зүрх мохож, ажлын идэвхийг бууруулдаг талтай” гэж байв.

Түүний хэлж байсанчлан цагдаагийн байгууллагыг улстөржүүлсээр байгаа байж мэдэх л юм байна. Бас түүний ял шийтгүүлсэн Долдугаар сарын 1-ний хэрэг яг үнэндээ эцэслэн шийдэгдээгүй л байгаа. Учир нь тэр үеэр амь насаа алдсан, хоригдож хэлмэгдсэн хүмүүс, тэдний ар гэрийнхний гомдол өнөөг хүртэл барагдаагүй байдаг. Учир нь тэд хэргийг үүрсэн генерал Ч.Амарболд тэргүүтэй цагдаагийн алба хаагчдыг буруутай гэж үздэггүй билээ.

Эх сурвалж: www.news1.mn

сэтгэгдэл үлдээх