ОУВС-гийн хөтөлбөр дуусахад хүлээснээс алдуурах улс төрчид яах бол

УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛИАС НЭГ САРЫН ӨМНӨ “ӨРГӨТГӨСӨН САНХҮҮГИЙН ХӨТӨЛБӨР” ДУУСНА

Монгол банкны дэргэд Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнг өнгөрсөн сард байгууллаа. Эдийн засгийн урт хугацааны бодлого боловсруулалт, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ хүрээлэнг байгуулжээ. Энд УРТ ХУГАЦААНЫ БОДЛОГО гэснийг та анзаарсан байх. Улсын их хурлын сонгууль дөрвөн жил тутам болдог тул дөрвөн жилээс урт настай төсөл, хөтөлбөрийг Монголоос олоход хүнд болов. Монгол Улсын, Монгол төрийн алсын хараа ердөө дөрөвхөн жилээр хязгаарлагдаж байна.

2012-2016 оны хооронд АН засаг барихдаа Засгийн газраа огцруулсан бол МАН ч Ж.Эрдэнэбатын багийг огцруулснаар, бүх сайд нар солигдлоо. Сайд солигдох бүрт яамдын газар, хэлтсийн дарга нар, цаашлаад мэргэжилтнүүд ч халагддаг. Энэ нь улс төрийн засаглал сул дорой байгааг харуулна. Засаглалыг бэхжүүлэхэд урт хугацаа шаардлагатай.

Төрийн залгамж халаа алдагдсаныг илтгэх жишээ бол манай улс ОУВС-гийн хөтөлбөрт зургаа дахь удаа хамрагдсан явдал.

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэж их чухал хууль бий. 2010 онд баталсан энэ хуулиар Засгийн газрын өрийг ДНБ-тэй уялдуулав. Гүйцэтгэх засаглал ДНБ-ий 80 хувиас давсан зээл авч болохгүй. ДНБ өсөх тусам Сангийн яамны зээл авах бололцоо нэмэгдэнэ гэсэн үг. Гэвч өнгөрсөн 8 жилийн хугацаанд энэ хуулийг 5 удаа өөрчлөв.

Нэмэлт өөрчлөлт бүр хуулийг дээрдүүлдэггүй, харин ч дордуулдгийг энэ явдал баталсан. Хамгийн сүүлд Н.Алтанхуягийн Засгийн газар өрийн таазанд тулчихсан тул хуулийг өөрчилсөн. Тал талаас замбараагүй зээл авч, баталгаа гарган, дураараа аашилдаг эрх баригчдыг хазаарлах бодлого ингээд л замхардаг.    

Төрийн залгамж халаа алдагдсаныг илтгэх дараагийн жишээ бол манай улс ОУВС-гийн хөтөлбөрт зургаа дахь удаа хамрагдсан явдал юм. Уг нь төсвийн сахилга бат сайтай, алсын хараатай, ямар нэг гадаад, дотоод цочроонд урьдаас бэлтгэчихсэн, сан байгуулаад орлогоо хуримтлуулчихсан бол бид ОУВС-д дахин дахин тусламжийн гараа сунгахгүй байв.

Хүний хөгжлийн сан байгуулсан ч хүүхдийн 20 мянган төгрөг тарааж, энэ сан хоосров. Тогтворжуулалтын сан байгуулсан ч Сангийн яам өнгөрсөн онд 4.8 тэрбум төгрөгийг энэ сангаас гаргажээ. Сангийн нэрнээс л зорилго, зориулалт нь тодорхой байна. Гэвч эдийн засгийн нөхцөл  байдал харьцангуй тогтворжиж, иргэд, ААН-үүдийн хүлээлт эерэг болсон өнөө үед юуг ч юм тогтворжуулах гээд хагас их наяд төгрөг хэдийнэ зарцуулчихжээ.

Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Үндэсний баялгийн сан байгуулах талаар ярьж эхэллээ. Баялгийн орлогыг хуримтлуулан, бусад салбараа НЭН ШААРДЛАГАТАЙ  үед л тэтгэнэ, санхүүжүүлнэ, өөд нь татна, өсгөнө хэмээсэн өмнөх сангуудын үлгэрийн улмаас шинэ сан байгуулах санаачлага олны анхаарлыг татсангүй.      

Өнгөрсөн оны тавдугаар сард ОУВС-гаас манай улс 440 сая ам.долларын зээлжих тусгай эрх авснаар ЗУРГАА ДАХЬ удаа хамтарч ажиллаж эхлэв.

Бид өмнөх таван удаагийн хамтын ажиллагаанаас огт сургамж аваагүй, хямралын ирмэг дээрээс буцсанаа төд удалгүй мартчихдаг, төр богино ой санамжтай учраас дахин дахин Валютын санг барааддаг.        

Тус сантай байгуулсан хэлцэл 2020 оны тавдугаар сурд дуусна. Өөрөөр хэлбэл УИХ-ын ээлжит сонгуулиас нэг сарын өмнө “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр” дуусах нь. Эрх баригчид сонгуулиас ганцхан сарын өмнө ОУВС-гийн хатуу хяналт, чанга сахилга батаас чөлөөлөгдөх юм байна.

Энэ нь өнөөгийн дарга нар эдийн засаг, нийгмийн хөгжлийг тэтгэх бус харин ч ухраах, өнөө маргаашдаа ашигтай ч алсдаа ашиггүй шийдвэр гаргах эрсдэлтэй гэсэн үг. Учир нь сонгуулийн жилд Засгийн газар цалин тэтгэвэр нэмэх, халамж тараах гэнэтийн шийдвэрийг ар араас нь гаргадаг. Олон жил Чалко, Хөгжлийн банкны зээлээс өндийгөөгүй “Эрдэнэс таван толгой” ХК энэ оноос ашигтай ажиллаж эхлэв. 1072 хувьцааг амь оруулах нэрээр, ард олонд юу юу амлах бол доо. Зэс, алт, мөнгөн эрдэнийн хувь хүртээнэ, тараана, өгнө, цацна, зарцуулна л гэх байх даа. Валютын сангийн хүлээснээс алдуурсан тэд яаж аашлах бол?          

Энэ нөхцөлд Төв банкнаас боловруулсан “Улаанбаатарын зөвшилцөл” хэмээх 8 зарчмыг яг цагаа олж танилцууллаа. Энэ нь Вашингтоны зөвшилцөл, Бразил, Бээжин, Токиогийн зөвшилцөлтэй утга нэг буюу хямралын сургамж, сургаалийг багтаасан баримт бичиг юм. Латин Америкийн орнууд хямралд өртсөний дараа анхлан Вашингтоны зөвшилцлийг баталсан түүхтэй аж. Энэ жишгээр Азийн орнууд 2008 онд хямралд өртсөний дараа Токиогийн зөвшилцлийг баталжээ.

УЛААНБААТАРЫН ЗӨВШИЛЦЛИЙН 8 ЗАРЧИМ

  • Засаглал, институцийг сайжруулах, чанарыг бэхжүүлэх, авлигын эсрэг тууштай тэмцэх,
  • Дэлхий ертөнц бүхэлдээ шинэ хөрөнгө оруулалтын төлөөх тулааны талбар болсон энэ үед гадаадын шууд болон хувийн хөрөнгө оруулалтыг тууштай даллан дуудах,
  • Төсвийн сахилгыг хангах, үндэсний хуримтлалтай болж, үүнийг тууштай нэмэгдүүлэх, бодит эдийн засаг, инфляцыг тогтворжуулах,
  • Эдийн засгийн дархлааг хангах хэмжээнд гадаадын валютын нөөцийг хуримтлуулах, өрийн дарамтад орохоос сэргийлэх,
  • Санхүүгийн хүчтэй салбартай болох, санхүүгийн зах зээлийг зохистой түвшинд либералчлах, өрсөлдөөн бий болгох,
  • Аж үйлдвэржилтэд хөтлөх, гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай компаниудыг бий болгож, дэмжих,
  • Дэлхийн болон  бүс нутгийн дэд бүтцийн том хөтөлбөрүүдэд багтаж орох, газар нутгийн давуу талаа ашиглах, орон нутгуудад тэгш хөгжих боломж олгох,
  • Байгалийн баялгаа оновчтой байдлаар эргэлтэд оруулах, баялгийн ерөөлд хүргэх, хүртээмжтэй өсөлтийг бий болгох.

Эдгээр зарчмыг батлан, тууштай мөрдсөнөөр богино хугацааны үр дүн дөрвөн жилийн дараа гарна гэж төв банкны эдийн засагчид үзэж байна. Засаглалыг бэхжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэгт үүнээс урт хугацаа шаардлагатай гэнэ.      

Нийтлэлийн эхэнд дурдсан, Эдийн засгийн судалгааны хүрээлэн хамгийн түрүүнд Улаанбаатарын зөвшилцөл нь өмнөх баримт бичгүүдтэй (Гурван тулгуурт хөгжлийн бодлого, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр, МАН-ын мөрийн хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн үзэл баримтал 2030 гэх мэт) хэрхэн уялдаж, ямар давхардал байгааг судлах юм байна. Долоон  хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан энэ хүрээлэнг бие даасан байгууллага болгох юм байна.      

Ингэснээр биднийг хөгжилд хөтлөх үнэт зүйлсийг (дээрх 8 зарчим) поп улс төрчид биш мэргэжлийн эдийн засагчид тодорхойлон, хэлбэрэлтгүй мөрдүүлэх учиртай. Мөн цаашид Засгийн газар, УИХ-аас гаргах, эдийн засгийн бүхий л шийдвэрийг дээрх 8 зарчмын дагуу шүүдэг болох, шалгуур даваагүй бол хэрэгжүүлэхгүй байх жишиг тогтоох нь хамгаас чухал.

ЭХ СУРВАЛЖ: GOGO.MN Б.ЭРДЭНЭЧИМЭГ

сэтгэгдэл үлдээх