Соронзон туузтай картнаас чиптэй карт руу шилжихгүй бол мөнгөө алдсаар л байна

ХААН Банкнаас Монголд анх удаа “Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл” олон улсын форум зохион байгууллаа.

“Акати консалтинг” компанийн гүйцэтгэх  захирал, мэдээлэл технологийн олон улсын шинжээч Кришна Ражагопал цахим банкны аюулгүй байдалд ямар эрсдэл, заналхийлэл учирч байгааг танилцуулсан юм. Дараа нь БНСУ-ын ”Кореа энд Монголиа виза” компанийн Эрсдэл хариуцсан захирал Крис Кан төлбөрийн картын эрсдэлийг дэлгэрэнгүй танилцуулав. 

Төлбөрийн картын мэдээллийг олж авах арга улам нарийсаж байгаа тул өндөр хөгжилтэй орнууд соронзон туузтай картаас татгалзан, EMV хэмээх шинэ технологид шилжин, аюулыг сөрж эхэлжээ. Иймд гэмт хэрэгтнүүд Монгол шиг хөгжиж буй орнуудыг онилж эхэлсэн байна. Ингээд “Төлбөрийн картын эрсдэл” илтгэлийг хүргэе.    

Чиптэй карт нэвтэрснээр залилагчид цахим гүйлгээг онилох боллоо.

-Өмнөд Солонгос дэлхийд 10 зүйлээр тэргүүлдэг. Би та бүхэнд эхний 5-ыг нь хэлье. Эдгээр нь интернетийн хурд, ухаалаг гар утасны хэрэглээ, и-тоглоом, гоо сайхны барааны үйлдвэрлэл, агаарын тээврийн үйлчилгээ, эмэгтэй гольф тоглогчдын амжилт аж.

Та бүхнээс мэдээллийн аюулгүй байдлаа нэгдүгээрт тавьбал юу болох вэ гэж асууя.  Ингэвэл бизнес хийхэд хэцүү болно. Тодорхой эрсдэл үүрэх ёстой. Тэгэхээр эрсдэл, аюулгүй байдлын тэнцвэрийг зөв хадгалах нь чухал.

Бидний өөр хоорондоо дамжуулж буй өгөгдлийн хэмжээ (big data) улам өссөөр байна. Дэлхий дээрх нийт өгөгдлийн 90 хувийг сүүлийн 2 жилд л бүтээсэн. Бид нэг минутад  200 сая цахим шууданг дамжуулж, Гүүгл нэг минутад 2 сая удаа хайлт хийдэг. Мөн 100 мянган жиргээ дэлхий даяар тархаж байна.

Тэгвэл гэмт хэрэгтнүүд залилангийн шинжтэй цахим шууданг нэг минутад 644 мянган удаа илгээж байна. 8 тэрбум төхөөрөмж интернетэд өнгөрсөн онд холбогдсон. Энэ тоо 2020 онд 25 тэрбум ширхэгт хүрнэ. Иймд өгөгдөл дагаад өснө гэсэн үг. Био хэмжүүрт нууцлал буюу таны хурууны хээгээр асдаг технологи нэвтэрлээ. Гэсэн ч 1.9 сая хэрэглэгч өдөр бүр мэдээллээ алдаж байна. Эдгээрийн дийлэнх нь хэрэглэгчийн хувийн мэдээлэл байна. Газар нутгаар нь харвал Хойд Америкчууд илүү их эрсдэлтэй нүүр тулж байна. Европын эрсдэл нэмэгдсэн нь Америкт илүү их хамгаалалт нэвтрүүлсэнтэй холбоотой. Гэмт хэрэгтнүүд биднээс үргэлж нэг алхам урд байна. Тэд интегрэйтор руу халдан, зайнаас ханддаг. Хортой програм тарааж, төлбөрийн эко системийг өөрчилж байна. Тэгвэл бид яах вэ?

Төлбөрийн картын аюулгүй байдлыг хамгаалахын тулд PCI DSS стандартыг нэвтрүүлэх, Point to point шифржүүлэлт, токенжуулалт, EMV-г (чиптэй карт) нэвтрүүлэх хэрэгтэй. Мөн криптограм ашиглах боллоо. Энэ нь худалдан авалт хийх бүрт таны картад шинэ шифр үүсгэдэг. Энэ технологийг хурдацтай нэвтрүүлж байна. АНУ 2015 онд энэ технологи рууу шилжсэн. Чиптэй карттай болсноор хуурамч картын луйвар 76 хувиар буурсан. Иймд биет карт ашиглалгүй хийдэг төлбөр рүү залилагчид анхаарлаа хандуулж эхлэв. Эн нь цахим залилан гэсэн үг юм.

Төгсгөлд нь, Солонгос улс юугаараа алдартай вэ гэдгийг үргэлжлүүлэн танилцуулъя. Илтгэлийнхээ эхэнд би эхний 5-ыг нэрлэсэн. Дараагийнх нь сохор болзоо, архи уух соёл, гоо сайхны мэс засал болон илүү цагаар ажиллах, зээлийн картын төрөлжсөн үйлчилгээ юм.

ЭХ СУРВАЛЖ: gogo.mn

сэтгэгдэл үлдээх