ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН ТҮҮХЭН УУЛЗАЛТ

СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгоны Өмнөдийн талд харьяалагдах хэсэгт гар барьснаар тэдний түүхэн уулзалт эхэллээ гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Image result for kim jong un moon jae in

Эх сурвалжийн мэдээлснээр, Панмүнжом тосгонд Мүн Жэ Ин эхлээд очсон бөгөөд удалгүй Ким Жөн Ун хүрэлцэн ирсэн байна.

Image result for kim jong un moon jae in

Ким Жөн Ун Өмнөд Солонгосын хилийг автомашинаар бус, явган давж орж ирсэн гэнэ. Тэрбээр 1950-1953 оны Солонгосын дайнаас хойш Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт хөл тавьсан Умард Солонгосын анхны удирдагч болж байна. Хоёр Солонгос түүхэндээ гурав дахь удаагаа дээд хэмжээний уулзалт хийж байгаа нь энэ юм. Мөн хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Өмнөд Солонгост анх удаагаа болж байгаа нь энэ билээ.

МҮН-КИМИЙН УУЛЗАЛТ СОЛОНГОСЫН ХОЙГТ ЭНХ ТАЙВАН, ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТИЙГ ЦОГЦЛООХОД ТУСАЛНА ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Зураг

ВАШИНГТОН. /Ёнхап/. Хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт нь Солонгосын хойгт энх тайван байдал, хөгжил цэцэглэлтийг цогцлоох замыг засна гэдэгт найдаж байгаагаа Цагаан ордон мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.

Цагаан ордны Хэвлэл мэдээллийн албаны тэргүүн Сара Сандерс саяхан мэдэгдэл хийхдээ “Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай түүхэн уулзалт хийж байгаатай холбогдуулан нийт солонгос үндэстэнд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэж байна. Энэ дээд хэмжээний уулзалт нь Солонгосын хойгт бүхэлд нь энх тайван байдал, хөгжил цэцэглэлтийг цогцлоох замыг засна гэдэгт бид найдаж байна” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын удахгүй хийхээр төлөвлөсөн уулзалтын бэлтгэл ажлыг Сөүлтэй хамтран базааж байгааг С.Сандерс мөн мэдэгдсэн байна.

ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ

Зураг

СӨҮЛ. /Ёнхап/.  Хоёр талын харилцаагаа сайжруулахын төлөө чин сэтгэлээсээ яриа хэлэлцээ хийнэ гэдгээ Өмнөд Солонгосын Ерөнийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар илэрхийлснийг “Ёнхап” агентлаг уламжлав.

Тэд одоо хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгоны Өмнөдийн талд харьяалагдах хэсэгт дээд хэмжээний уулзалт хийж байгаа юм. Энэ нь 2007 оноос хойшхи хоёр Солонгос хоорондын анхны дээд хэмжээний уулзалт билээ.

 

Түүхэн уулзалтын эхэнд Умард Солонгосын удирдагч хэлэхдээ “Энэ уулзалтаас сайн үр дүн гаргахын төлөө чин сэтгэлээсээ, шударгаар яриа хэлэлцээ хийнэ гэдгээ би Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон энэ олон сэтгүүлчийн өмнө мэдэгдэж байна. Энэ уулзалт нь хоёр Солонгос хоорондын түүхийн шинэ үеийг эхлүүллээ" гэжээ.

Үүний хариуд Мүн Жэ Ин хэлэхдээ “Дээд хэмжээний уулзалт хийж байгаад баяртай байна. БНАСАУ-ын удирдагч, Солонгосын Хөдөлмөрийн намын дарга Ким Жөн Ун манай улсын нутаг дэвсгэрт хөл тавьж байгаа нь энх тайвны бэлгэ тэмдэг болж байна” гэсэн байна.

ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН ТҮҮХЭН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭНИЙ ЭХНИЙ ХЭСЭГ ӨНДӨРЛӨЛӨӨ

Зураг

КОЯН. /ТАСС/. Өмнөд болон Умард Солонгосын удирдагчдын түүхэн яриа хэлэлцээний эхний хэсэг хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд  өндөрлөлээ. Яриа хэлэлцээ 1 цаг 30 минут үргэлжилжээ.  
 
Яриа хэлэлцээний эхний үе шат өндөрлөснөөр Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун үдийн зоог барихаар Панмүнжом тосгоны Умардын тал руу буцсан байна. Үдийн зоог барьсны дараа хоёр Солонгосын удирдагчид Солонгосын хойгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн бэлгэ тэмдэг болгон нарс модыг суулгах ёслолд хамтдаа оролцох аж.
 
Үүний дараа хоёр удирдагчдын хийх яриа хэлэлцээгээ үргэлжлэх юм байна.

СӨҮЛ ХОТОД АЙЛЧЛАХАД БЭЛЭН БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЖЭЭ

Зураг

МОСКВА. /РИА Новости/. Цаашид тогтмол уулзаж байхыг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун  Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд санал болгожээ. Энэ саналыг Мүн Жэ Ин дэмжсэн байна. Энэ тухай Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Юн Ён Чан мэдэгджээ.

Түүнчлэн Умард Солонгосын удирдагчийг Өмнөд Солонгост айлчлахыг Мүн Жэ Ин санал болгосны хариуд “Намайг урьж байгаа бол би очно” хэмээн  Ким Жөн Ун Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордон буюу Хөх ордонд очиход бэлэн байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрбээр Солонгосын хойг дахь сөргөлдөөнд цэг тавихыг уриалсан байна.

УМАРД СОЛОНГОСТ ХУЛГАЙЛАГДСАН ЯПОН ИРГЭДИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Зураг

ТОКИО. /ТАСС/. Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал хийгээд тус улсад хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг хэлэлцэнэ гэж манай улс найдаж байна хэмээн Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга өнөөдөр Токио хотод болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
 
Түүнчлэн Японы батлан хамгаалахын сайд Ицунори Онодэра мэдэгдэхдээ “Хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт хийгээд АНУ болон Умард Солонгосын удирдагчдын хийх уулзалт нь Умард Солонгосын зүгээс цөмийн зэвсгээс ангижрахад чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд хүргэх эсэхэд бид онцгой анхаарал хандуулах бодолтой байна” гэжээ.  

ХОЁР СОЛОНГОСЫН ТӨМӨР ЗАМУУДЫГ НЭГТГЭХ САНАЛЫГ ТАВЬЖЭЭ

Зураг

КОЯН. /РИА Новости/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хоёр Солонгосын төмөр замуудыг нэгтгэх саналыг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд тавьжээ.
 
 “Хоёр Солонгосын төмөр замуудыг нэгтгэвэл хурдны галт тэрэг явуулах боломжтой” хэмээн Мүн Жэн Ин сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.
 
Тэд одоо хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгоны Өмнөдийн талд харьяалагдах хэсэгт дээд хэмжээний уулзалт хийж байгаа билээ. Хоёр Солонгос түүхэндээ гурав дахь удаагаа дээд хэмжээний уулзалт хийж байгаа нь энэ юм. Мөн хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Өмнөд Солонгост анх удаагаа болж байгаа нь энэ билээ.
 
Хоёр удирдагч Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, хоёр Солонгосын харилцааг сайжруулах асуудлуудыг өнөөдөр өглөө хэлэлцсэн байна.

МОНЦАМЭ: Э.Аянзаяа, Г.Доржханд

 

сэтгэгдэл үлдээх