ДЭЛХИЙ ДАХИН ХОЁР СОЛОНГОСЫГ МАГТАН САЙШААЖ БАЙНА

БЭЭЖИН. /Синьхуа/. Түүхэн дээд хэмжээний уулзалт хийн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахаар тохиролцсон хоёр Солонгосын удирдагчдыг дэлхийн гол тоглогчид магтан сайшааж байна.

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, өчигдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар 1953 оноос хойшхи хоёр Солонгосын түүхэн дэх гурав дахь дээд хэмжээний уулзалтыг хийсний дараа Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Хоёр Солонгос улс төрийн маш чухал шийдвэр гаргасанд Хятад улс баяртай байна. Энэ бол даян дэлхийн энх тайвныг хөхиүлэн дэмжсэн “түүхэн алхам” юм” гэжээ. Хятадын алдартай зохиолч Лү Шүнийн “Ямар ч зовлон амссаны дараа ах дүүсийн нөхөрлөл инээмсэглэлтэйгээр оршдог. Талархал болоод өшөө авалтын аль алиныг нь мартацгаая” гэсэн үгийг Хуа Чуньин иш татаад “Хоёр Солонгосын энэ дээд хэмжээний уулзалт нь Солонгосын хойгийн урт хугацааны энх тайван, тогтвортой байдлын эхлэл боллоо” гэсэн байна.

Хоёр Солонгосын удирдагчид амжилттай хэлэлцээ хийснийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер хуудсаараа дамжуулан сайшаагаад “Пуужингийн болон цөмийн туршилттай “галзуу” нэгэн жилийн дараа энэ түүхэн уулзалт боллоо. Сайхан зүйлүүд тохиолдож байна. Гэхдээ зөвхөн цаг хугацаа бүхнийг харуулна” гэжээ. Мөн тэрбээр “Солонгосын дайны төгсгөл ирлээ! Солонгосын хойгт одоо болж буй үйл явдлуудаар АНУ болон Америкийн аугаа ард түмэн бахархах учиртай” гэж “Твиттер”-тээ бичсэн байна.

1950-1953 оны Солонгосын дайныг дуусгасан түр эвлэрлийн гэрээг энэ ондоо багтан “энхийн гэрээ” болгож өөрчлөхөөр хоёр Солонгосын удирдагчид өчигдрийн дээд хэмжээний уулзалтын үеэр мөн тохиролцсон билээ. Солонгосын дайныг энхийн гэрээгээр бус түр эвлэрлийн гэрээгээр дуусгасан учир зарчмын хувьд талууд өнөө хэр нь “дайны байдалтай” байгаа гэсэн үг юм.

Хоёр Солонгос дээд хэмжээний уулзалт хийж, чухал асуудлуудаар тохиролцоонд хүрснийг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мөн сайшаагаад, энэ уулзалтын үеэр хүрсэн тохиролцоогоо ажил хэрэг болгохын төлөө Умард Солонгос дорвитой арга хэмжээ авна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ тэрбээр “Хоёр Солонгосын удирдагчдын гаргасан хамтарсан мэдэгдэлд манай улсын Засгийн газар нухацтай дүн шинжилгээ хийж, цаашид хэрхэхээ шийдэх болно” гэжээ.

Тэгвэл Умард Солонгосын гол холбоотнуудын нэг ОХУ-ын ГХЯ-наас гаргасан мэдэгдэлд “Умард болон Өмнөд Солонгос хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд туслахад манай улс бэлэн байна” гэжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хоёр Солонгосын удирдагчдын уулзалтыг “жинхэнэ түүхэн уулзалт” гэж тодорхойлоод “Энэ уулзалт нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, энх тайвныг цогцлоох үндэс суурь боллоо” гэсэн байна.
 
 Хоёр улс хоорондын дайсагналыг зогсоох, хоёр улсын хилийг заагладаг Цэрэггүй бүсийг “энхийн бүс” болгож өөрчлөх, АНУ болон БНХАУ-ыг хамруулсан дөрвөн талын хэлэлцээ хийх, Солонгосын дайны улмаас тусгаарлагдсан гэр бүлүүдийн уулзалтыг зохион байгуулах, хил дамнасан орчин үеийн төмөр зам, авто зам тавих, тив дэлхийн шинжтэй спортын арга хэмжээнүүд, тухайлбал энэ оны Азийн спортын наадамд хамтдаа оролцох зэрэг асуудлаар Мүн Жэ Ин, Ким Жөн Ун нар өчигдрийн уулзалтынхаа үеэр мөн тохиролцоонд хүрсэн билээ.
 

Г.Доржханд: МОНЦАМЭ

сэтгэгдэл үлдээх