ЗАЙСАНГИЙН ЗҮҮН СУГЫГ “ГИЖИГДЭХ” НЬ ГЭМТ ХЭРЭГ МӨН

Зайсан толгойн зүүн талд газар ухсан нь Монгол Улсын тусгаар тогтнолд аюул учирсан мэт дуулиан болж байна. Нийгмийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр үүнийг л шуугиад байна. Ер нь бол хамгийн аймаар гэмт хэрэг бололтой. Зайсангийн зүүн талд газар шорооны ажил хийсэн хүмүүс төр засгийн үгэнд орохгүй, тэдэнд хууль үйлчлэхгүй байгаа гэнэ. Том толгойтой нэг нөхөр гарч ирээд Зайсан толгойд их аюул занал учруулж, дайсагнаж байна гэж нийгэм даяараа нэгэнт ойлгов. Ихэд зэвүүцэв. Тэрхүү зэвүүн этгээд хэн гэвэл О.Одсүрэн гэж иргэн юм байна. Нийгэмд цацаад байгаа мэдээллээр бол “Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан толгойн зүүн талд, тусгай хамгаалалттай газар нутагт иргэн О.Одсүрэн нь ямар ч зөвшөөрөлгүйгээр барилгын суурийн газар шорооны ажил явуулж байна гэсэн иргэний мэдээллийн дагуу тус газарт Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/ болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Цагдаагийн ерөнхий газрын /ЦЕГ/ албан хаагчид ажиллаж байна” гэж байгаа юм. Залгуулаад “Урьд өмнө нь Хатан туул, Богд хан уул, Зайсан толгой руу минь хэн ч ингэж аймшиггүйгээр халдан түрэмгийлж байгаагүй юм” гэж яамны зүгээс мэдээлж магадгүй нь.

Гэтэл өнөөдөр нийслэлчүүд Зайсан толгойгоо харж чадахаа больсон. Хаагаад хачин том уул хяр шиг барилгуудыг Зайсан толгойн хойноос нь жадлан ухаж барьсан. Зайсан толгой дээрээсээ ч Улаанбаатар хотыг харах боломжгүй болсон. Үүнийг өнөөдөр хүн бүхэн мэднэ. Одоо шуугиан болоод байгаа иргэн О.Одсүрэнгийн маажиж буй газрын хэмжээ үнэндээ алга дарам. Ц.Нямдоржийн Нүхт дэх хаусын газраас арай бага юм. 15 мянган га талбайд аялал жуулчлалын бүтээн байгуулалт хийнэ гэж хулхидаж аваад шилэн оффиссууд эгнүүлээд хаячихсан “Оюуны ундраа” группын ерөнхийлөгч асан, одоо нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга С.Амарсайханы газартай харьцуулбал иргэн О.Одсүрэнгийн газар нь түүний албан өрөөний жорлонгийн талбайтай бараг тэнцэх биз. Үүнийг хэн ч очоод харж болно.

Зайсан толгойн зүүн суга бол үндсэндээ байршлаараа урд зүгт орно. Хад асгатай, хүн хүрдэггүй, нийтийн зорчих, алхах зугаалах хэсэгт орох боломжгүй, ач холбогдол багатай хэсэг. Харин хойд тал нь бол нүүрэн хэсэг, хамгийн үнэ цэнтэй, нийслэлээ алган дээрээ тавьсан мэт хардаг, байгалийн алсыг харагч юм. “Оюуны ундраа”-гийнхан олзлон авахаас өмнө нийслэлийн нэг сая иргэн “Зайсан толгой” дээрээ гарч Хатан туулаа, үзэмжит бургасан төглөө, тахилгат дөрвөн уулынхаа оройг харж сэтгэл уужирдаг байлаа. Одоо бол урдаасаа ч, хойноосоо ч нэг их том шилэн хананууд нүүрэнд тулчихаад сэтгэл бухимдуулаад байх боллоо. Зайсан толгой, Соёмбот уул, Туулын бургас орчмын газар орныг хааш хааш нь хэдэн арван км эзлэн авсан “Оюуны ундраа”-гийнханд яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм. Их хөрөнгө мөнгө, эрх мэдэл, албан тушаалтай болохоор нь тэр үү. Энгийн иргэн О.Одсүрэнгийн алгын чинээ газрыг яагаад сүр дуулиан болгож, шүүх цагдаагийнхныг аваачин дарамталж, сошиал орчин, мэдээллийн сувгуудаар өдөр шөнөгүй “Монгол Улсыг сүйрүүлж байгаа” мэт дуулиан болгонов. О.Одсүрэнгийн авсан сөөм газраас хот гоё харагдахгүй, тэр газарт тоож очиж шээх ч хүн байхгүй. Харин “Оюуны ундраа”-гийн овоолсон шилэн хана, цутгасан цемент бол аз жаргал, амралт зугаалга өрнөж, стресс нервиэ тайлдаг газар байлаа. Улаанбаатар хамгийн гоё харагддаг, орой дээрээ сүндэрлэсэн гоё хөшөөтэй, наагуур нь ногоорсон их бургас, голын урсгал сонсогдсон... ер бусын гоо орчин байгаагүй билүү. Түүнд хэн санаа тавьсан юм. БОАЖЯ, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, ЦЕГ-аас “Оюуны ундраа”-гийнханд хэзээ шаардлага тавьсан юм. О.Одсүрэн гэж иргэн дээр бол овоорч шаваад. Тэр дор нь хэвлэлийн бага хурлыг яаман дээрээ зарлаад... сүйд болоод байдаг. Өнөөдрийн БОАЖЯ-ны удирдлага, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэн нар энэ албанд саяхан ирсэн болохоор мэдэхгүй байж болно. Мэдэж ав. Өмнөх хүмүүс чинь тул биш жараахайгаар оролдож ажил хийсэн дүр эсгэдэг байлаа. Одоо та нар тэр дүрийг давтаж болохгүй. “Оюуны ундраа” ч тэр, Одсүрэн ч тэр, хууль зөрчсөн бол хоёулаа адилхан зөрчсөн. Хариуцлагыг нь адилхан үүрүүл. Тэрнээс хөрөнгөтэй, эрх мэдэлтэйг нь болохоор хараагүй юм шиг дүр эсгэж, энгийн иргэнд болохоор арслан барын дүр эсгэн төрийн сүр, хууль журмын буулга ярьж сүржигнэх хэрэггүй. Нийслэлийн нэг сая иргэнд маш тодорхой харагдаж байгаа зүйл бол Улаанбаатар хот талаас нь Зайсан толгойг ухахад хууль үйлчилдэггүй, Зүүн суганаас жаахан газар тэгшлэхэд хууль үйлчилдэг байдал юм. Хамгийн ач холбогдолтой, аялж амардаг, ая тохьтой алхдаг байсан нүүрний хэсгийг нь байхгүй болгодог чинь бүр хохиролтой биш үү.

Аливаа байгалийн нүүр царай болсон хэсэг бол хамгийн чухал. Зайсан толгой Монголын нийслэлийн нэгэн чимэг гэж үзэж, дархан цаазат газар гэж байгаа бол нүүрийг нь ухаж, бас битүүлж, цемент, шил хоёр овоолсон “Оюуны ундраа” компани хариуцлага хүлээдэггүй юм уу. “Оюуны ундраа”-гийн эздийн нэг нь МАН-ын гишүүн, нийслэлийн ИТХ-ын дарга, нөгөө нэг эзэн нь АН-ын гишүүн, нам нь ялангуут заавал сайд даргын өндөр алба хашдаг нэгэн. Хоёр төрд хоолны сав нь дүүрэн байдаг тэдний өөдөөс том дуугарч чадахгүй, алагчлан үзэж, хууль бус үйлдлийг нь өршөөж байгаа нь шударга ёс мөн үү. “Оюуны ундраа”, Одсүрэн хоёрт ялгавартай хандаж байгаа юм уу. Хууль биелүүлж байгаа нь энэ үү.

Энэ бүгдийг ард түмэн бүр эхнээс нь мэддэг, ярьдаг. Туулын бургасыг хядаж барьсан “Зайсан Скуэр”, Зайсан толгойн нүүрийг эмтэлж босгосон “Зайсан Хилл” нь бүгдээрээ “Оюуны ундраа” компанийнх. Эдгээр том шилэн байгууламжуудын байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэдгийг баталсан баримтыг Улаанбаатар хотын нийт иргэд үзэж, танилцах эрхтэй. Зайсан толгой орчим дахь нэг метр кв газрыг 1320 төгрөгөөр үнэлээд, жилд 19.8 сая төгрөгийг улсад газрын төлбөр хэмээн тушаачих бизнесмэн олон бий. Улс тусгай хамгаалалттай газраа ашиглуулсныхаа төлөө “Оюуны ундраа” группээс 2012-2017 онд нийт 99 сая төгрөгийн л төлбөр авсан. Баргийн аавын хүүд Богд хан уулын тусгай хамгаалалттай газар нутагт 15 мянган га газрыг аялал жуулчлалын бүс болгоно гэж аваад, хоёр ч том худалдааны төв босгох зүрх зориг төрөхгүй. АН, МАН-д нөлөөтэй ах дүүсэд л ийм том ар байгаа байх. “Зайсан Скуэр”, “Зайсан Хилл”-ийг барьсан газар 15 мянган га-д хүрэхгүй учраас дахиад өөр олон байршил тэдний мэдэлд байна гэсэн үг. Гэтэл “Зайсан толгой” орчмын энэ их газар нь тэдэнд багадсан бололтой юм. Алгын чинээ газартай О.Одсүрэн өрсөлдөгч нь гэж харагджээ. Үнэндээ О.Одсүрэнгийн алга дарам газар нь “Оюуны ундраа”-гийн “Зайсан хилл”-ийн хүлээлгийн танхимын хэмжээнд ч бараг хүрэхгүй гэдгийг олон хүн ярьж байна шүү дээ.

Эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй хүмүүстэй юу ч ярихгүй мөртлөө энгийн иргэнтэй хууль дүрэм ярьж, хэвлэлийн хурал зарлаж, цагдаа хүчнийхнийг аваачиж дарамтлуулаад байгаа чинь БОАЖЯ-ыг муухай харагдуулж байна. Бүхэл бүтэн яамны ард нийслэлийн том дарга байна гэсэн хар сэрийг иргэдэд төрүүлж байна.

“Зайсан толгой” байтугай Богд хан уулыг харагдахгүй болтол цемент, шил овоолчихсон хүмүүстэй хуулийн хариуцлага ярихгүй мөртлөө цахим хэрэгсэл, хэвлэл мэдээллээр зогсоо зайгүй “Одсүрэн, Одсүрэн” хэмээн ярьж байгаа БОАЖЯ-ны дарга нарт хэлэх юм байна. “Оюуны ундраа”, Одсүрэн хоёрт хууль адилхан үйлчлэх ёстой, үйлчлэхгүй бол хоёуланд нь хууль үйлчлэх ёсгүй. Төрийн ажлын зарчим бол энэ.

сэтгэгдэл үлдээх