МОНГОЛЫН БОЛОН ДЭЛХИЙН КИНОНЫ ХӨГЖМИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ЭГШИГЛЭНЭ

Улсын филармонийн Морин хуурын чуулгын уран бүтээлчид хөгжмийн зохиолч Эннио Морриконегийн "1900-гийн домог" /Legend of 1900/ кинонд зориулан бичсэн "Playing love" зохиолоор нэрлэсэн тоглолтоо найм дахь жилдээ үзэгч, сонсогч олондоо өргөн барина.

Хөгжмийн зохиолчдын авьяас билгээ сорих, ур чадвараа харуулах нэг шалгуур нь киноны хөгжим гэлцдэг. Кино урлаг үүсэж хөгжихтэй зэрэгцэн хөгжсөн хөгжмийн энэхүү томоохон урсгалын энэ үеийн гол төлөөлөгчдийн нэг нь Эннио Морриконе билээ. Энэхүү тоглолт нь Монголын төдийгүй дэлхийн алдарт киноны сэтгэлд хоногшсон сонгомол хөгжим аялгууг үндэсний хөгжмийн хөг эгшгээр амилуулан хөгжимдөж, морин хуур хэмээх гайхамшигт хөгжмийн зэмсгийн чадал, ур хийцийн гайхамшгийг тод томруун харуулдаг.
Монгол Улсын Морин хуурын чуулгын морин хуурч А.Даваазоригийн санаачилгаар 2011 онд анх удаа дэлхийн хамгийн алдартай киноны хөгжмүүдийг үндэсний хөгжмөөр амилуулан үзэгчдэд хүргэж байв. Өнгөрсөн найман жилд "Мандухай сэцэн хатан"-ы сүр хүч, "James Bond"-ын хурц рок, "Оддын дайн"-ы Эзэнт гүрний марш зэрэг олон эрс ялгаатай бүтээлүүдээр урын сангаа баяжуулжээ. Харин энэ жилийн тоглолтоороо өнгөрсөн жилүүдэд үзэгч, хөгжимд дурлагсдыг илүүтэй догдлуулсан шилдэг бүтээлээсээ сорчлон толилуулах аж.
Тоглолт ирэх сарын 4, 5-нд Соёлын төв өргөөнд болно.

Ж.Болор

сэтгэгдэл үлдээх