ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД ИРЛАНДЫН ПАРЛАМЕНТЫН ДООД ТАНХИМЫН ДАРГА ШОН О’ФАРЕЛ БАРААЛХЛАА

УИХ-ын даргын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Ирланд улсын парламентын доод танхимын дарга Шон О’Фарел өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байгааг онцлоод, энэхүү ойгоо хэрхэн тэмдэглэж хамтын ажиллагаагаа эрчимтэй, бодитоор хөгжүүлэх санал гаргаж ярилцахыг хүслээ.

Ирланд улсын хувьд аялал жуулчлал, хөдөө аж ахуй, техник технологи, боловсрол гээд бүхий л салбарт Монгол Улстай хамтран ажиллах боломжтой хэмээн парламентын доод танхимын дарга Шон О’Фарел хэлсэн юм. Мөн улсынхаа эдийн засгийн бүтэц, экспорт, импортын талаар дэлгэрэнгүй  танилцуулж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын сүүний жилийн экспорт л гэхэд 4 тэрбум гаруй евро байгааг жишээ болгон дурдаад Ирландын өндөр хөгжсөн хөдөө аж ахуйн технологийг улсынхаа хөдөө аж ахуйд нэвтрүүлэхэд онцгой анхаарч ажиллавал 70 сая шахам тооны малтай Монгол Улсын эдийн засагт ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байгаагаа онцоллоо.

Цаашид хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л салбарт анхаарч, бизнесийн салбарынхныг хамтран ажиллах боломжоор хангах бодлогын түвшинд дэмжиж ажиллах талаар санал солилцов.

сэтгэгдэл үлдээх