Д.ЭРДЭНЭБАТ: ЗАСГИЙН ГАЗРЫГ БҮХЭЛД НЬ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ ХӨНДӨХӨД БЭЛЭН

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцэн санал дүгнэлтээ нэгтгэлээ. 
Тодруулбал, нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх асуудлаар Тусгай хяналтын дэд хорооны дарга С.Батболдод албан тоот хүргүүлэхээр болсон байна. Мөн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг Засгийн газраас шаардаж буйгаа мэдэгдлээ. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат,  “Өнгөрсөн долоо хоногт нэр бүхий 9 сэтгүүлчийг тагнаж, чагнасан тухай асуудал сөхөгдсөн. Дээрх асуудал нь хувь хүний нууц болон тагнах, чагнах гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй тул Тусгай хяналтын дэд хороог нэн яаралтай хуралдуулж уг асуудлыг хэлэлцүүлэх шаардлагатай” хэмээн үзэж албан тоот хүргүүлсэн” гэлээ. Тэрбээр цааш ярихдаа, "Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дахин шаардлага хүргүүлж байна. Бид өнгөрсөн 7 хоногийн даваа гаригт Засгийн газрын нэр бүхий хоёр гишүүнийг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Үүнээс хойшхи нөхцөл байдлыг харахад Сангийн сайд Төсвийн хуулийн 6.2.5 дахь заалтыг дахин зөрчиж УИХ-ын чуулганаар Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцүүллээ. Тэрбээр төсөвт тодотгол хийх тухай асуудлыг үгүйсгэж байна. Тиймээс 2018 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг нэн яаралтай буюу 5 дугаар сарын 14-ны дотор өргөн барихыг шаардаж байна” гэсэн юм.  Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 


- Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хууль зүйн сайд, Сангийн сайд нарт хариуцлага тооцож чадахгүй бол Засгийн газрыг бүхэлд нь огцруулах асуудлыг хөндөх үү? 


- Бид эхний шаардлагадаа тулгуурлан дараагийн алхмаа хийнэ гэдгээ мэдэгдсэн. Хоёр сайдынхаа асуудлыг цэгцэлж чадахгүй бол Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шаардлагыг тавихад бэлэн байгаа. 


- Ямар үндэслэлээр сэтгүүлчдийг тагнасан юм бол. Энэ талаар мэдээлэл байна уу? 


- Ямар асуудлаар тагнаж, чагнасныг нь прокурор хянаад тогтоох байх. Хууль зүйн сайд энэ асуудлыг мэдэхгүй байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Хууль хяналтын байгууллага нь уг хэргийг мөрдөн шалгаад тогтоогоод яллагдагчаар татахаа мэдэгдсэн, хууль хяналтын байгууллагууд үл ойлголцож буйг харуулж байна. Хууль зүйн сайд  мэдэхгүй байхад Цагдаагийн байгууллага  мөрдөн шалгасан гэдэг нь ойлгомжгүй байна. Үүнийг нэг тийш нь болгох хэрэгтэй. Хууль зүйн сайдад мэдэгдэлгүйгээр ийм ажиллагаа явуулах нь ноцтой асуудал. 


- Та бүхэн хоригдож буй гишүүдтэйгээ уулзсан уу? 


- Манай бүлгийн 4 гишүүн, намын дарга С.Эрдэнэ хоригдож буй С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг эргэсэн. Асуудал хуулийн дагуу шийдэгдээсэй гэж бид бодож байгаа. Улс төрийн өнцгөөс бус үнэн зөвөөр нь шалгаж шийдвэрлээсэй гэсэн хүсэл бидэнд байна.

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 12 өдөр

Энэ Халзан нөхөр ямар их сандарч байнаа. Засгийн газрыг огцруулах нь ч яамай байнаа. Зүгээр ажлыг нь хийлгүүл. Харин энэ нөхөр гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг Эрдэнэтийн асуудлаар өөрөө ороогдоод байгаа юм биш үү? Эрдэнэттэй холбогдуулан энэ нөхрийг АТГ бушуухан шалгах хэрэгтэй байна.

ИРГЭН

  • [192.168.1.1]
  • 19 өдөр

Д.ЭРДЭНЭБАТ ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН. ЯАГААД ШАЛГАГДАХГҮЙ БАЙНА?

Зочин

  • [192.168.1.1]
  • 22 өдөр

Баярцогтыг АН-аас хөөчөөгүй билүү