Су.Батболдын “баруун гар” Т.Гантөмөр АТГ-т дуудагдах нээ...

Улаанбаатар хотын менежер гэдэг Хотын даргын албан тушаалын эрх мэдлийг хуваалцдаг хүн бий. Сая гаруй хүн амтай хотыг удирдах ажилд эн тэнцүү оролцох, баруун гар нь л гэсэн үг. Сүүлийн үед Хотын дарга Су.Батболдын талаар таагүй мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээс тасрахгүй байна. Нүдээ олоогүй шийдвэр, хамт ажиллагсад, хамаатан саднаараа тендер “цохидог” баримтууд ил болсноор олон нийтийн дунд нэр хүнд нь навс унаад байна. Гэтэл түүний баруун гар, ерөнхий менежрийнх нь талаар маш ноцтой гомдол АТГ-т хүргэгджээ.

Нийслэлийн  Баянзүрх дүүргийн иргэн Б.Батгэрэл гомдол гаргаж Улаанбаатар хотын захирагч Т.Гантөмөрийн хууль зөрчсөн байж болзошгүй баримтуудыг АТГ-т хүргүүлжээ. Түүний гомдолд “Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Зам талбайн цэвэрлэгээний хуваарь батлах тухай” А/21 дугаартай тушаал гаргахдаа Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/28 дугаар үахирамжийн нэгдүгээр хавсралтаар баталсан “Улаанбаатар хотын захирагчийн ажлын албан дүрэм”-ээр олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэж байна. Тодруулбал, Т.Гантөмөр нь А/21 дугаартай тушаалаараа “Улаанбаатар шинэчлэл” ХХК-аас 583,237,500 /Таван зуун наян зургаан сая хоёр зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөг, “Грейт роуд” ХХКаас 698,655,000 /Зургаан зуун ерэн найман сая зургаан зуун тавин таван мянга/ төгрөг, “Охь мандал” ХХК-аас 519,425,000 /Таван зуун арван есөн сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөг, “Эко орчин” ХХК-аас 273,700,000 /Хоёр зуун далан гурван сая долоон зуун мянга/ төгрөгийн үйлчилгээг “тендерийн сонгон шалгаруулалтгүйгээр шууд” Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хот тохижилтын 2018 оны төлөвлөгдсөн зардлаас худалдан авахаар шийдвэрлэсэн байна” гэжээ.

Тэрээр Улаанбаатар хотын ерөнхий менежрийн энэхүү тушаал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьчдилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй гэж үзжээ. Түүнчлэн Т.Гантөмөр нь ажил үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш болохыг гомдол гаргагч иргэн хууль тайлбарлан онцолжээ. Тиймээс Улаанбаатар хотын ерөнхий менежрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хуулиар олгогдсон эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн гэж үндэслэлийг бий болгож байна гэжээ.

Тохижилт үйлчилгээний компаниудыг алагчлан үзэж шууд гэрээ байгуулах замаар хамтран ажиллах болсон нь бусад компаниудад тендерт оролцох, ажил үйлчилгээ эрхлэх боломжгүйд хүрч олон зуун ажилтнууд ажлын байргүй байгааг ч энэ гомдолд дурджээ. Үүнээс үзэхэд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 2 тэрбум гаруй төгрөгийн ажил үйлчилгээг албан тушаалаа ашиглан дур мэдэн худалдан авсан хэрэгт унаж болзошгүйд хүрээд байгаа аж.

Т.Гантөмөр Су.Батболдыг Хотын дарга болсны дараахан энэ албанд томилогдсон. Тэрээр хүний их эмч мэргэжилтэй, мэргэжлээрээ багагүй хугацаанд ажилласан. 1995 оноос нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтнаар ажиллаж эхэлснээр улс төрийн албан тушаал хашиж эхэлсэн нэгэн. Баянзүрх дүүргийн Засаг дарга, Ерөнхий сайдын зөвлөх, НИТХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга зэрэг албыг үргэлжлүүлж хашсаар эдүгээ Улаанбаатар хотын ерөнхий менежер буюу Захирагчийн ажлын албаны даргын хариуцлагатай албанд томилогдоод хоёр жил орчмын хугацааг үдэх гэж байна. Нэг ёсондоо Хотын дарга Су.Батболдын салшгүй нэг тал, сая гаруй хүн амтай хотыг удирдах ажилд эн тэнцүү оролцох, баруун гар нь гэсэн үг.

Хотын дарга, түүний эргэн тойрны хүмүүс ард иргэдийнхээ татварын мөнгөнөөс хумсалсан байх магадлалтай энэ мэт үйлдлүүд гаргасаар байгааг зүгээр хараад суух уу?!

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар

Харгиа цэвэрлэх байгууламжийн хажуугаас хороолол эхэлж байгаа.Хөрсний шинжилгээгээр 15-р хорооны нутаг дэвсгэр бүхэлдээ хүнд метал, тэр дунда хар тугалганы бохирдлын хэмжээ аюултай төвшинөөс хамаагүй өндөр байгаа нт тогтоогдсон. Иймд тэр хавийн иргэдий амь насыг хамгаалах үүднээс арьс ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нэн даруй зогсоож, тэр хавийн хөрсийг саармагжуулаж өгөхийг шаардаж байна.Батболд болсон болоогүй юм санаачилж бантаж явахын оронд ийм тодорхой арга хэмжээг аваачээ. [Хориотой Үг] нар хятадуудтай нийлж хүнд метааллаар арьс угааж иргэдийг хорлож байгааг хөрөнгө оруулалт, бизнес гэж нэрлэж болохгүй,олигтой татварч ордоггүй гэсэн, одоо дулаан цаг ирлээ, энэ үйлдвэрүүдээ яаралтай гаргаад, маш яаралтай хөрсийг нь саармагжуулж өгөөч