САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР “ХОТГОР ШАНАГЫН УУРХАЙ”-Н АСУУДЛААР ТАЙЛБАР ӨГЛӨӨ

Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байрлах Хотгор шанагын нүүрсний уурхайн 51 хувийг БНСУ-ын Корэй Коал компанид худалдахад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа оролцсон гэх агуулгатай “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэг өчигдөр гарсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, түүний ах Ч.Гантулга нар албан ёсоор тайлбар хийснийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн фэйсбүүк дэх  https://www.facebook.com/hurelbaatarc/ хаягаараа дамжуулан дараах тайлбарыг өгчээ. Тэрбээр “Өчигдөр орой намайг гүтгэсэн ээлжит захиалгат нэвтрүүлэг гарчээ. Үүнд тайлбар өгье. Нэг: “Хотгор шанагын” уурхайг худалдан авах үйл ажиллагаанд миний бие ямар нэг байдлаар оролцсон эсэхийг тодруулахаар албан бичгийг Солонгосын талд хүргүүлсэн бөгөөд ирсэн хариуг нь англи, монгол хэл дээр (орчуулга) та бүхэнд хүргэж байна. Энэ бичгийн хариуд Хотгор шанагын уурхайг худалдан авахдаа Ч.Хүрэлбаатартай холбогдож ярилцсан, хэлэлцсэн, туслалцаа авсан зүйл огт байхгүйг дурджээ. Намайг Солонгосын талд нөлөөлөх гэж оролдсон юм шигээр гүтгэж байна лээ. Надад атгуулдаг, дарамтлуулдаг Солонгосын төр гэж юу байхав, санааны минь зоргоор хөдөлдөг бүхэл бүтэн улс үндэстэн гэж юу байхав. Хэрвээ үнэхээр тийм бол би өөрийгөө Монгол Улсын гадаад бодлогод тун тустай нэгэн болохоо ойлгож авъя. Өглөөнөөс эхлээд виз хэлээд өгөөч, хүүхдээ сургуульд явуулах гэсэн юм гэж иргэд эхнээсээ хандаж эхэллээ. Солонгос орон хуулиа хатуу чанд сахиж, дээдэлдэг төртэй улс учир бодит мэдээллийг өгсөн л энэ.
Хоёрдугаарт: Бөхмөрөн суманд 2006 онд ашиглалтад орсон Нүүрсний хийн цахилгаан станцыг намайг бариулж, туузыг нь хайчилж, улмаар 800 гаруй сая төгрөг шамшигдуулсан мэтээр дурджээ. Гэтэл тэр үед миний бие Сайд битгий хэл УИХ-д нэр дэвшихээ ч мэдээгүй төрийн албанд зүтгэж явсан нь бас үнэн. Юун тууз хайчлах манатай. Харин намайг Эрчим хүчний сайд байхад Бөхмөрөн сумыг Цагааннуураас өндөр хүчдэлийн шугамд холбох ажил эхэлж байнгын тог цахилгаантай болсон гэдгийг хэлье” гэсэн байна. Тэрбээр тайлбартаа мөн доорх албан бичгүүдийг хавсаргажээ.



Дээрх нэвтрүүлэгт нэр дурдагдаад буй Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах Ч.Гантулга фейсбүүк дэх хаягаараа дамжуулан өгсөн тайлбарт “Өчигдөр орой нэг эмэгтэй ТВ-ээр гүтгэлэг тараасан байна. Гүтгэлгийн цаад санаархал нь миний дүү Хүрлээг харлуулан гүтгэх, цаашилбал Засгийн газрын байр суурийг ганхуулах улс төрийн бүлэглэлийн санаархал цухалзаж байгаа учраас энэ тайлбарыг бичиж байна. Чимэд овогтой Гантулга миний бие цөмийн физикч мэргэжилтэй, физик-математикийн ухааны доктор, одоо “Тохир” ХХК-ийн захирлаар ажилладаг. 2008 онд “Хотгор шанага” ХХК-ийн захирал Б.Алтангэрэл нь үйл ажиллагаандаа зориулж санхүүжилт хэрэгтэй байна гэж тодорхой хэмжээний мөнгө зээлдүүлэхийг хүссэн. Тухайн үед манай компани барилгын бизнес эрхэлж байсан тул холбогдох Зээлийн гэрээг байгуулж Б.Алтангэрэлийн өөрийнх нь тавьсан саналын дагуу “Хотгор шанага” ХХК-ийн 30 хувийг барьцаалж мөнгө зээлдүүлсэн юм. Зээлдүүлсэн мөнгийг богино хугацаанд эргэж төлнө гэж байсан ч төлөлгүй 3 жил болсон. Нэг өдөр Солонгосчуудтай хамтран ажиллах боллоо, зээлийг чинь төлье, дансны дугаараа өгөөч, итгэмжлэлд гарын үсгээ зураач гэснийг ёсоор болгосон. Тодорхой хугацааны дараа бидний дансанд тухай үеийн ханшаар нийт 2,4 тэрбум орчим төгрөг орж ирсэн юм. Иймд уг компанийг барьцаалсан 30 хувийг буцааж Б.Алтангэрэлд нь шилжүүлснээр бидний харьцаа дуусгавар болсон. Энэ бол түгээмэл байдаг л бизнесийн харилцаа. Болсон явдал бол ердөө энэ. Үүнийг буруугаар тайлбарлаж, манай гэр бүл, ах дүү найз нөхөд рүү дайрсан гүтгэлэг хэрээс хэтэрч байна. Та бүгдэд тухайн үед байгуулсан Зээлийн Гэрээ болон орж ирсэн мөнгийг Татварын албанд тайлагнаж ногдох татвараа бүрэн төлсөн хуулгыг хүргэж байна.

Захиалгагүй, бодит үнэнг тогтоох зорилготой нэвтрүүлэг хийхийг хүссэн бол
1.Хэрвээ энэ хэлцлийг бид өөрсдөө гардаж хийсэн бол яах гэж итгэмжлэл олгож өөрсдийнхөө өмнөөс хүн явуулж хэлэлцээр хийлгэх юм бэ?
2. Компанийн үйл ажиллагаатай холбоотой гол шийдвэрийг 30 хувь эзэмшигч гаргах уу? 70 хувь эзэмшигч гаргах уу?
3. Увс, Солонгос явж сүржигнэж байхаар 70 хувийг эзэмшиж хэлцэл хийсэн Б.Алтангэрэлээс яагаад нэг үг өгүүлбэр, ярилцлага авахгүй байгаа юм бол? Б.Алтангэрэл нь АН-ын ҮБХ-ны гишүүн учраас уу?
4. Эцэст нь бидний үйл ажиллагаа ямар нэг хэлбэрээр хууль зөрчсөн буруу үйлдэл байсан бол бид Татварын албанд тайлангаа гаргаад, банкин дахь хувийн дансаа өгөөд явах байсан уу? зэргээр олон асуудлыг тодруулах байлаа” гэжээ. Тэрбээр мөн доорх бичгийг тайлбартаа хавсаргасан байна.

Н.Гантуяа


сэтгэгдэл үлдээх