ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧИЙН ЗОХИОН БАЙГУУЛСАН АЯЛАЛ ХҮНИЙ АМИНД ХҮРЧЭЭ

Дорноговь аймгийн нутаг дэвсгэр Хамрын хийд орчмын шороон замд нэгэн ноцтой осол гарч гурван хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг өнгөрсөн ням гаригт буюу дөрөвдүгээр сарын 29-ний өглөө 06:00 цагийн орчимд гарчээ. Ослын урьдчилсан мэдээгээр жолооч хурдаа тохируулаагүйн улмаас машин огцом эргэлт дээр осолдсон гэж үзсэн байна. Тэнд зорчиж явсан 50-60 орчим насны хоёр эмэгтэй, нэг эрэгтэй газар дээрээ нас барж, нэг хүн маш хүнд гэмтэлтэйгээр гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ. Тэд бүгд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтсийн ажилтнууд байж. Хамрын хийдийг зорьсон энэхүү аяллыг Нийслэлийн Засаг даргын орлогч, МАН-ын хэсгийн ахлагч нарын холбооны тэргүүн П.Баярхүү санаачилгаар Түүний туслах Отгонтуяа санаачилсан гэх мэдээлэл байна. Нийслэлийн МАН өдгөө албан ёсны даргагүйгээр хагас жил илүүтэйн нүүр үзэж буй нь энэ мэт хариуцлагагүй, хөл толгойгүй үйлдлийг гааруулах нэг шалтгаан болсон байж ч мэднэ. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй өдгөөгөөс долоон сарын өмнө огцрох хүсэлтээ өгч, суудлаасаа буусан. Тухайн үед МАН дээрээ ч, дундаа ч хагаралдсан. Засгийн газраа огцруулахаар УИХ-ын 65 гишүүн хоёр хуваагдаж байх зуур нийслэлд ч бас “зодоон” болж байлаа. Нийслэлийн МАН-ын хагаралдсан гол буруутан нь Ц.Сандуй болж таарч, өөрийнхөө хүсэлтээр огцорсон юм. НИТХ-ын даргын албан тушаалаасаа огцрохдоо тэрбээр нийслэлийн МАН-ын хорооны даргынхаа суудлыг, намынхаа тамгатай хамт хотын дарга Су.Батболдод үлдээгээд явсан. Өөрөө дур мэдээд Су даргад өгчихсөн юм биш. Нийслэлийн МАН-ын тэргүүлэгч 11 хүний шийдвэрийн дагуу шилжүүлсэн юм билээ. Ийнхүү Су.Батболд дарга хоёр тамгатай болсноос хойш Нийслэлийн МАН албан ёсны даргагүй өнөөдрийг хүрээд байгаа юм. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын олонхи нь МАН-ын төлөөлөгч байгаа. Тэд нийслэлийн МАН-ын хорооны мөрийн хөтөлбөрийг барьж сонгуульд оролцсон. Үнэмлэхүй ялалт байгуулсан. Одоо мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. Гэтэл мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь битгий хэл, хурлаа ч хийж чадахгүй байна. Өрөвдмөөр бас шоолмоор. Хоёр тал болоод хуваагдчихсан, НИТХ-ын даргынхаа хэлсэн үг, өгсөн үүргийг нохой хуцсан чинээ тоохгүй суугаа хотын намын хороо гэж байгаад нэмэргүй, байхгүйд гарзгүй байгууллага болоод хувирчихлаа. Эвдрэл, хагаралын гол буруутнаа огцрууллаа гэж байсан хүмүүс эвтэй найртай болж, амар сайхан жаргасангүй. Энэ бүхэн нийслэлийн МАН-ын хороо даргагүй байгаатай шууд холбоотой. Хотын дарга өөрийнхөө үүрэгт ажлыг хийж, “Аз жаргалтай Улаанбаатар” –ыг цогцлоохын төлөө зүтгэж байгаа. Юун нийслэлийн МАН-ын хороог хайхрахтай манатай. НИТХ-ын хэдэн гишүүн нь цуглаж хурлаа хийнэ үү, байна уу түүнд хамаагүй. Энэ бүхнийг сануулахын учир нь МАН-ынхан үндсэн дүрмийнхээ дагуу нийслэлийн МАН-ын бага хурлаа хурдхан хийж, хотын даргын “суга”-наас хороогоо гаргах, халааснаас нь тамгаа авах цаг болсон байна. Хурдхан энэ асуудлаа шийдэж, даргаа сонгоод, ажлаа хийхгүй бол сонгуулиас хойш хоёр жил өнгөрчихлөө. Тэгэхийн тулд МАН-ын хороо даргаа яаралтай сонгох шаардлагатай. Тэгэхгүй бол нийслэлийн МАН-ын нэр хүнд шороотойгоо хутгалдаад дууслаа. Авахаас сүүлийн үед нэг нэгнээ бага муулж байна. Өөр гялайх гялтайх юм алга. Ядахад яр гэгчээр НИТХ-ын гишүүд нь учраа ололцож, урагшаа харж чадахгүй байгаа энэ үед хотын дарга нь дарин дээр нь давс үрж байгаа. Хийж байгаа ажил, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр нь иргэдэд таалагдахаасаа илүүтэй уурыг нь барж байна. 42 сая ам.долларын гүүрэн зам, “Аз жаргалтай Улаанбаатар”-ын нэрээр хийж буй тоглолтууд , явган хүний замыг таллан будаж дугуйн зам “урласан” гээд иргэдэд таалагдахаасаа илүү хэл амны бай болсон олон ажлыг тэд хийж байна. Бүр иргэдийг хоёр өдөр машинаа гэрийнхээ гадаа үлдээх саналыг ч тэд тулгаад авсан. Дайны хажуугаар дажин гэгчээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хотын мэр, НИТХ-ын дарга хоёроо “Наад нэг ямар ч судалгаагүй дугаарын хязгаарлалт тэгш сондгойн хязгаарлалт гэдэг балай юмаа одоо боль. Хотын иргэдээр хангалттай тоглож байна наад замын асуудал хариуцсан нөхөд чинь” хэмээн загнаж, нэр хүндийг нь шалаар нэг тарааж хаясан. Гэх мэтээр асуудал тарьснаар өөр дорвитой ажил юу ч хийсэнгүй. Нийслэлийн МАН-ын хорооны мөрийн хөтөлбөрөөс юу хэрэгжиж, амлалтаас нь юу биелэв. Одоо Улаанбаатар хотод ямар бүтээн байгуулалт өрнөж байгаа билээ. Хэлтэй амтай 42 сая ам.долларын гүүр, Яармагийн гүүрний ажил л эхэлсэн байх. Өөр юу ч алга. Үндсэндээ хотын дарга сугандаа хавчуулсан нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчийн ажлаа хог дээр хаячихсан гэсэн үг. Үүрэг гүйцэтгэгч бол үүрэг гүйцэтгэгч шүү дээ. Яагаад ч жинхэнэ дарга шиг асуудлаа зохицуулж, ажиллаж чадахгүй нэг өрөөнөөс хотыг, намын хороог удирдана гэдэг инээдэм биш ханиад болох цаг дөхсөөр. 2020 онд МАН-ыг биш АН-ыг ард түмэн сонговол уйлах ихдэж, инээх багадах байх даа.

 

Эх сурвалж: ekhsurvalj.mn

сэтгэгдэл үлдээх