ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ОЮУТНЫ УЛСЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Монгол Улсын оюутны аварга шалгаруулах 2018 оны ширээний теннисний тэмцээнийг “ОЧ” клубт зохион байгуулж, 15 их, дээд сургуулийн 80 тамирчид ур чадвараа сорин өрсөлдлөө.

Тэд эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, багийн төрөл, холимог хосын нийтдээ 5 төрлөөр өрсөлдөж, шилдэг оюутан тамирчид УАШТ-ий аварга болон мөнгө, хүрэл медальтнууд шалгарлаа.

Дүнг танилцуулахад, эрэгтэй ганцаарчилсан төрөлд тэргүүн байрт Б.Эгшиглэн /ШУТИС/, 2-р байр Г.Чулуудай /ШУТИС/, 3-р байр М.Бат-Эрдэнэ /Мон-Алтиус БТДС/ эзэлжээ. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Р.Мөнхнаран /ШУТИС/ тэргүүлж, Б.Урантогос /ҮБТДС/, Б.Мөнхзаяа /СЭЗИС/ 2, 3-р байрт шалгарлаа.

Эрэгтэй багийн төрөлд ШУТИС-ийн баг тамирчид тэргүүлж, Мон-Алтиус БТДС, МҮИС-ийн баг тамирчид 2, 3-р байр эзэлсэн бол эмэгтэй багийн төрөлд ШУТИС-ийн баг тамирчид аваргалж, ХУИС, ҮБТДС-ийн баг тамирчид удаалжээ. Харин холимог хосын төрөлд ШУТИС-ийн Д.Билэгжаргал, Н.Болор нар тэргүүлж, МУИС-ийн Б.Баттөмөр, Н.Энхцацрал, Мон-Алтиус БТДС-ийн М.Бат-эрдэнэ, Э.Ундармаа нар 2, 3-р байрт шалгарлаа.

Байгууллагын нэгдсэн дүнгээр ШУТИС 31 оноогоор 1-р байрт шалгарч багийн дасгалжуулагч нь алтан медаль хүртлээ. Мөнгөн медалийг 49 оноогоор Мон-Алтиус БТДС, хүрэл медалийг 51 оноогоор МУИС тус тус хүртлээ.

Тэмцээний нээлт, хаалтын ёслолд МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн тэнхимийн эрхлэгч Л.Эрдэнэпүрэв оролцож баг тамирчдад баяр хүргэн, шагналыг гардуулан, амжилт хүслээ. Мөн Монголын оюутны спортын холбоо /МОСХ/-ны Удирдах зөвлөлийн гишүүд, их, дээд сургуулийн багш нар оролцсон юм.

Тэмцээнд спортын мастер, дэд мастер цолтой ур өндөр чадвартай болон залуу тамирчид олноор оролцсон бөгөөд Монголын ширээний теннисний холбооны мэргэжлийн шүүгчийн зөвлөл удирдан явуулсан байна.


Д.Өлзий

сэтгэгдэл үлдээх