МАХН дараагийн хувилбараа сонгох уу

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууүльд парламентад суудалтай гурван намын хоёрын нь нэр дэвшигч тодорхой боллоо. МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас  УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээр СЕХ шийдвэрлэлээ. Харин парламент дахь гуравдагч хүчин МАХН-наас нэрийг нь дэвшүүлэхээр бичиг баримтаа хүлээлгэн өгсөн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг СЕХ бүртгэхээс татгалзлаа.

Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшигчийн бүрдүүлэх материалаас  хоёр бичиг баримт дутуу байжээ. Тодруулбал,Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд тавигддаг тусгай шаардлага дахь:

-Шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх.

-"Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” гэж анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байх гэсэн заалтыг хангаагүй байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр ял шийтгүүлж байсан хэдий ч  ялгүйд тооцогдох хугацаа ирэх наймдугаар сарын 02-ноор дуусгавар болох юм билээ.  Нөгөөтэйгүүр тэрбээр өнгөрсөн хугацаанд 2013 оны наймдугаар сарын 13-наас 2014 оны 10 дугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй аж.  Энэ хоёр үндэслэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болсон байна. Гэхдээ тэрбээр нэр дэвшигчийн бичиг баримтаа СЕХ-нд өргөн барьснаас хойш МАХН-ын гишүүдээрээ  дамжуулан "Өөрийгөө нэр дэвшигчээр бүртгүүлэх, шударгаар өрсөлдүүлэх” шаардлагыг тавьж байсан билээ. Цаашлаад өчигдөр СЕХ хуралдаж, нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэхэд МАХН-ын гишүүдийн хамт Засгийн газрын XI байранд дайран орж, хурлаа нээлттэй хийхийг шаардахаас гадна, өөрийн биеэр СЕХ-ны хуралдаанд тайлбар тавьсан.  Гэсэн хэдий ч СЕХ хуулиа барьж, шийдвэрээ гаргалаа.

Ер нь хуулиараа   "таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байх” гэдэгт эрүүл мэндийн ч юм уу ямар нэг шалтгаан хамаарахгүй юм билээ.

Нэр дэвшигчийн бүртгэлээс хасагдсан тохиолдолд  жагсаал зохион байгуулж, цаашлаад өлсгөлөн зарлахад ч бэлэн хэмээн өөрсдийгөө "сумлуулсан”  МАХН-ын   хэсэг бүлэг эрхмүүд  энэ өдрүүдэд  "дээрээс өгсөн чиглэлийн дагуу” үүргээ гүйцэтгэх байх.

Уг нь  МАХН-ынханд дараагийн  нэр дэвшигчийг тодруулан бүртгэх эрх нь нээлттэй байгаа. Хэрвээ маргааш буюу энэ сарын 17-ны дотор дараагийн нэр дэвшигчийн бичиг баримтыг СЕХ-нд өргөн барихгүй бол сонгуульд оролцох эрх нь хаагдана.  Мөн сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлэхгүйгээр МАН, АН-ын аль нэгийг сонгуульд дэмжин оролцох боломжтой.  МАХН-аас нэр дэвших дараагийн хувилбарт ГХ-ийн сайд асан Л.Эрдэнэчулуун, МАХН-ын гишүүн Ц.Шаравдорж, Н.Удвал, ХҮН-ын дарга С.Ганбаатар гэх нэрс явж байсан. Н.Энхбаяр даргыг бүртгэхгүй бол дараагийн хувилбар нь "би” хэмээн өнгөрсөн шөнө унтаж чадахгүй үүр цайлгасан МАХН-ын бус горилогчид эдүгээ  түүнийг тойрон эргэлдэж байгаа биз.

Гэхдээ МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Эрдэнэжамъян "Н.Энхбаяр даргаас өөр дараагийн хувилбар  гэж байхгүй” хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч эрх ашиг нэгдвэл улс төрд дараагийн хувилбар аяндаа тодорно.

Эх сурвалж: Tur.mn

сэтгэгдэл үлдээх