Д.Медведев дахин ОХУ-ын засгийн газрын тэргүүн болов

Дмитрий Медведевийг шинэ засгийн газрын тэргүүнээр томилох тухай зарлигт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр орой гарын үсэг зурсан тухай “ТАСС” агентлаг мэдээллээ.

 

Өчигдөр явуулсан санал хураалтад оролцсон Оросын парламентын доод танхим буюу Төрийн Думын 430 депутатын 374 нь Д.Медведевийг дахин ерөнхий сайдаар томилохыг дэмжиж, 56 нь эсэргүүцсэний дараа В.Путин дээрх зарлигийг гаргасан байна.


Оросын эрх баригч “Нэгдсэн Орос нам” нь нийт 450 суудалтай тус танхимд 339 суудалтай билээ.

“Нэгдсэн Орос нам”-ын даргын албан тушаалыг мөн хашдаг өдгөө 52 настай Д.Медведев нь 2012 онд тус улсын засгийн газрын тэргүүн болж байв.

Өнгөрсөн гуравдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан В.Путин энэ долоо хоногийн даваа гарагт тангараг өргөснөөр Д.Медведевийн засгийн газар огцорсон юм. Харин В.Путин тангараг өргөснийхөө дараахан Д.Медведевийг дахин ерөнхий сайдаар томилох тухай саналыг Төрийн Думд өргөн мэдүүлсэн билээ.

 Эх сурвалж: Монцамэ

сэтгэгдэл үлдээх