БАЙНГЫН ХОРООД ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал, 09.00 цагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Мөн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх юм.

Мөн цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэ юм. Түүнчлэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг болон Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн тайланг сонсох аж.

Үдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ.

сэтгэгдэл үлдээх