Хүүхдээ хэрхэн “АЛАГЧИЛЖ” үзэхийг ОУВС-гаас асуудаг ТӨР

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох агуулга бүхий хуулийн төсөл УИХ дээр гацах нь тодорхой болчихоод байна. Уг нь  байнгын хороон дээр унасан хуулийн төслийг УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороодын дарга нар ярьж байгаад, дахин хэлэлцэхээр болсон. Ингэхдээ УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэд хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломжийг судлах чиг үүрэг бүхий ажлыг хэсгийг байгуулсан юм.

Уг ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй Н.Амарзаяа гишүүн “Хэрвээ хүүхдийн мөнгийг 100 хувь олгох юм бол төсөвтөө тодотгол оруулах шаардлага үүснэ. Эрх баригч намын бүлэг дээр хүүхдийн мөнгийг 80 хувь олгох асуудлаар байр сууриа нэгтгэсэн” гэсэн тодруулга өгчээ. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломж нөхцлийг судлахаасаа илүү эрх баригч намын бүлгийн нэгдсэн шийдвэрийг  дагахыг илүүд үзсэн гэсэн үг.

Зөрүүлээд сөрөг хүчний зүгээс ажлын хэсгийн гаргасан дүгнэлтэд гишүүд нь гарын үсэг зурахгүй гэж мэдэгдэв. Уг асуудлаар сөрөг хүчин тууштай ажиллаж, УИХ-ыг хүүхдийг ялгаварлан гадуурхсан гэх үндэслэлээр Цэцэд өгч болох гаргалгаа байгааг ч сануулаад амжлаа. Яг энэ байдлаараа бол хүүхдийн мөнгө дагасан улс төрийн хэрүүл цаашдаа ч эрчимтэй үргэлжилж, 2020 онд хүртэл топ бөгөөд поп сэдэв хэвээр байх нь ээ.

Уг нь ой санамж сэргээхэд, жил хүрэхгүй хугацааны өмнө л эрх баригч намынхан хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шийдвэр гаргаж байв. Тэр нь Ерөнхийлөгчийн сонгуулийн торгон үе байлаа. Тухайн үедээ эдийн засгийн нөхцөл байдал сэргэж, төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн тул хүүхдийн мөнгийг олгоход ямар ч асуудал үүсэхгүй хэмээн мэдээлж байсан юм. Ингэж төсөвтөө ч тодотгол хийхгүйгээр оны эхнээс тооцон, иргэдийн дансанд нь  хүүхдийн мөнгийг бөөнөөр нь олгочихож байв.

Одоо тэд энэ үйлдлээ ор тас мартсан мэт. Хүүхдийн мөнгийг 100 хувь олговол төсөв хүндэрнэ. Тодотгол хийх шинэ нөхцөл байдал үүснэ. ОУВС болоод Азийн хөгжлийн банкныхантай урт хугацааны хэлэлцээр хийж байж, арайхийж 80 хувьд нь олгох зөвшөөрөл авсан гэх тайлбар өгч буй юм. Хоёр том гүрний дунд амьдардаг жижигхэн улсын хувьд хүн амзүйн бодлогоо дэмжих нь нэн тэргүүний асуудал баймаар. Гэтэл бид энд хүүхдийн мөнгийг ялгавартай олгох асуудал яриад л хэрэлдээд сууж байна.

Бас нэг асуудал нь, одоо эрх баригч нам хүүхдийн мөнгийг Ерөнхийлөгчийн санаачлагаар 100 хувь олгохгүй байх башир арга. Башир гэж тодотгож байгаа нь, цаг нь болохоор тэд өөрсдөө санаачилсан байдлаар хүүхдийн мөнгийг 100 хувь олгоод эхэлчихнэ. Улс төрийн пиараа ч яг ингэж хийх санаа юм. Гэтэл үнэн чанартаа бүр анхандаа хүүхдийн мөнгийг Монгол Улс 100 хувь л олгож байсан. Тэр байдал дахиад үүсэхэд айхтар шинэ, пиар хийх өнцөг үүсэхгүй билээ.

Нөхцөл байдал ийм байхад ОУВС-гийн нэрийг барих замаар 60 хувь хүртэл шаталсан байдлаар бууруулж, тэгснээ дахин өсгөж шоу хийхээр төлөвлөж байгаа нь туйлаас  зохисгүй үйлдэл юм. Яруу найрагч Ц.Чимиддорж нэгэнтээ “Малгайн утаа сэргээж нэрмэлд жаахан халахаараа мал буянаа яаж адуулан маллахаа марксизмаар заалгахгүй ээ гээд хэлчихдэг” хэмээн шүлэглэсэн  “Малчин” шүлгийг тэрлэж байв.

Монголчуудын энэ дотоод эв нэгдэлгүй. Асуудал дээрээ нэгдсэн байр суурьт хүрч чаддаггүй. Гадныхан нэг үг хэллээ л бол түүний туйлын зөв гэж үзэн  дагаж намирдаг зан биднийг хэдий болтол Дэлхийд муухай харагдуулах бол. Дурын нэг гадаад эр манай бүтээн байгуулалтыг харчихаад “Хэдэн жилийн дараа нураах зайлшгүй шаардлага үүснэ гэж 100 ам.доллароор мөрийцье” гэж байдаг.

ОУВС л тэгсэн. Тэд ингэж шаардсан учраас хүүхдийн мөнгийг 100 хувь олгож чадахгүй байна гэх утгатай ядмаг тайлбараасаа одоо эрх баригчид ичих хэрэгтэй. Бид чинь хүүхдээ ялгаварлахгүйгээр сардаа 20 мянган төгрөг өгчих эрх мэдэлтэй тусгаар улс биз дээ.

ЭХ СУРВАЛЖ:МЭДЭЭ.МН Ж.МЯДАГБАДАМ:

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 2 Сар

Хүүхдийн мөнгө ер нь бол халамж биш цөөн хүн амтай манай улсын хүн амаа өсгөх бодлого гэж ойлгож байна. ийм учраас ялгавартай өгөх нь утгагүй.Авахгүй боломжтой нь авахгүй л байна биз буцаагаад л улсад авчихна биз дээ