Засгийн газар, Оюутолгойн асуудлаар Арбитрт дуудагдахад 16 хоног үлдлээ

Татварын ерөнхий газар “Оюутолгой” компанид өнгөрсөн нэгдүгээр сард 155 орчим сая ам.долларын татварын акт тавьсан бөгөөд энэ нь 2013-2015 онд тус компанийн төлсөн татварт аудит хийсэнтэй холбоотой юм. Тус компаниас 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд татварын акттай холбоотой маргааныг шийдвэрлэх хүсэлтээ Монгол Улсын Засгийн газарт гуравдугаар сарын 15-нд хүргүүлсэн.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой маргаан гарсан тохиолдолд уг гэрээний Маргаан шийдвэрлэх гэсэн хэсэгт заасны дагуу “Гэрээний төсөлд аливаа маргааныг талууд аль болох харилцан тохиролцож, талуудад ашигтай байхаар шийдвэрлэнэ. Хэрэв маргаан гарсан тухай мэдэгдэл явуулснаас хойш 60 хоногийн дотор талууд нэгдсэн шийдвэрт хүрч зөвшилцөхгүй бол маргааныг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр мөрдөгдөж байсан НҮБ-ын Олон улсын худалдааны комиссын Арбитрын дүрмээр тодорхойлсон журмын дагуу шийдвэрлүүлнэ” хэмээн заасан байдаг.

Уг асуудлаар “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхбаатар хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа “Оюутолгойд тавигдсан 155 сая ам.долларын татварын актыг нийт 25 бүлэгт ангилснаас 21-ийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин үлдсэн дөрвөн бүлэгт багтаж буй нийт 10 гаруй сая ам.долларын татварын актыг хүлээн зөвшөөрсөн гэж би хувьдаа ойлгосон” гэжээ. Нийт 145 сая ам.долларын асуудал дээр үндсэндээ маргаан үүсч буй тул Хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу дээрх заалтаар маргааны асуудал хөндөгдөнө.

Монгол Улсын татварын байгууллага хуулийн дагуу явуулсан шалгалт, тавьсан актдаа ч эргэлзээгүй бат, нот байр суурьтай байгаа учраас 155 сая ам.долларын татварын асуудал өнөөг хүрч буй. Гэхдээ Монголын тал Арбитрт дуудагдаж буй анхны тохиолдол энэ биш юм.

Өмнө нь буюу анх 2014 оны зургадугаар сард "Оюутолгой” төслийн эхний шатны бүтээн байгуулалтын явцад албан татвар дутуу төлсөн, санхүүгийн бусад зөрчил гаргасан хэмээн Татварын ерөнхий газраас "Turquoise Hill Resources” компанид албан мэдэгдэл хүргүүлж байсан удаатай.

Татварын ерөнхий газар Оюутолгойн татвар төлөлтөд аудитын шалгалт хийхэд тус компани нийтдээ 130 сая ам.долларын татвар дутуу төлсөн бөгөөд уг татварыг нөхөж төлөх шаардлага тавьсан юм. Гэвч тус компани бүх татвараа төлсөн учраас татварын шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүйг мэдэгдэж, Маргаан таслах зөвлөлд хандаж, олон улсын Арбитрын шүүхэд хандан, хянан шийдвэрлүүлэхдээ хүрч байсан юм.

2014 оны есдүгээр сарын 10-нд Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөл уг асуудлыг хэлэлцээд, 130 сая ам.долларыг 30 сая ам.доллар болгож бууруулсан байдаг. Тэд тухайн үед байцаагчийн 130 сая ам.долларын торгууль тавьсан акт батлагдаагүй гэсэн тайлбар өгч байсан.

Энэ удаад татварын маргаантай холбоотой дахин хөндөгдөж буй уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх, Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлөөс ямар шийдвэр гаргах эсэх нь тун сонирхолтой юм. Гэхдээ уг асуудлаар “Рио Тинто” биднийг Арбитрт өгөхгүй гэх нэг өнцгийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тайлбарлахдаа “Хэзээ ч “Рио Тинто” биднийг Арбитрт өгч чадахгүй. Яагаад гэхээр өөрсдөө унана. Манайх харин өгдөг бол ялна. Олон удаа зөрчсөн шүү дээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчсөн асуудлыг л ярих ёстой” хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм.

Юутай ч тус компаниас Засгийн газарт маргаан шийдвэрлэх хүсэлтээ өгснөөс хойш 44 хоног өнгөрч, 16 хоног үлдсэнийг энд сануулах нь зүйтэй биз ээ.

МЭДЭЭ.МН:Т.БАТСҮРЭН

сэтгэгдэл үлдээх