МОНГОЛ УЛСАД СУУХ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсад суух Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын Төлөөлөгч хатагтай Клэр Куртье-Мюлдерийг 2018 оны 5 дугаар сарын 22-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав. Хатагтай Клэр Куртье-Мюлдер Монгол Улсад суух Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Төлөөлөгчөөр томилогдсон Итгэмжлэх захидлаа дэд сайд Б.Батцэцэгт гардуулав.

 

Монгол Улсын Засгийн газар Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай иргэдийн хөдөлмөрлөх эрхийг ханган баталгаажуулах, хөдөлмөрийн харилцааны шинэ эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөдөлмөрийн салбарын бодлогыг тодорхойлох, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх зэрэг чиглэлд тодорхой төсөл хэрэгжүүлэх замаар хамтран ажиллаж ирсэн нь үр дүнгээ өгч байгааг дэд сайд онцлон дурдаж, энэ хамтын ажиллагааг цаашид идэвхтэй өрнүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

 

Хатагтай Клэр Куртье-Мюлдер Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэж, тус байгууллагаас батлан гаргасан олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг тодорхойлсон олон төрлийн конвенциудыг хэрэгжүүлэх, үндэсний чадавхийг бэхжүүлэх замаар хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. ОУХБ-ын суурь конвенциуд, ялангуяа хүүхдийн болон албадан хөдөлмөрийг хориглох асуудлаарх конвенциудын хэрэгжилтийн үндэсний тайланг боловсруулах чадавхийг бэхжүүлэх зорилготой GSP Plus төслийн хоёрдугаар шатны нээлтийг энэ өдөр хийснээ тэрээр мэдээлэв.

 

Монгол Улс ОУХБ-д гишүүнээр элсэн орсны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд зарим арга хэмжээг хамтран зохион байгуулахаар санал солилцов.

 

Нийгмийн шударга ёс, хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хангах эрхэм зорилготойгоор 1919 онд үүсгэн байгуулагдсан Олон улсын хөдөлмөрийн  байгууллагад Монгол Улс 1968 онд гишүүнээр элсэн орсон.

сэтгэгдэл үлдээх