МОНГОЛ УЛСЫН ВИЗ ОЛГОХ ЖУРМЫГ ХӨНГӨВЧИЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж дараах шийдвэрүүдийг гаргалаа.   Монгол Улсын харьяатаас гарсан, Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэн, тэдгээрийн гэр бүлийн гишүүнд “H” /хувийн хэргээр зорчих гадаадын иргэнд олгодог/ ангиллын 90 хүртэл хоногийн нэг болон хоёр удаагийн визийг зөвшөөрөлгүй олгож байхаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.  Гадаадын хөрөнгө оруулагч, төрийн болон Засгийн газар хоорондын байгууллагад ажиллах гадаадын иргэд, гэр бүлийн гишүүн нь оршин суух тохиолдолд урьдчилан виз авахыг шаарддаг байсан. Шинэ журмаар үүнийг өөрчилж түр хугацаагаар ирсэн /жуулчин-J, бизнес –B, хувийн-H зэрэг ангиллаар/ бол оршин суух хүсэлтийг хянаж зөвшөөрөл олгохоор тусгажээ.  Гадаадын иргэн виз мэдүүлэхээс өмнө гурван сарын хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол виз олгодоггүй байсныг нэг сар болгов. Мөн виз олгохоос татгалзсан хариу авсан тухайн иргэн 90 хоногийн дараа хүсэлтээ дахин гаргадаг байсныг 30 хоног болгон өөрчилжээ. Түр ирсэн хүн визээ сунгуулан 6 сарын дараа дахин сунгах эрх үүсдэг байсныг 90 хоног болгосон. Гэхдээ энэ нь төрийн болон Засгийн газар хоорондын байгууллагын шугамаар ирсэн гадаадын иргэнд хамаарахгүй юм.  Гадаадын иргэн, уригч тал виз, визийн зөвшөөрөл, хувийн урилга олгох, сунгуулах хүсэлтээ цахимаар мэдүүлэх боломжийг ч бүрдүүлсэн байна.  Энэ бүхэн нь гадаадын хөрөнгө оруулагч, Монгол Улсын иргэнээс төрсөн болон Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэнд виз олгоход таатай нөхцөл бүрдүүлэх, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх, виз олгох нөхцлийг хөнгөвчлөх зорилготой юм.  Мөн хуралдаанаар “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ыг шинэчлэн баталлаа.  “Нэг иргэн-нэг бүртгэл” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ  2018-2021 онд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ингэснээр иргэд хаана байгаагаас үл хамааран бүртгэлийн мэдээлэл, үйлчилгээг цахимаар шуурхай авах боломжтой болно. Энэ хэрээр цаг хугацаа, зардал хэмнэх юм. Түүнчлэн төрийн байгууллагуудын цахим мэдээллийн хэрэглээ нэмэгдэж, цаасан хэлбэрийн бичиг баримтын тоо буурна.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 91 тэрбум гаруй төгрөгийг Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт жил бүр тусгаж, гадаадын зээл, тусламжаас санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.  Товч мэдээ  -  “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” төрийн өмчит компани байгуулахаар болов. Энэ компани  “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх хамтарсан хуулийн этгээдийн Монголын талд ногдох 49 хувийг эзэмших юм.  -  Энэ сарын 07-10-ны өдрүүдэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт томилолтоор ажилласан. Энэ үеэр нутгийн удирдлага, иргэдээс тавьсан санал, хүсэлтийг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж, дүнгээ тайлагнахыг сайд нарт даалгав.  -  Энэ оны нэгдүгээр улиралд сайд нар болон яам, агентлагт иргэдээс ирүүлсэн 77581 өргөдөл, гомдлын 98 хувийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн байна. Иргэд ихэвчлэн нийгмийн халамжид хамрагдах, хүүхдийн мөнгө авах, мөнгөн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, ажилд орох, газар эзэмших, ашиглахтай холбоотой асуудлаар ханджээ.  -  Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Макаод ял эдэлж байгаа манай улсын 12 иргэн үлдэх ялаа эх орондоо эдлэх хүсэлтээ байнга гаргадаг байна.  -  Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс, мөн Камбожийн Вант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.  -  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Г.Гомбосүрэн, Ардын жүжигчин,  Төрийн шагналт Э.Оюун, Төрийн хошой шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ш.Нацагдорж нарын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

сэтгэгдэл үлдээх