ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ, С.БАЯРЫГ ЭРГЭЛЭЭ

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд сэжигтнээр татан баривчилсан билээ. Тэднийг Оюу толгойн гэрээний асуудлаар 30 хоног цагдан хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд гаргасан байдаг.

С.БАЯРЫН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА ӨРӨӨНИЙ ҮҮДИЙГ ХАМГААЛАЛТАД АВЧЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдан 40 гаруй хонож буй Ерөнхий сайд асан С.Баярын эрүүл мэндийн байдал мууджээ. Түүнийг энэ сарын 23-ны 20.00 цагийн үед Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүргэж ирсэн аж. Энэ талаар тодруулахаар өчигдөр Улсын хоёрдугаар эмнэлэгт очсон юм. Зарим мэдээллийн хэрэгслээр “С.Баяр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэвтэн эмчлүүлж байсан тусгай өрөөнд хэвтжээ” гэсэн байна. Харин тус эмнэлэгт төрийн өндөр албан тушаалтан, томоохон бизнесмэнүүд хэвтэн эмчлүүлдэг ая тухай, тохилог дөрвөн өрөө байдаг гэнэ. Тэдгээрийн нэг болох тус эмнэлгийн гурван давхрын өрөөнд С.Баяр хэвтэн эмчлүүлж байгаа юм. Түүний хэвтэн эмчлүүлж байгаа өрөөний үүдэнд очиход хамгаалалт авчихсан байв. Өрөөний үүд хэсгийг ажиглахад тансаг зэрэглэлийн буйдан, зурагт, хивс зэрэг байх нь нүдэнд тусав. Уг тасгийн сувилагч “Ерөнхий сайд асан С.Баярын биеийн байдал муудаж, энд хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтүүлсэн ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хатуу хяналтад байгаа. Иймээс онош болон нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Өмнө нь тэрээр хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж байсан билээ. Түүний тулай өвчин нь сэдэрч хөл нь шагайнаасаа доош хавдсан, агаар дутмаг, тоосжилт их байгаагаас үүдэн багтраа нь хүндэрсэн ажээ. Тэрээр сүүлийн 20 гаруй хоногийн хугацаанд хорих ангийн эмнэлэгт хэвтэж буй гэсэн мэдээлэл байгаа юм.

С.Баярын хэвтэн эмчлүүлж байгаа гурван давхрын тасгийн хаалга

С.БАЯР ХОРИХ 461 ДҮГЭЭР АНГИЙН ЭМНЭЛГЭЭС ШИЛЖИЖ ИРСЭН ШАЛТГААН НЬ ЮУ ВЭ

Манай улсын хорих ангиудын эмнэлэг дотроос хамгийн сайн эмчилгээ, үйлчилгээтэй нь 461 гэнэ. Төрийн өндөр албан тушаалтан, бизнесмэнүүдийг гэмт хэрэгт холбогдон, шалгагдах хугацаанд хорих 461 дүгээр анги руу хүргэдэг тохиолдол цөөнгүй.

Энэ талаар өнгөрсөн сард Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Цагдан хорих 461 дүгээр ангид бүх хүн яг ижил нөхцөлтэй байдаг. Эмнэлгийн тусламж цаг алдалгүй авдаг болсон. Тухайлбал, С.Баяр харшил, багтраа өвчнөөс болж бие нь муудсан. Үүнд эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлсэн. Б.Ариунсан тулай, чихрийн шижин өвчин хүндэрсний улмаас мөн тэнд эмнэлэгт эмчлүүлж байгаа” гэсэн юм. Гэвч Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан 461 дүгээр ангид хоригдож байхдаа 2014 оны тавдугаар сарын 13-нд чихрийн шижин өвчний улмаас нас барсан билээ. Үүнийг зарим УИХ-ын гишүүд, томоохон албан тушаалтнууд байнга сануулдаг. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд асан С.Баяр хоёрдугаар эмнэлэгт хүргэгдсэн нь тулай өвчин гэхээсээ илүү элэгнээс нь шалтгаантай гэв. Хорих 461 дүгээр ангийн эмнэлэг нь чихрийн шижин, багтраа,

ходоод гэдэс өвдөх зэрэг өвчний үед анхны тусламж үзүүлдэг байна. Тиймээс С.Баярын биеийн байдал хүндэрсэн тул ийнхүү хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлэхээр иржээ. Энэ талаар эх сурвалж С.Баярт дархлаа сайжруулах эм тариа, витамин, өвчин намдаах дусал, хаван буулгах тариа, хүчилтөрөгч зэрэг шинжилгээний дагуу эмчилгээнүүд хийж байгаа гэдгийг дуулгалаа.

ХОЁРДУГААР ЭМНЭЛГИЙН ГАДАА ХАР МАШИНУУД БАЙНГА ЭРГЭЛДЭЖ БАЙВ

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хашаан доторхыг ажиглахад “Lexus-570” , “Land-200” , “Hyundai Sonata-7” гэх зэрэг машинууд ээлжлэн зогсож, УИХ-ын гишүүд, томоохон бизнесмэнүүд ирж байгаа харагдав. Тухайлбал, өчигдөр 15.00 цагийн үед “Lexus-570” 9999 УНД улсын дугаартай машинаас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл бууж, Ерөнхий сайд асан С.Баярыг эргэхээр орж байлаа. Түүний өмнө “Patrol”, “Hyundai Sonata-7” маркийн хар өнгөтэй машинууд ирээд байсан юм. Энэ талаар тус эмнэлгийн хамгаалагч “Манай эмнэлэгт төрийн өндөр албан тушаалтнууд ирж их хэвтэн эмчлүүлж, эмийн сангаар үйлчлүүлдэг. Өмнө нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хоригдож байх үедээ өлсгөлөн зарласан байдалтай ирж байсан. Ер нь эдгээр хүмүүсийг авчрахдаа 19.00 цагаас хойш л үйл ажиллагааг өрнүүлдэг. Ерөнхий сайд асан С.Баярыг ирсэн үеэс хойш манай энэ хавиар Засгийн газрын дугаартай, том том жийпнүүд ээлж дараалан ирж байна. Энгийн үед ингэж ирэхгүй шүү дээ. Өнөөдөр (өчигдөр) гэхэд 20 гаруй машин ирсэн” гэдгийг онцлов.

 

МАН-ЫНХАН ЯАГААД С.БАЯРЫГАА ТООХГҮЙ БАЙНА ВЭ?

Эрх барьж байгаа намын бүлэг Их хуралд 65-уулаа сууж байна.Өнөөдөр тэд олонх болоод төр барьж байгаа хувь заяа нь С.Баярын хүчин зүтгэлтэй шууд холбоотой. Шинэ цагийн түүхэнд хар толбо үлдээсэн алдарт долдугаар сарын 1-ний хурц тэмцлээр МАН-ыг хаах боломж бүрдсэн байв. Бухимдал нь туйлдаа хүрч ассан иргэд, тэмцэгчид намын байрыг галдан шатаасан. Гэтэл С.Баяр намаа төлөөлж улаан нүүрээрээ гарч ирээд МАН-ыг аварсныг бүгд мэдэж л байгаа. Хэрэв С.Баяр ийм алхам хийгээгүй бол МАН өнөөдөр эрх барих нь байтугай Их хуралд ч суудал авч чадахгүй л байсан байх. Харамсалтай нь өнөөдөр тэд С.Баярыгаа яагаад тоохгүй байна вэ. Уг нь академик шинж чанартай, зарчимч, ноён нуруутай гэгддэг МАН-д хүндэтгэл, ёс зүй гэж баймаар юм даа. С.Баяр бол намын нэр хүндийг өсгөхөд асар их ажил хийсэн хүн.

Монголчууд Оюу толгойн том төслөөрөө дэлхийн газрын зураг дээр тодрох замыг С.Баяр тавьсан. Ийм том төслийг эхлүүлнэ гэдэг хэн хүний хийчихдэг ажил биш. Жинхэнэ улс төрийн эр зориг шаардсан шийдвэр байдаг. Харин С.Баяр Оюу толгойг хөдөлгөж чадсан. Монголчуудын 30 жилийн мөрөөдлийг биелүүлж, гадны хөрөнгө оруулалт татсан түүний гавьяаг хүн бүр одоо ярьж байна. Гэхдээ С.Баяр тухайн үед Оюу толгойгоос дутахгүй том шийдвэр гаргасныг хэн ч тоохгүй байх юм. Одоо манай улсыг тэжээж байгаа том орд болох Таван толгой бүхэлдээ хувьд очоод байсныг С.Баяр төрд эргүүлж авсан. Үүнийг хүмүүс санадаг болов уу. Эсвэл түүний шийдвэрт өсөрхсөн хүмүүс өнөөдөр шоронд явуулчихав уу.

Байгалийн баялагтай хэрнээ буурай хөгжилтэй орнуудын туршлагыг харахаар уул уурхайгаа хөрөнгө, мөнгөтэй улсуудад тавиад алдчихдаг. Нэгэнт хувийн өмчид очсон хөрөнгийг ард түмэн нь ч, төр нь ч мянга заргалдаад авч чаддаггүй. Бид яг л ийм зам руу явах гэж байсныг С.Баяр зогсоосон. Тэр үед Таван толгойн хувьцааг ард түмэнд тараана гэдгийг иргэн Дугар нарын хүмүүс дуугардаг байв. Ингээд С.Баярын Засгийн газар Таван толгойг хувийн компаниас хурааж, төрд авах замаар иргэдэд эзэмшүүлье гэсэн санаачилгыг гаргасан. Ингэж Таван толгойгоо авч үлдсэн гавьяатай хүнээ өнөөдөр шоронд явуулчихаар яаж Таван толгой хөдлөх юм бэ. Монголын төр зүтгэсэндээ халтай гэгчээр гавьяа байгуулсан хүмүүсээ барьж, хориод байх юм бол үнэндээ хөдлөх хүн олдохгүй л болов уу. Энэ Засгийн газраас Таван толгойг хөдөлгөх тал дээр ажиллахгүй байна гээд л нэхээд байдаг. У.Хүрэлсүх мэдээж шоронд орохыг хүсэхгүй шүү дээ.

Хэрэв С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг шоронд унагахгүйгээр авч үлдвэл дараа дараагийн хүмүүст том дархлаа болно. Тэгж чадахгүй бол олон жил хүлээлт үүсгэсэн том төслүүд хөдлөхгүй, улс төрийн том шийдвэрүүд гаргах зориг, зүрхтэй хүн ч олдохгүй.

сэтгэгдэл үлдээх