60 тэрбумынхан дахиад 60 тэрбумын “хэрэг” мандаав уу?!

Хотын захиргаа Яармаг руу нүүнэ. Инэгснээр түгжрэл арилж, Аз жаргалтай Улаанбаатар руу нэг алхам ойртох болно гэж эрх баригчид хэлж байгаа.

Хотын дарга Су.Батболд ч хоёр сарын өмнө “...2019 оны долдугаар сард Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Яармаг дахь шинэ байрандаа нүүж очих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Яармаг орчим Улаанбаатар хотын шинэ төв болно. Төвлөрлийг сааруулж, дагуул хот бий болоход Хотын захиргаа нь түрүүлж нүүдэг жишиг олон улсад байдаг” гэж байлаа.

Ингэхийн тулд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас энэ жил Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хотын баруун өмнөд бүсэд Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг шилжүүлэх судалгаа хийжээ.

Холбогдох албан тушаалтнууд Лондон, Хонг Конг, Сөүл хот ру унисч, туршлага ч судалсан байна.

Ингэж явсны дүнд Яармагт барих Хотын шинэ захиргааг нийт газрын хэмжээ нь 5.0 га газартайгаар, үүнээс 0.9 га талбайг нь барилгажуулахаар төлөвлөжээ.

Тэр талбай дээрээ НИТХ, Хурлын танхим, ЗДТГ болоод Захирагчийн ажлын алба, Харьяа агентлагууд, Авто зогсоол, спорт танхим, Үзэсгэлэнгийн танхим, Үйлчилгээний нэгдсэн тав гэсэн долоон төрлийн барилгатай цогцолбор барих ёстой юм байна.

МАН амлалтаа биелүүлж, Хотын дарга амандаа хүрэхийн тулд энэ ажлыг даруй эхлүүлэх учиртай. Гэвч үүнийг бариулах тендер зарлагдсангүй. Хотын төвийг нүүлгэнэ л гээд байгаагаас хэн, хэзээ тэр байшин барилгыг барих талаар Хотын удирдлагууд огт ярихгүй байгаа юм.

Харин чимээ аниргүйхэн шиг тэр ажил эхэлсэн байна гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.

Тиймээс зурагт тэмдэглэсэн Хан-Уул дүүүргийн VI хорооны нутагт, Яармагийн замын урд байх талбай дээр очив. Замд тулгаад нимгэн саарал төмөр болон сараалжин хашаа барьжээ.

Тэнд газар шорооны ажил хэдийнэ эхэлжээ. Нийслэлийн төр, захиргааны цогцолборыг “Тэмп Ланд” зэрэг нэр бүхийн 2-3 компани барихаар ажилдаа орсон байна. Асар том байгууламжийн “хундаам”-ыг цутгаад эхэлжээ.

Гэхдээ биднийг очиход ажил явагдаагүй байлаа. Хэдэн га-гаар хэмжигдэх том хашаанд хоёр гэр байна. Нэг нь цогцолбор барих компанийн оффис болох гэр гэнэ. Харин харуулын “шовгор” эзэнтэй, эрээн хувцастай хүн байв. Тэр хүн харуул хамгаалалтын ажилтан гэнэ. Лав л сүүлийн долоо хоногт цогцолбор барих компанийн хүмүүс үзэгдээгүй гэж байв. Уг нь компанийнхан ажлаа аль дөрөвдүгээр сараас тун чиг эрчимтэй эхлүүснээ ойрны хэд хоногт яагаад ч юм, түр зогсоогоод байгаа ажээ.

Газар дээр нь байдал нэг иймэрхүү. Өчигдөр /2018.5.27./-ийн байдлаар тэнд харуул, ачаа хүргэж ирсэн “ПОРТЕР” машины жолооч хоёроос өөр хүн харагдсангүй.

Харин энэ Хотын шинэ төвийн асуудал Хотын захиргаа, бас Төрийн ордон, МАН-ын байр хавиар яригдаад эхэлсэн бололтой юм. Яармагт Хотын захиргааг шилжүүлэн барих ажилд  60 тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэтэл чив чимээгүй байснаа хавар, дөрөвдүгээр сараас барилгын ажил нь эхэлж, хотын захиргааныхан байтугай МАН-ынхныг өөрсдийг нь гайхуулаад байгаа гэнэ.

Хамгийн гол нь тэр ажлыг “Тэмп Ланд” зэрэг компаниуд ямар тендерт хэзээ ороод 60 тэрбумын ажлыг хийх эрх авчихав гэдэг нь тодорхойгүй байгаа юм байна.

Яг үнэндээ “Тэмп Ланд” гэдэг компани нь 2008 онд Арцатын аманд эзэмшиж байсан газраа ашиглаагүй учраас цуцлуулж байсан гэхээс өөр нэр, түүхгүй юм байна. Тиймээс энэ компанийн угшил гарал, цаад эзэд нь хэн бэ гэдгийг судлахад гэмгүй нь бололтой.

Ер нь бол Хотын захиргааны Яармаг дахь шинэ барилгуудыг ямар компани барих вэ гэдэг энэ ажлыг зохион байгуулж байгаа хүмүүст сонин биш ч байж болохоор байж магадгүй нь.

Учир нь энэ ажлын хуваарилалтыг ХХААХҮ-ийн сайд байсан, өнөөх Т.Бадамжунай, одоогийн Хотын дарга Су.Батболд нар хийж, гүйцэтгэлд нь Кёкүшюзан Д.Батбаяр оролцож байгаа гэх мэдээлэл байгаа юм. Мэдээж энэ нь хар дээр цагаанаар бичсэн баттай ноттой, “цаастай” мэдээлэл биш. Гэхдээ энэ тухай Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордноор

нэг ярьж байна

.

 

Өчигдрийн байдлаар Яармагт браилгын ажил зогсчихоод байгаа нь учиртай гэж байна. Ирэх сарын 7-нд МАН-ын Бага хурал болно. Тэр хурлаар Нийслэлийн намын даргыг сонгоно. Сонгуульд Су.Батболд өрсөлдөж байгаа. Тэгэхээр иймэрхүү асуудал дэгдэж болохгүй.

Гэхдээ үүнийг хүлээвэл барилгын ажлын нэлээдийг явуулах хугацаа алдчих гээд байгаа аж. Тиймээс “..Яармагт Хотын шинэ төв, тарийн захиргааны байгууллагуудын барилгыг барих ажлыг хийх компанийг заавал тендер явуулахгүйгээр “шалгаруулж” болно” гэсэн зөвшөөрлийн бичгийг нэр бүхий хуулийн байгууллагаас гаргуулахаар шахалт үзүүлээд эхэлсэн тухай мэдээлэл бас байна.

Хэний компани ямар ажил хийх нь хэнд ч хамаагүй. Гэхдээ энэ удаад хардаад ч болов ярихаас өөр аргагүй. 60 тэрбум төгрөгийн төсөвтэй барилгын ажил шүү дээ.

Монгол Улсад барилгын том, топ компаниуд зөндөө бий. Харамсалтай нь энэ ажилд нэг нь ч “сонгогдоогүй” нь анхаарал татаж байгаа юм.

Хэрвээ дээрх мэдээллүүд үнэ байгаад 60 тэрбумын ажлыг тендергүйгээр явуулж эхэлсэн нь үнэн бол том асуудал үүсч таарна.

Мөн улс төрийн агуулгаараа “60 тэрбумынхан” хэмээх бүлэглэлд багтдаг хүмүүс энэхүү 60 тэрбумын ажилд хутгалдаж байгаа нь ноцтой юм. Тэр утгаар нь харвал 60 тэрбумынхан буюу Хотын фракц одоо ч бодитоор оршин тогтнож, Су.Батболд тэдний үр хөврөлийн хувьд үйл ажиллагаагаа явуулсаар л байна гэж харж болох юм.

сэтгэгдэл үлдээх

зочин

  • [192.168.1.1]
  • 2 Сар

.