Хүүхдийн мөнгийг булаасан сайд нар өөрсдийнхөө компанид 700 тэрбум төгрөгийг зувчуулжээ

Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр Засгийн газар УИХ-д мэдэгдэлгүйгээр долоон концесс баталсан асуудлыг гишүүд сөхөж, мэдээллийг ил болгохыг шаардаж байв. Гэвч Сангийн сайд Б.Чойжилсүрэн тодорхой хариулт өгөхгүй байсаар төсвийн тодотгол батлагдсан билээ. Улмаар УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар уг асуудал хурцаар хөндөгдөж, Х.Болорчулуун, Ц.Нямдорж нарын гишүүд Ерөнхий сайд руу баахан дайрсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Эрх баригч намын бүлгийн хуралдаанаар асуудал хэдий хурцаар яригдан, долоон концессыг шалгах ажлын хэсэг байгуулах болоход өнөөх “попроод” байсан гишүүдээс хэн нь ч би гэж гар өргөөгүй аж. Тиймээс Д.Тэрбишдагва ажлын хэсгийг ахлах санаачлага гаргаж, “Х.Болорчулуун аа, чи шүүмжлээд байсан. Одоо ажлын хэсэгт нь багтаач” хэмээсэнд өнөөх нь дуртай дургүйн хооронд зөвшөөрчээ. Ингэснээр УИХ-ын 65-ын бүлэг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын гишүүддээ найр тавин өгсөн гэгдээд байгаа алдарт долоон концессын асуудлыг дахин нягтлахаар болсон байна.

Эдгээр долоон концессын нийт төсөвт өртөг 744 тэрбум 90 сая төгрөг. Гол нь дээрх концессууд барих шилжүүлэх хэлбэрийн гэрээтэй байгаад бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Уг нь ерөнхий зарчмаараа бариад мөнгөө авах биш барьсны дараа тодорхой хугацаанд ашигласнаар төлбөрийн шилжүүлэлт хийвэл Засгийн газарт ашигтай билээ.

 МАК 78 ТЭРБУМЫН КОНЦЕСС ХЭРЭГЖҮҮЛНЭ

Засгийн газраас дур мэдэн баталсан гэгдэж буй долоон концессын хамгийн эхэнд “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийн концессын гэрээ юм. Төсөвт өртөг нь монгол мөнгөөр 78 тэрбум 752 сая төгрөг. Уг төслийг үргэлжлүүлэх шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр гаргаж байж. Энэ өдрийн Засгийн газрын хуралдаанаар 10  элчин сайдын нэр тодорч, албан тушаалтнууд гар утасныхаа төлбөрийг өөрсдөө төлөх шийдвэр мөн гаргаж байв. Энэ утгаараа МАК-тай байгууллах концессын гэрээний асуудал олны анхааралд өртөөгүй бололтой.

Концессын гэрээний асуудлаар МАК-ийн эзэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр  “1999 онд УИХ-аас тогтоол гаргаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 110 квт-аас дээш шугамыг төрийн өмч байлгах шийдвэр гаргачихсан. Цагаан суварга, Оюутолгойн 220 квт-ын хоёр хэлхээт шугам Дорноговь аймгийн хоёр сумыг эрчим хүчтэй болгоно. Мөн “Цагаан суварга” төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилготой. Эрчим хүчгүй бол төсөл хөтөлбөр өөрөө хэрэгжихэд хүндрэл үүсээд байгаа юм. Өмнөх Засгийн газрын үед буюу 2013 онд энэ асуудлыг шийдсэн” хэмээсэн юм. Н.Номтойбаяр сайдын өгч буй мэдээллээр, уг төсөлд МАК-аас гадна дөрвөн үндэсний гүйцэтгэгч компани оролцож байгаа аж. Цагаан суваргын ордыг өнгөрсөн парламентын үед Стратегийн ордоос гаргачихсан учраас үндсэндээ төр хувийн хэвшилдээ үнэгүй шугам татаж өгч байгаа хэлбэр юм.

 С.БЯМБАЦОГТ САЙДЫН “АЛТАЙ ТРЕСТ” 77 ТЭРБУМЫН КОНЦЕСС АВЧЭЭ

Жагсаалтын хоёрдугаарт “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концесс  нэрлэгджээ. Уг шийдвэр өнгөрсөн сарын 29-ний өдөр Засгийн газраас гаргасан 103 тоот тогтоолоор баталгаажсан ч албан ёсны мэдээлэл тусгагдаагүй юм байна. Барих, шилжүүлэх гэрээтэй концессын төсөвт өртөг нь 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлагджээ. Концессыг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтынх гэгддэг “Алтай трест” ХХК гүйцэтгэхээр төсөлд тусгагдсан нь анхаарал татаж буй юм.

Ж.МӨНХБАТ 87 ТЭРБУМЫН КОНЦЕСС ОРУУЛСНАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧЭЭ

Гурав дахь концесс нь Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогц цэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай автозамын төсөл” аж. Нийт өртөг нь 87 тэрбум 771 сая төгрөг. Уг концессын гэрээ нь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын онцолсноор өмнөх Засгийн газрын үед эхэлжээ. Тэрээр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр уг асуудлаар тодруулга хийхдээ “Би нэг зүйл хэлэхгүй бол болохгүй юм байна. Надтай холбоотой нэг концессын гэрээний асуудал байна. Говь руу явж байгаа 30 гаруй км замын ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэж байгаа. Гэхдээ өмнөх Засгийн газрын үед байгуулсан гэрээ” хэмээсэн байна. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын энэ үйлдэл намынхандаа ил тод байх үлгэр жишээ болсон гэх явсан шог гарчээ.

211 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН КОНЦЕССЫН АРД ХЭН БАЙГАА НЬ ТОДОРХОЙГҮЙ

Долоон концессын дөрөв нь өмнөх Засгийн газрын үед эхэлсэн тул үргэлжлүүлэхээс өөр арга байхгүй гэсэн тайлбарыг холбогдох албаныхан өгч буй. Эдгээрийн нэг нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны 213 дугаар тогтоолоор батлагдсан ажил юм. Тодруулбал, “Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төсөл”. Нийт төсөвт өртөг нь 211 тэрбум, 373 сая төгрөг юм. Замын гүйцэтгэгч компаниар “Хос мөнгөн залаа” компани ажиллах бөгөөд өмнө нь Завхан аймгийн Сонгино сумаас “Үзүүрийн булаг” гэх газар хүртэл автозам нь тавигджээ. Өндөр өртөг бүхий уг концессыг гүйцэтгэгч байгууллагын талаархи мэдээлэл олдсонгүй. Гэвч хоёр том намын нөлөө бүхий хүмүүс ард нь байгаа гэх мэдээлэл байна.

ЗАВХАН АЙМАГТ 234 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН КОНЦЕСС ЗООЖЭЭ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдааны 148 дугаар тогтоолоор “Завхан аймгийн Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвараас Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болжээ. Барих, шилжүүлэх нөхцөлтэй хатуу хучилттай авто замын энэхүү ажлын төсөвт өртөг нь 660 сая, 17 мянган юань. Төгрөгт шилжүүлэн үзвэл 234 тэрбум 160 сая төгрөг юм байна. Уг замын ажлын явц ямар байгаа талаархи мэдээлэл одоогоор алга. Гэрээнд өөрчлөлт орсноор уг замыг барих компани өөрчлөгдөж буй мэдээлэл байна.

ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ ТОЙРОГТОО 26 ТЭРБУМЫН КОНЦЕСС АВЧЭЭ

Эдгээр концессудын нэг нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай холбогдож байгаа юм. Тэр нь Дархан-Эрдэнэтийн автозамаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замын зураг төслийг боловсруулах-барих-шилжүүлэх нөхцөлтэй 22.2 км авто зам юм байна. Төсөвт өртөг нь 26 тэрбум 640 сая төгрөг. Бүлгийн хуралдаан дээр гишүүд нь огцруулах асуудлыг хүртэл сөхөн ярихад Ерөнхий айд Ж.Эрдэнэбат сүрхий хүлээцтэй хандаж, танхимд торойсоор байсныг эх сурвалжууд хэлж байна. Гэхдээ үүнийхээ дараа “Та нар улс төрөө хий, би ажлаа хийнэ” гэсэн пост нүүр хуудастаа байршуулсан нь асуудал нэлээд өндрийг авсныг илтгэнэ. Уг замын ажлыг өнгөрсөн сарын дундуур Засгийн газраас концессоор хийх шийдвэр гарсан ч албан мэдээлэлдээ тусгаагүй аж.

АНХНЫ ТӨСӨВТ ӨРТГИЙГ 6.7 ТЭРБУМААР НЭМЭГДҮҮЛЖЭЭ

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 300 ор бүхий төрөх эмнэлэг барих асуудалд Засгийн газрын хуралдааны мэдээлэлд албан ёсоор тусгагдаад байсан. Гол асуудал нь, анх 2013 онд уг концесс 19 тэрбумаар зурагдаж байжээ. Гэвч гүйцэтгэж байсан компани нь ажлынхаа 40-50 хувийг гүйцэтгэсэн мөртлөө нийт санхүүжилтийнхээ 95 хувийг авчихсан аж. Үүн дээр өнөөгийн Засгийн газар ажиллахдаа төсөвт өртөгийг даруй 6 тэрбумаар нэмэгдүүлж, 25 тэрбум 700 сая болгож оруулж ирсэн талаар эх сурвалж мэдээллэв.

Эцэст нь тэмдэглэхэд, эрх баригч намын бүлэг, Засгийн газрыг талцуулсан уг долоон концесст эрх ашгийн зөрчил ороогүй гэж дүгнэх үндэслэл огт байхгүй. Ерөнхий сайд нь өөрийнхөө тойрогт концесс захиалж, танхимынхаа хэд хэдэн гишүүдэд боломж олгосон нь анхаарал татах асуудал юм. Нөгөө талаас эрх баригч намын бүлгээс зориг, зүрх муутайхан байгуулагдсан ажлын хэсэг хэр үр дүнтэй ажиллах нь бас л эргэлзээтэй асуудал билээ. УИХ-ын хувьд Засгийн газартаа шаралхсан гол асуудал нь өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр концессоо хувааж найрласан явдал. Гишүүд тойрогтоо арайхийж батлуулсан хөрөнгө оруулалтын зардлаа тодотголоор хасуулчихаад, хор шар нь буцалж яваа эмзэг үед асуудал сөхөгдсөн нь өндрийг авахад хүргэсэн ч гэж болно.

 

 

сэтгэгдэл үлдээх