60 тэрбум ба Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх

Жаран тэрбум төгрөгийн авилгын хэрэг. Тусгаар тогтносон Монгол улсын төр, нийгмийг авч яваа МАН-ын удирдагчдын АВИЛГЫН төлөвлөгөө. Та биднээс татаж цуглуулсан төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдэл бүхий төрийн албан тушаалуудыг “хар зах”-ын ханшаар үнэлэж, зарж борлуулан өөрөө өөртөө, өөрийн намдаа ашиг хонжоо авчрах “60 тэрбумын авилга”- ын нууц төлөвлөгөө.

-“Ийм явдал болох нь ч болсон. Намын даргад танилцуулж, дэмжлэгийг нь ч авсан. Харин гай болж, хэн нэгэн өөдгүй амьтан үүнийг задалчихлаа, ил болгочихлоо” хэмээн түүнийг санаачлагч, нийслэлийн ардын намын дарга асан, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй тэр дор нь хүлээн зөвшөөрч, мэдээллийн хэрэгслээр зарлаж байв.

Энэхүү авилгын нууц төлөвөлгөөг хамтран боловсруулж, зохиолцсон “өөдгүй амьтан” нь энэ бүхнээ видео бичлэгээр баталгаажуулан бүгдэд, тэр битгий хэл хууль хяналтынханд хүлээлгэж өгөөд, гэрчийн мэдүүлэг өгье гээд байгаа авилгын энэ хэрэг өнөө болтол таг чиг...

Монгол улсын Ерөнхий прокурор оо, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх өө!

Энэ явдал ингээд чимээгүй яваад л байг уу, эсвэл хэн нэгэн этгээд хаа нэг газар энэхүү гэм хортой үйлдийн талаар хянаж шалган, мөрдөн мөшгиж байгаа юм болов уу. Та ард олондоо нэг юм хэлээч.

Өнгөрсөн жил Монгол улсын Ерөнхийлөгч танай байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцохдоо: -“... Прокурорын байгуулага хуулиа хэрэгжүүлж, хууль бус үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй... Энд шүүх, прокурорын байгууллагууд яагаад хүлцэнгүй хандаад байгаа юм. Зарчмаа, хуулиа хамгаалах хэрэгтэй. Олон нийтэд маш буруу ойлголт, үнэлэмж үүсээд байхад яагаад таг дуугүй суугаад байгаа юм... Авлигатай тэмцэх ажлыг Прокурорын байгууллага манлайлан ажиллах шаардлага үүсч байна.” гэж та бүхэнд хандан хэлж байлаа.

Та үүнд яаж хариулсан гээч: -“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танд баярлалаа. Томилогдсоноосоо хойш хоёр дахь удаагаа ирж бидэнд үүрэг, чиглэл өгч байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийх гэж байгаа, баримталж байгаа бодлогод нь Монголын прокурорын байгууллага ямар их үүрэг оролцоотой вэ, гэдгийг онцолж байгаа гэж бид ойлгож байгаа.

Үнэхээр загас шиг дуугүй байгаад байгаа энэ байдлаа засах, залруулах, хуульгүй юм шиг хэн дуртай нь шүүхийн шийдвэрийг шүүмжилж, буруу зөрүү гэж ярьдаг зэрэг бусармаг үйл ажиллагаатай тэмцэх болно гэдгээ хэлмээр байна” гэж билээ.

Үүнээс хойш олон ч юм боллоо. Одоо ч болсоор л байна. Ард иргэдийн тархи, толгой хэдэн зуу, мянга дахин эргэчихээд байна. Үр дагавар нь АТГ, цагдаа, шүүх болон Таны удирдаж байгаа Прокурорын байгууллагын шударга байдал, хууль ёс иргэн бүрт тэгш үйлчлэх ёстой гэсэн үндсэн хуулийн зарчимд итгэх ард олны итгэл, үнэмшил нойль. Бүр 80 хувиар уначихаад байгаа тухай нэр нөлөө бүхий хүмүүс шогшроод л байна.

Өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр хаа нэг ааштай, аашгүй прокурор гарч ирээд хэдэн сурвалжлагчийг цуглуулж АТГ, цагдаа, шүүхэд дуудагдсан хулгайч, луйварчдын тухай зар мэдээ өгч байгааг Прокурорын байгуулга дуугарч байна гэж хэлэх гээгүй биздээ.

Жаран тэрбум төгрөгийн авилгын хэрэг. Цаана чинь улс төрийн аливаа томилгоо, эрх мэдэл бүхий албан тушаалын хуваарилалт өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш зөвхөн энэхүү нууц төлөвлөгөө, сценарийн дагуу явагдаж, хэрэгжсээр байгаа тухай улс төрийн хараат бус судлаачид, хөндлөнгийн ажиглагчид хэвлэл, мэдээлээр дамжуулан нотлосоор, баталсаар л байна.

Тэр битгий хэл танай прокурорууд хуульч хүнд байж боломгүй ноцтой ноцтой, хууль зөрчсөн үйлдлүүд гаргаж, хүний эрх, эрх чөлөөг үл тоомсорлож байгаа тухай УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд дахин дахин ярьж, дэлхий даяар зарлаад л байх юм. Харин та таг дуугай, “сохор дүлий” мэт. Харин ч яг яс юман дээрээ тулвал хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн зөв, шударга хүн ийм байхад ямар нэгэн хариу үйлдэл хийнэ л дээ.

Энэ тухай танай прокурорууд танд хэлж, ярьж өгдөггүй юм уу. Эсвэл та ярьж хэлснийг нь тоодоггүй юм уу.  Нөгөө талаас нь харвал магадгүй, хэн нэгэн эрх мэдэлтэй, таны албаны карьерт нөлөө болохуйц нэгэн нөхөр таныг, ёстой нөгөө загас шигээ дуугай суугаад бай гэсэн юм болов уу.

Жаран тэрбум төгрөгийн авилгын хэрэг. УИХ-ын дарга, тухайн үеийн МАН-ын дарга асан М. Энхболд: -“би ийм зүйлд оролцоогүй, наадах чинь ЭВЛҮҮЛЭГ” гэж хэлээд л болоо юу. Үүнийг нь цагдаа, хууль хүчний ганц хоёр төлөөлөл нэр нүүрээ улалзуулан, нэр төр, алдар хүндээ “баас”- тайгаа хольж хутган, даргынхаа хэлснийг давтан: -“Нээрээ эвлүүлэг байна” гэж мэдэгдээд л дуусах уу. Энэ явдал жаран тэрбумын нөхдүүдийн гэм буруугүйг нотлочихож байгаа хэрэг үү.

Өнөөдөр улс төрийн хүрээнд гэлтгүй цагдаа, шүүх, Прокурорын үйл ажиллагаанд итгэх иргэдийн итгэл 80% болтлоо унаж байгаа тухай дахин дуулгая.

Манай дарга нар бусдыг өөлж, буруутгахдаа соёлт ертөнцийн улс орнуудын эрх мэдэлтнүүд өөрсдөө, эсвэл удирдлагад нь байгаа нөхдүүд мэргэжлийн ур чадвар, ёс зүйн алдаа гаргавал хариуцлагаа хүлээн албан тушаалаасаа өөрсдийн санаачлагаар огцордог тухай нэр устай нь дуудаж байгаад л жишээ авдаг уламжлалтай.

Прокурорын мэргэжлийн дүрмийн 2.3.3-д “гэмт хэргийн шинжтэй, эсхүл илтэд зөрчил үйлдсэн байхад зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй, зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаагаагүй” бол прокурорын мэргэжлийн үйл ажиллагааны алдаа гэж ойлгоно гэсэн байх юм. Энэ дүрэм хэнд хэрхэн үйлчлэх ёстойг би буруу ойлгож, буруу иш татсан байж мэднэ. Уучлаарай.

Харин Монгол улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх та ажлын гараагаа 1987-1988 онд Хөвсгөл аймгийн Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1988-1991 онд Улаанбаатар төмөр замын Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1991-1994 онд Улсын Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, 1994-2001 онд хэлтсийн дарга, 2001-2008 онд газрын дарга, 2008 онд Цагдаагийн Академийн захирал, 2008-2012 онд Цагдаагийн Ерөнхий газрын дэд даргаар тус тус ажиллаж байсан гэж намтар дээр чинь байна.

Энэ хугацаанд таны ажлын ур чадвар, албандаа шударга зүтгэсний төлөө "Цэргийн гавъяаны улаан тугийн одон”, "Цэргийн гавъяаны одон”, Цэргийн болон ойн  медалиуд, "Төрийн албаны тэргүүний ажилтан”, "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан”, "Цагдаагийн байгууллагын хүндэт ажилтан”, "Прокурорын байгууллагын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнажээ.

Гуч гаран жил хуулийн салбарт “шударга хөдөлмөрлөсөн” Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх, Монгол улсын Ерөнхий прокурор та оффшорын асуудал, төсөв, төслийн мөнгийг тэрбум тэрбумаар нь идсэн, цохисон этгээдүүд, албан тушаалын болон авилгын гэмт хэрэгтнүүд, эх орноо сүйрүүлж, гадаадын байгууллагуудад Монгол төрийн нууцыг мэдээлсэн гэмт хэрэгтэн энэ тэрээ байг гэхэд энэ “60 тэрбум төгрөгийн авилга”- ын хэргийн талаар яагаад дуугарахгүй байна вэ. Яагаад.

Эсвэл хэн нэгэн томоохон эрх мэдэлтэн, ямар нэгэн хүчин Таныг дуугарч хэрэггүй, чимээгүй суугаад бай гээд байна уу. Тийм бишсэн юм бол Та нэг дуугараач. Таны удирдаж байгаа прокуроруудын нэр төр, алдар хүнд ард олны дунд яагаад ингэтлээ унаж байгааг ч гэсэн бас нэг тайлбарлаад  өгөөч...

    Г.Гучин-Ес

сэтгэгдэл үлдээх

irgen

  • [192.168.1.1]
  • 22 өдөр

zurgan deer ner us ni baij bnaa

zochin

  • [192.168.1.1]
  • 23 өдөр

nurshuu l bolohoos zuv l helsen bna. yagaad udii boltol duugui baigaad baigaa yum be? shudraga baisan geed l iim olon odon medaliar shagnuulsan yum chini ugee helehgui guriigeed baihaar yum bodmoor l sanagdana.

Зочин

  • [192.168.1.1]
  • 24 өдөр

Ийм урт өгүүлэг дотор энэ гэмт хэрэгтэн прокурорын ажлын биччихэж нэрийг яаагадд бичдэггүй юм. Эрхэм прокурар та гээд бичсэн ч зургийнхан доор нэр хаана бна ямар дутуугаар боддог сэтгэдэг ажилладаг юм монголд хүнийг нэртэй устайгаар нь нэрлэхгүй болохоор эзэнгүй яваад бна бүх гэмт хэрэг бүх юмс эзэнгүй бна. . Гэмт хэрэгтэн гэж сэжиглэдэж бгаагийн нэртэй устай овогтойн хаит бисихээр маш хурдан нэг тиышээ шийдэгддэг юм. Амьдрал ганцхан хүн уншдаг юмуу. Өчнөөн юмнаас бүтдэг амьдрал. Гэмт хэргүүдийг хүн ганцаараа шийддэг юмуу. Овог нэрийн чг зургийнхан доор бичиж бай.

Зочин

  • [192.168.1.1]
  • 24 өдөр

Энэ хүнийг хэн гэдэг юм юу хийдэг юм