Тавантолгойн тавилан хэрхэн зурагдаж байгаа вэ

Тавантолгойн нүүрсний их орд бол зуун дамжин монголчуудыг тэжээх баялаг гэдэг утгаараа Эрдэнэттэй эн дүйцэх “саалийн үнээ”. Тус ордын нөөц 6.4 тэрбум тонн. Үүний 1.8 тэрбум тн нь коксжих нүүрс бөгөөд үлдсэн 4.6 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс юм.

Гэвч энэ уурхайн хөрөнгө оруулалт, аль эсвэл хамгийн боломжит хувилбараар үр өгөөжтэй ашиглах төсөл төлөвлөгөө  саяханыг хүртэл Монголын төрд байсангүй. Тавантолгойн уурхайгаас урд хил рүү чиглэсэн 270 орчим км төмөр замынхаа төслийг тойрон хэрэлдэхээс хэтэрсэнгүй.  Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ уурхайг ашиглах хувилбараа бэлэн болгож, өчигдөр бүлэгтээ танилцуулжээ.  Тухайн  төслийг  УИХ дахь МАН-ын бүлэг дэмжиж байгаа ч харин энэ талаараа мэдээлэл хийсэнгүй.

Ямар нэг мега төслийг амилуулах нь алсдаа барцад ихтэй байдгийг одоо шоронд хоригдож байгаа Ерөнхий сайд асан хоёр нөхрийн жишээнээс харж болно. Тэдний хувьд буруутгагадаж байгаа нь Оюутолгойн гэрээтэй холбоотой гэдэг нь тодорхой байгаа.

Харин өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгойн төслийг хөдөлгөхдөө хожмын эрсдлийг тооцож байгаа байх. Төслийг  Үндэсний Аюулгүй байдлын зөвлөмж гаргуулж УИХ-аар хэлэлцэх юм байна.

Стратегийн ач холбогдолтой салбар ба хожмын болзошгүй эрсдэл

2012 оны сонгуулийн өмнөхөн “SouthGobi Resources” компани болоод Хятадын төрийн өмчит Чалкогийн хооронд далд хэлцэл явагдаж, өмнийн говийн ордуудыг хятадуудад дамлах гэж байсан асуудал илэрч чамгүй дуулиан дэгдэж байсан юм. Энэ асуудлаас болж манай хууль тогтоогчид сандралдаж, сонгуулийн өмнө амжиж Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулийг яаравчлан баталсан удаатай. Тухайн хуулиар гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг 49 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарласан  удаатай. Стратегийн ач холбодол бүхий салбар гэдэгт харилцаа холбоо, банк, санхүү болон уул уурхайн салбарыг багтаасан. Харамсалтай нь ганцхан жилийн дараа буюу 213 оны дөрөвдүгээр сард  Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулсан юм.

Хуулийн өөрчлөлтөөр 100 сая гэсэн босгыг  үгүй болгосон. Бас төрийн өмчийн компани биш л юм бол 49 хувь зэрэг бүх асуудал нь Засгийн газраараа шийдэгдээд явах бололцоог нь нээж өгсөн.

Өөр нэг ойлгомжгүй зүйл нь Монгол Улсад стратегийн салбар гэж байх юм уу, үгүй юу, тэр салбараа яаж хамгаалах гээд байгаа  нь тодорхойгүй үлдсэн. Чухамдаа хуулийн яг энэ заалтаас шалтгаалан Ч.Сайханбилэг Оюутолгойн  далд уурхайн гэрээг УИХ-тай зөвшилцөлгүйгээр Дубайд байгуулчихсан нь одоо  толгойг нь ороож байгаа билээ.  Энэ жишгээр бол Тавантолгойн асуудлыг ч Засгийн газар УИХ-аас гадуур бие даагаад шийдчихэж болох мэт. Гэвч Тавантолгойг хөдөлгөх төслөө УИХ дахь намын бүлэгтээ урьдчилан танилцуулж, удахгүй УИХ-аар шийдвэр гаргуулах болж байна.

 “Эрдэнэс Тавантолгой”-г ашиглах АН-ын хувилбар

“Эрдэнэс Тавантолгой”-д монголчууд бүгдээрээ хувь эзэмшиж байгаа болохоор дундын баялаг.  Өөрөөр хэлбэл энэ компанийн 14 хувийг иргэд, зарим нэг аж ахуйн нэгж, үлдсэн 86 хувийг нь төр эзэмшиж байна.  

Тус ордыг ашиглах тал дээр өнөөгийн УИХ дахь намын бүлгүүд өөр өөр байр суурь илэрхийлж байгаа.  МАН бол тодорхой, Засгийн газрынхаа санал болгож буй хувилбарыг дэмжихээ илэрхийлсэн.

Харин АН-ын бүлэг уг компанийг нийтийн өмчлөлийн болгож, хувьцааг нь 100 хувь иргэдэд шилжүүлэх хуулийн төслийг боловсруулсан. Хэрэв тус компани 100 хувь нийтийн өмчлөлд шилжвэл үүнд тохирох хууль, эрх зүйн орчин одоогоор манайд байхгүй. Компанийн хувьцаа 100 хувь иргэдийн гар дээр очсоноор улсын төсөвт төвлөрүүлэх татвар, шимтгэл нь буурахгүй, харин ч нээлттэй засаглалтай болсноор борлуулалт, менежмент нь улам  сайн болно гэж тооцож байгаа юм.

Засгийн газар ямар хувилбарыг санал болгов?

Монгол Улсын Засгийн газраас  бүлэгтээ танилцуулж  Тавантолгойг цогц байдлаар ашиглах төсөл одоохондоо нийтэд ил тод болоогүй байна. Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээгээр төрийн мэдлийн хувьцааныхаа 30 хувьд IPO гаргаж, гадаадын хөрөнгийн биржээр арилжаална гэжээ. Энэ арилжаанаас 4,7 тэрбум ам.доллар босгох боломжтой гэсэн тооцоо байна. Ингэснээр  олон улсын хөрөнгийн бирж дээр гарах Монголын анхны төрийн өмчит компани болох юм. Хамгийн гол нь өрийн  дарамтгүй, өөрөөр хэлбэл зээлээр биш, бондоор биш их хэмжээний хөрөнгийг богино хугацаанд босгох боломжтой. Харин энэ мөнгөөрөө Гашуунсухайт  болон зүүн чиглэлийн төмөр зам, авто зам, Тавантолгойн цахилгаан станц,  нүүрс боловсруулах үйлдвэр, нүүрс химийн үйлдвэрээ барих  юм байна. Энэ төсөл хэрэгжснээр Тавантолгойн бүлэг ордоос одоо олборлож экспортолж байгаа 17 сая тонн нүүрсийг 110 сая тонн болгож нэмэгдүүлнэ гэсэн тооцоолол бий.  Хэрэв энэ бүхэн тооцсоноор явбал эдийн засаг  жинхэнэ утгаараа тэлэхээс гадна иргэдийн эзэмшиж буй хувьцааны үнэ цэнэ нэмэгдэнэ.

 

П.Булган

сэтгэгдэл үлдээх