ОДОНТОЙ ЭХЧҮҮДИЙН ЖАГСААЛ БОЛНО

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээ уламжлал ёсоор тусгай хөтөлбөрийн дагуу аймгийн төв талбайд явагдана. Нээлтийн арга хэмжээ, баярын жагсаал, урлагийн тоглолт, олон төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулагдахаас гадна энэ жил анх удаа одонтой эхчүүдийн жагсаал болохоороо онцлог юм. Энэ жил алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одонг шинээр 66 ээж авахаар болжээ.

“Хүүхдийн баярын өдөр олон сайхан арга хэмжээнүүдийг хийхээр төлөвлөөд байна. Баярын нээлтийн үеэр “Хүүхдүүд бид үүнийг л хүснэ” сэдэвт илтгэлийг сонгогдсон хүүхдүүд маань тэнд цугласан олны өмнө танилцуулах юм. Үүгээр дамжуулж бид хүүхдүүд яг юу хүсч, мөрөөдөж байна гэдгийг мэдэж авах боломжтой. Үүн дээрээ тулгуурлаад хүүхэд рүү чиглэсэн цаашдын ажлаа төлөвлөх юм. Дараагийн нэг онцлог нь бид аймгийн Сийлэнгоо эмэгтэйчүүдийн групптэй хамтран одонтой эхчүүдийн жагсаалыг хийхээр бэлтгээд байна. Энэ ажил маань бас анх удаа гэдэг утгаараа олны таалалд их нийцэх болов уу гэж бодож байна. Баярын бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.” хэмээн аймгийн ГБХЗХГ-ын соёл, урлаг хариуцсан мэргэжилтэн Л.Нарантуул хэллээ.

Мөн машингүй өдөр арга хэмжээг аймгийн Замын цагдаагийн тасгаас 06 дугаар сарын 01-нд буюу баярын өдөр зохион байгуулахаар болжээ. Энэ өдөр аймгийн төвийн нэг, хоёрдугаар тойргийн замуудыг хааж, авто машины хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон талаар мэдээлэл өгсөн юм.

Монгол Улс 66 дахь жилдээ хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил улс орон даяар өрнөж байгаа “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” аяны хүрээнд Хүүхэд бүхэн гэр бүлдээ жаргалтай гэсэн уриан дор тэмдэглэхээр болжээ.  

Т.Одончимэг

сэтгэгдэл үлдээх